sonin.mn
Монгол түмэн шинэ Ерөнхийлөгчөө ажиглаж байна. Сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрыг нэг байгаасай гэж хүсч байгаа.
 
Тэрээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө хоёр л том амлалтыг өгсөн. Эхнийх нь ард түмний дургүйцлийг хүргэж, Монгол төрийг хүчгүйдүүлсэн, үнэгүйдүүлсэн 60 тэрбумын бичлэгийг хуулийн дагуу шалгаж, үнэн мөнийг тогтооно гэсэн. Хоёр дахь, өнөөдрийн монгол хүн бүрийн зовлон болж буй өрийг цайруулна гэж амлаж байв.
 
Ерөнхийлөгч Х.Баттулга эхний амлалтаа биелүүлэхээр анхны алхмаа хийлээ. Тэрээр өнгөрсөн даваа гаригт АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг дуудаж уулзан 60 тэрбумын асуудлаар мэдээлэл авч, чиглэл өглөө.
 
Ерөнхийлөгч АТГ-ын даргаас иргэн Г.Доржзодовоос байцаалт, мэдүүлэг авсан эсэх, Ц.Сандуйг хорьж шалгахгүй бол дээрээ хамгаалалттай, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл гаднын байгууллагуудаар 60 тэрбумын бичлэгийг бодит болохыг тогтоолгосон тухай хэлсэн.
 
Мөн энэ асуудлаас болж АТГ-ын байх үгүйг ч ярьж болно хэмээн айлгаад авна лээ. Эцэст нь өөрийгөө нэр дэвшиж байх үед өгсөн өргөдлийн хариуг хэзээ өгөхийг асуув.
 
Харин АТГ-ын дарга Х.Энхжаргал “...60 тэрбумын асуудалтай холбогдолтой асуудал долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчлэх  хуулийн заалтыг мөрдөж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг мөрдөж ажилласан. Өөрөөр хэлбэл Ерөнхий прокурор өөрийн эрх мэдлийнхээ хүрээнд  байцаан шийтгэх хуульд зааснаар 21 хоногийн хугацаанд нэмэлт мате­риал цуглуулж болдог. Таны зургадугаар сарын 5-д өргөдөл өгсний дагуу шал­галтаа эхлүүлсэн. Нийслэлийн прокурор тогтоол гаргасан. Энэ тогтоол дээр АТГ болон ТЕГ, Цагдаагийн байгууллага,  Мөрдөн байцаах газрын дарга, мөрдөн байцаах хэлтсийн дарга нарыг оруулсан ажлын хэсэг 21 хоногийн хугацаанд томилогдсон. Энэ 60 тэрбумтай холбоотой асуудлыг гурван төрлөөр шалгаж байгаа. Нэгдүгээрт, төрийн эрхийг авч байна уу. Энэ дотор дурдагдсан хар машин гэх мэт зүйлс байгаа. Энэ болгоныг ТЕГ шалгаж байгаа. Бичлэг хуурамч уу, жинхэнэ үү гэдгийг цагдаагийн  байгууллага шалгаж байгаа. АТГ 60 тэрбум төгрөгийн авлига авсан уу гэдгийг шалгах үүрэг өгсөн. Энэ үүргийн дагуу 14 хоногийн хугацаанд бид орон нутагт хөлгүй учраас  орон нутгийн болон нийслэлд хийгдэж байгаа шалгалтуудыг цагдаагийн байгууллага шалгасан. 80 хүнийг асууж байцаасан. АТГ төрийн өндөр албан тушаалтнууд болон яамдын газрын дарга нар гэх мэт 130 хүнийг шалгасан. Хуульд заасан хугацаа ийм байдаг. Дахиад цааш нь үргэлжлүүлэх эрх байхгүй. Эрхийнхээ хүрээнд яг тэр байгаа хугацаанд нь бид шалгаад хариуг Нийслэлийн прокурорт хүргүүлсэн. Хүргүүлэх тоолондоо бид ийм шалгалтуудыг хийж байна. Одоогоор тогтоогдсон зүйл алга цаашид шалгалтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэсэн заалт өгсөн. Бид байцаалт явуулж болдог хугацаанд түүнийг нь хийгээд бусад хуульд заасан шалгалтуудыг өөр дарга хариуцаад явж байна. Одоогоор танд энэ нь үнэн байна гэсэн зүйл танилцуулах боломж байхгүй байна. Одоогоор бид тогтоож чадаагүй байна. Дурдагдсан асуудлын тухайд ярианы бичлэг байгаа учраас тодорхой нэг тэр, энэ гэж заасан хүн байхгүй учраас нийтэд нь үзэж байна.
 
Таван мянга гаруй албан хаагч, тодорхой нэг хэсгийг нь үзсэн байгаа, хүснэгттэй. Сайд, дэд сайд гэснээс үзэхэд энд гурван мянга гурван зуу орчим албан хаагч энэ хүрээнд хамрагдаж байгаа. Бид бүхэн тэр хугацаанд энэ хүрээнээс 130-ыг нь шалгасан” гэв. Мөн тэрээр “...Ерөнхийлөгчөө, би танд нэг жижиг тайлбар хэлэх үү. Энэ бол УЕП-ын бүрэн эрхийн асуудал. Тэгэхээр хуульд заагдаад түрүүнд хэлсэнчлэн долдугаар сарын 1-нээс өмнө үйлчилж байсан өмнөх Эрүүгийн байцаан шийтгэх хууль дээр заахдаа 19 хоногийн дотор шалгаад аль нэг шийдвэрийг гаргах ёстой. Эрүүгийн хэрэг үүсгэнэ, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзана, харьяаллын дагуу шилжүүлнэ гэсэн гурван шийдвэр л гаргадаг, өөр шийдвэр гаргадаггүй. Энэ нь өөрөө 2016 онд хийгдээд шийдэгдсэн учраас дахиж 10 хоногийн дотор давж заалдах ёстой. Давж заалдаагүй учраас энэ хэрэг үндсэндээ хаагдчихдаг. Хаагдсан хэрэг дээр 21 хоногийг Ерөнхий прокурор өөрөө шийд гаргаад сунгадаг. Тэр 21 хоногоо сунгачихсан. Одоо хийгдээгүй үйл ажиллагаан дээр  бид АТГ-ын өөрийн Авлигын эсрэг хуулийн дагуу  өөрсдийнхөө хэмжээнд хуульд заагдсан зарим төрлийн арга хэмжээг авах эрх бий. Өөрөөр хэлбэл, далд гэсэн үг. Илээр байцаах, шалгах ямар нэг үйл ажиллагаа явуулах эрх бидэнд байхгүй. Цагдаагийн, тагнуулын байгууллагад ч байхгүй. Тэгэхээр Байцаан шийтгэх хууль дээр өөрчлөлт орж байж үүнийг дахин шалгадаг болгох өөр зохицуулалт орж ирвэл энэ хэргийг дахин шалгана. Ийм зохицуулалт орохгүй бол ямар нэгэн хуулийн байгууллага аль нь ч адилхан үйл ажиллагаа явуулах эрх байхгүй. Тэгэхээр ийм зохицуулалт байгаа учраас одоо би танд дахиад шалгая, байцаая, асууя гэж хэлэх хуулийн боломж байхгүй” гэсэн.
 
Өөрөөр хэлбэл, АТГ-ын дарга Х.Энхжаргал хуулийн заалтуудыг Ерөнхийлөгч Х.Баттулгад тайлбарлаж өгсөн юм. Эндээс үзэхүл, 60 тэр­бумын асуудлыг шалгаад дууссан гэж байна.
 
Харин Ерөнхийлөгчийн хоёр дахь амлалтыг өчигдөр хэсэг иргэд хэвлэлийн бага хурал хийж санууллаа. Энэ талаар Ерөнхийлөгч ямар нэг ажил эхлээгүй байгаа юм. Харин түүнийг энэ амлалтаасаа ухрах гэж байна гэж иргэд үзээд эхэлжээ.
 
Үүнээс гадна Ерөнхий­лөгчийн тамгыг хүлээж аваад хамгийн түрүүнд Элчин сайд С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татах шийдвэрийг гаргасан. Гэтэл өнөөдөр энэ асуудал нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон нарын хоорон­дын бичиг шидэлцсэн, үл ойлгогдох асуудал болж хувираад байна.
 
Мөн Ерөнхийлөгч улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаатан саднуудыг 49 хоногийн дотор оффшорт байгаа хөрөнгөө Монголд оруулж ирэх уриалга гаргав. Хэрэв оруулж ирэхгүй бол олж илрүүлээд хуулийн дагуу арга хэмжээ авна гэлээ. Ерөнхийлөгчийн энэ уриалгын дагуу хэдэн хүн оффшороос хөрөнгөө оруулж ирэх бол гэдэг сонирхолтой л юм.
 
Энэ мэтчилэнгээр Ерөн­хийлөгч Х.Баттулгын хийсэн алх­мууд ямар нэг хана мөргөөд л зогсч байна. Цаашид хэрхэн шийдэгдэх гаргалгаа харагдахгүй, бүрхэг үлдээд байгаа юм. Уг нь ард түмэн түүнээс дорвитой шийдэл, ажил хэргийг л хүлээж байгаа. Гэвч дуутай тэнгэр хургүй гэдэг шиг Ерөнхийлөгч Х.Баттулга санаачлаад эхлүүлдэг ч ямар нэг шийдэлд хүрч чадалгүй зогссоор байна.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин