sonin.mn
Өмнөд Монголын малчид булаагдсан бэлчээр нутгийнхаа төлөө бүхий аргаар тэмцээд үр дүнд эс хүрэхийн учир Дээд шүүхэд давж заалдахаар Хөх хотод төлөөлөгчдөө илгээгээд байна. Тэдний нэг болох Ургамал бүсгүй: “Аав ээж минь хууль бусаар бэлчээр нутгаа булаалгаснаас хойш 20 жил өнгөрлөө. Гэвч шударга ёс гэж байсангүй. Энэ бүхнийг эцэс болгохын төлөө Хөх хотод хүрлээ. Адил зовлон бэрхшээлтэй олон хүний асуудлыг тээн бид Дээд шүүхэд хандаж байна” гэж хэлэв. Янз бүрийн аймаг хошууны малчид санаа нэгдэн ирээд байгаа юм. Тэдэнд, Өмнөд Монголын сод тэмцэгч Хадаагийн гэргий Шинээ сайн тусалж зөвлөж байна.
 
Үүний өмнө, 7-р сарын 12-нд Ордосын Хангин хошууны 400 ард суулт хийсэн. Тэднийг цагдаагийн хүчээр тарааж, 3 хүнийг баривчилж, 1 хүүхдийг бэртээж гэмтээсэн байна. Тэд Хангин хошууны малчин ардуудыг 2007-2008 онд хүчээр нүүлгэсэн, засгийн газар ингэж нүүлгэснийхээ дараа 70 ам метр тохилог сууц, ажил олгоно гэх зэрэг амлалтаа биелүүлээгүй өдий хүрснийг эсэргүүцжээ.
 
Хошууны хүн амын 1/3-ийг албадан нүүлгээд, засгийн газар нүүрс, уран, хий, гөлтгөнө, глауберийн давс зэрэг байгалийн баялгийг цөлмөн ашиглах болсон хэрнээ, малчдад хохирлын нөхөн олговрыг амласныхаа дагуу өгөөгүй байна. Энэхүү тэмцэлд дэлхийн олон нийт анхаарлаа хандуулахыг Шинээ уриалжээ.
 
Мөн Германд суугаа Өмнөд Монголын их хуралдайн тэргүүн Тэмцэлт “Ойр хавьд гараагүй том эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөлөө. Энэ нь малчин ардын амьдрал ямар хэцүү байгааг илтгэж байна. Хятадын нам засаг яаралтай зохих шийдвэрийг гаргаж ажиллах ёстой. Малчид үймээн самуун өдөөгөөгүй, тэд хүн шиг амьдрахыг хүсч байна” гэж дүгнэн хэлжээ.