sonin.mn
МАН-д сонгуулийн дараачаас  халаа, сэлгээ явуулна гэсэн яриа гарах болсон. Ээлжит операц өчигдөр  Засгийн газрын ээлжит хуралдаанаар  эхэллээ. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай тогтоолыг гэнэт оруулж ирж шийд­вэр­лэжээ. Түүнийг ямар үн­дэслэлээр ажлаас чө­лөөл­сөн нь бүрхэг бай­на. Нэгэнт ажлаас чөлөөлж буй учир хоёр өгүүлбэр тавих зайлшгүй шаардлага гарсан уу, яарч гаргасан шийдвэрээ цаасан дээр баталгаажуулах үедээ “Баг, хамт олонтойгоо нэгдэж ажиллаж чадаагүй” гэх нэг өгүүлбэр олж тавьсан сурагтай. Б.Баярсайханыг салбарын өмнөх сайд Ж.Батсуурьтай шударга, зарчимчаасаа болж тодорхой асуудлууд дээр байр суурь нийлэхгүй  байсан гэлцдэг. Тэгэхээр салбарын хамт олонтойгоо баг болж ажиллаж чаддаггүйдээ биш, яг үнэндээ бол Б.Баярсайханы шударга, зарчимч чанар нь Ардын намын зарим нөхдөд  таалагдаагүй бололтой. Тэр эсрэгцэл нь яван явсаар ийм байдалд хүрч буй аж. Төрийн нарийн бичгийн дарга гэдэг төрийн жинхэнэ албан хаагч. Төрийн албан хаагчийг ажлаас халж чөлөөлөхдөө Төрийн албаны зөвлөлөөс санал дүгнэлтийг авсан байх ёстой гээд хуулийн дагуу хийгдэх ёстой процедур гэж бий. Гэтэл МАН-ын Засгийн Ерөнхий сайдаасаа илүү эрх мэдэлтэй зарим нэгэнд хууль энэ тэр хамаагүй гээд шийдчихэж байгаа сурагтай.
 
МАН дахь бүлэглэлүүд эрх мэдлийн төлөөх тэмцлийнхээ золио болгон Засгаа тарааж магадгүй гэх мэдээлэл сонгуулийн өмнөөс хэвлэлээр гарч байсан. Хэн нь хэнээсээ илүү эрх мэдэлтэй, хүчтэй байна вэ гэдгээ харуулах гэсэн тэмцлээ МАН-ын эрх мэдэл бүхий албан тушаалтнууд Төрийн нарийн бичгийн даргыг томилж, чөлөөлснөөр харуулж байна гэдгийг ажиглагчид тэмдэглэж байна. Товчхондоо бол, МАН-д өрнөж байгаа эрх мэдлийн төлөөх тэмцлийн эхний золиос нь Б.Баярсайхан болж байна.
 
Боловсролын яамны хуучин сайд, өчигдөр чөлөөлөгдсөн төрийн нарийн бичгийн дарга нартай холбоотой яригдаад байгаа зүйлийн цаана нэг юм байна. Юу вэ гэвэл, Төрийн нарийн бичгийн дарга гэдэг хүн сайдынхаа өөдөөс хууль дүрэм журам ярьж чаддаг байна гэдэг манай төрийн албанд бас шинэ үзэгдэл, шинэ хандлага. Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан сайд Ж.Батсуурийнхаа өөдөөс хууль журам ярьснаараа тэр хүнийг ч өөрийг нь хууль зөрчихөөс хамгаалж байсан гэдгийг мартаж болохгүй. Сайдын өөдөөс хууль ярьж чадаагүй төрийн албан хаагчид эцэстээ АТГ-ын үүд сахиж байгааг өнгөрсөн дөрвөн жилийн АН-ын бэлэн жишээ зөндөө байна.
 
БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга болохоос өмнө Б.Баярсайхан “Ийгл” телевизийн Гүйцэтгэх захирлын албыг хашиж, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, удирдлагын чиглэлээр 15 жил ажилласан гэдэг намтар байна. Бүр  “Авлигын эсрэг аян” өрнүүлж байсан хүн аж. Яг өнөөдөр  авлигын эсрэг аян өрнүүлж, шударга ёс, хууль ярьдаг хүн яаж МАН-ын шалгуурт нийцэж ажиллах вэ дээ.
 
МАН хууль, шударга ёс ярьдаг хүмүүсээ жийж эхэллээ.
 
Л.Хэрлэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин