sonin.mn
Монгол даяар өнөө үед нийгмийн нэгэн үзэгдэл давалгаалж буй нь оффшорчдыг эсэргүүцэх хөдөлгөөн юм. Хөдөлгөөний цар хүрээ: 30 гаруй ТББ, цахим сүлжээгээр 100000 гаран дагагчтай цахим ертөнц, УИХ-ын гишүүдийн бүлэг гэх мэт олон бүтэц бий болжээ.
Эдгээр нь оффшор данстангуудыг мөнгөө буцаан авчрах шаардлага тавьж буй нь улс төрч, нийгмийн зүтгэлтэнүүд, ТББ, гэх мэт байгууллагууд хурц өнгө аястай байгаа өнөө үед өөрийн санаагаа илэрхийлэхийг зорьлоо.
Оффшор данс нь дэлхийн эдийн засгийн санхүүгийн хөгжлийн дагуу бий болсон банкны жам ёсны шинэ үйлчилгээ юм.
Банк бол эдийн засгийн мөнгө-санхүүгийн процессийн хөгжлийн зүрх өөрөөр хэлбэл нийгэмд хуримтлагдан бий болсон мөнгө хэмээх цусыг шахан гүйлгэдэг хөдөлгүүр бөгөөд оффшор данс бол шинэ загварын хөдөлгүүрийн нэг чухал деталь.
Эдийн засгийн динамик хөгжлийн зарчим бол нэг зуун долларыг хэтэвчиндээ нэг хоног хадгалах биш хөдөлгөөнд оруулж зогсоо зайгүй эргэлдүүлэх явдал билээ. Үүнийг мөнгө байнгын хөдөлгөөнд оршино гэж тодорхойлсон.
Уг хөдөлгөөнийг итгэн хариуцуулсан, хувийн нууцыг хадгалах баталгаа гаргадаг санхүүгийн байгууллага бол банк. Хэдийгээр эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ололт гэгдэх зарим сэтгүүлчийн Панамын оффшор дансыг нийтэд дэлгэн, дэлхийг шуугиулж байгаа хэдий ч энэ нь харилцагчийн нууц хадгалах банкны системийг улам сайжруулах болно.
Монгол улсын иргэд 17 тэрбум, заримдаа 20 тэрбум гэхчлэн мөнгөн дүнг ёстой санааны дураар нэрлэнэ. Гэвч албан ёсны тоо баримтыг хэн ч олж чадахгүй бөгөөд сэтгүүлчдийн дээрх мэдээлэл бол хөшигний захаар хальт шүргэсэн хэрэг юм.
Англи улсын капиталын анхны хуримтлал бол хатан хааны даалгавраар хийсэн ахмад Дреикийн далайн дээрэм байсан бөгөөд өнөө цагийн монголчуудын хуримтлалын төлөөх тэмцэл, Орос болон БНХАУ-ын улс төрчид , төрийн албан хаагчдын төрийн мөнгө завшсан дуулиант хэрэг бүхэн энэ зүй тогтлын дагуу өрнөж байгаа процесс юм.
Дэлхийн зарим улс оронд улс төрчид ард түмний мөнгө идсэн, завшсан гэж нэхэл хийдэг ч үнэндээ тэрхүү мөнгө буцаж ирсэн түүх бараг байхгүй бөгөөд үр дүн нь эцэс төгсгөлгүй хэрүүлийн алим болсоор л байна.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2013 онд төрийн өндөр албан тушаалтануудыг оффшор дансанд хийсэн мөнгөө буцаан авчрах тухай зарлиг гаргасан бөгөөд 2016 оны байдлаар зарим нэг оффшор бүсээс хамгийн их гэгдэх нь 1,9% буцаж ирсэн тухай мэдээлэл хэвлэлд нийтлэгдсэн.
Оффшор дансанд дахь мөнгөний хэмжээ тодорхой байвал эзэн нь тодорхойгүй, учир нь улс төрчдийн хэн ч тодорхой болгон нэрлэж чадахгүй, харин эзэн тодорхой байвал тэр мөнгө яасан болох нь тодорхойгүй үлдэх ажээ, өөрөөр хэлбэл эзнийг шийтгэх боловч мөнгө хаачсан нь /хөдөлгөөн/ тодорхойгүй үлддэг.
Мөнгөн хуримтлал ажил хийх чадвартай нь биетийн потенциал энергитэй яг адил юм. Уулын оройд орших чулуу потенциал энергитэй учраас ажил хийх чадвартай. Энерги шинээр бий болгохгүй, энергийн нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт хувирах ба хэзээ ч устаж үгүй болохгүй бөгөөд санхүүгийн механизмаар дамжин нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт энерги шилжихийн адил шилжин хөдөлж байдаг.
Банк санхүүгийн байгууллагын үсрэнгүй хөгжлийн нууц нь нийлмэл хүүний гайхамшиг бөгөөд физикт масс энергийг холбоог олж тогтоосонтой адил чухал ач холбогдолтой нээлт болжээ.
Физикийн тулгуур хуулийн нэг болох термодинамикийн 1 хууль: энерги хэзээ ч устахгүй ба мөн шинээр бий болохгүй.
Энэхүү энерги хадгалагдах хууль, эдийн засагт мөн хүчинтэй. Өөрөөр хэлбэл мөнгөн хадгаламж устаж алга болохгүй нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжинэ гэсэн үг юм.
Уулын бэлд хонхор газар байрлах чулуу тогтвортой байрлалаа олсон байдаг шиг эдийн засгийн хүрээнд татвар, хуримтлалын хамгийн таатай орчин бүрдүүлсэн тохиолдолд эдийн засгийн агентууд хамгийн тогтвортой хөгжлийн төлөвт оршино. Чухам оффшор данс, оффшор бүс энэ нөхцлийг хангаж байдаг.
Оффшор дансны олгож буй нөхцөл:
Татварын хөнгөлөлт, нууцаар бизнес эрхлэх таатай боломж, валютын хязгаарлалтгүй, бүртгэлтийн шаардлага бага, компанийн засаглалын шаардлага байхгүй, дээд зэргийн нууцлал гэх мэт юм.
Термодинамикийн 2-р хууль болох температур ихтэй биетээс температур багатай биет тийш тэгширтэл дулаан дамжих хууль юм. Үүнийг физикт энторпи хэмээх ухагдахуунаар илэрхийлдэг.
Эдийн засагт мөн энторпи оршин байх ёстой болж байна. Өөрөөр хэлбэл нэг чиглэлд шилжсэн эдийн засгийн аливаа үзэгдлийн хувьд буцах процесс байх боломжгүй.
Банкинд орсон мөнгөн хуримтлал энторпи зарчмаар тодорхой чиглэлд хөдлөх бөгөөд буцах боломжгүйд оффшор дансны хамаг учир оршино.
Оффшор дансанд орсон мөнгө буцаж эргэх процесс боломжгүй нь санхүүгийн өөр хэлбэрт шилжсэн явдал юм.
Оффшор дансны маш түгээмэл хэрэглээ бол хөрөнгө оруулалт байдаг. Дэлхийн эзийн засагт гадаадын шууд хөрөнгө оруулалтын ихэнх нь оффшор бүсээс хийгддэг бөгөөд монгол улсад орж ирсэн гадаадын шууд хо-ын 85% орчим нь чухам энэ бүсээс хийгдсэн байдаг.
Ийнхүү термодинамикийн хууль ёсоор эдийн засгийн энторпи оршин байх бөгөөд мөнгөн хуримтлалын хөдөлгөөний чиглэл заах тул оффшор дансны эсрэг тэмцэл бол бараг үр дүнгүй.
Өөрөөр хэлбэл оффшор данснаас анхны хуримтлалыг буцаах тухай яриа бол үл гүйцэлдэх хэрэг юм.
1. Эдиин засгийн онолд термодинамик хууль хэрэглэсэнээр оффшор дансны энторпийг тогтоох боломжтой. Өөрөөр хэлбэл оффшор дансанд орсон мөнгө анхны хэлбэрээрээ буцаж гарах боломжгүй.
2. Мөнгөн капиталын хөдөлгөөнийг физикийн гол хуульд тулгуурлан судлах тайлбарлах боломжтой.
 
Ж. Ариунболд /САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ/ Ph.D