sonin.mn
Хүний амьдралд хэд хэдэн суурь хэрэгцээ байдаг. Тэрний нэг нь ажил хөдөлмөр эрхлэх. Энэ нийгэмд хүн шиг амьдрахын тулд өөрийн хүссэн, хийж чадах мэргэжлээ эзэмшиж, түүнийхээ дагуу ажил хөдөлмөр эрхэлдэг. Ажил хийж, цалин авч, өөрийн санхүүгийн баталгааг бий болгосноор хүн наад захын хэрэгцээгээ хангаж, амьд явна шүү дээ. Ажлын байр гэдэг идэвхтэй амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлдэг чухал газар. Амжилттай, үр бүтээлтэй ажиллахад ажлын байрны орчин, хамт олны уур амьсгал  чухал нөлөөтэй гэдгийг  хэн хүнгүй л мэддэг.
 
Харамсалтай нь сүүлийн жилүүдэд ажлын байрны дарамт, тэр дундаа бэлгийн дарамт хэрээс хэтэрч хүний амь насанд ч хүрэх болсныг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай сонсч байна. Сүүлийн жишээ гэвэл “Сохо мебель” компанийн ажилтан 22 настай бүсгүй амиа хорлосон хэрэг юм. Өөр нэг нь жил гаруйн өмнө Төв аймгийн Баянчандмань суманд болсон хэргийн талаар хэвлэлээр бичиж, хэсэг шуугиад өнгөрсөн. Гэмт хэрэг үйлдэгч мунаг дарга ял авсан ч, зүв зүгээр ажлаа хийж явсан эмэгтэй бие эрхтэн, сэтгэл санаа, эдийн засаг, ажил, нэр хүнд гээд бүх зүйлээрээ хохироод үлдсэн. Хамгийн харамсалтай нь тэрээр одоог хүртэл олон удаагийн хагалгаанд орж, эмчлүүлсээр яваа бөгөөд  залуу эмэгтэйн хувиар эх болж, хүүхэд төрүүлж чадах эсэхийг нь  эмч нар ч хэлж мэдэхгүй байгаа юм.
 
Ажлын байрны бэлгийн дарамт гэдэг зүйл манайд огт байгаагүй биш. Далд хэлбэрт буглаж, биежиж, зүсээ хувиргаж, олон арга мэхтэй болсоор ирсэн нэгэн төрлийн хүчирхийлэл бөгөөд үүнийг чимээгүй тахал ч гэж нэрлэдэг байна.
 
Гадны улс орны хувьд 1970-аад оноос яригдаж, олон арга хэмжээнүүд явагдаж Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын зүгээс анхаарч гэрээ конвециудад тусгаж ирсэн бол 2002 оноос хойш манай улсад ажлын байрны бэлгийн дарамтаас сэргийлэх, хориглох талаар ярьж, олон нийтэд хүргэж, асуудлыг ил гарган хөндөж тавьсан.  Монгол улсад 2011 онд батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зэрэг зүйл заалтуудыг тусгасан бөгөөд эрх нь зөрчигдөж хохирогч  болсон гэж үзэж байвал өөрийн гомдлоо энэхүү хуулинд зааснаар Хүний эрхийн Үндэсний Комисст гаргана. Гэвч жендэрийн хуулийн маань хэрэгжилт сул, сурталчилгаа байхгүйн улмаас тэр бүр хуулийг дагаж мөрдөхгүй байна.
 
Тиймээс ажлын байр­ны бэлгийн дарам­тыг хориглох, урьд­чилан сэргийлэх та­лаар тодорхой заалтыг Хөдөл­мөрийн харилцааны тухай шинэчлэн най­руулж буй хуулийн төсөлд нэмж тусгах нь өнөөд­рийн тулгамдаж буй асууд­лыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байгаа талаар АББД-ын эсрэг тэмцэх ТББ-уудын Эвслээс тус хуулийг боловсруулж буй Хөдөлмөр, Нийгмийн Хамгаалалын яамны ажлын хэсэгтэй зөвлөл­дөх уулзалтыг зохион байгуулсан юм. Энэхүү зөвлөлдөх уулзалтад Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн ажлын хэсгээс гадна Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх ТББ-уудын эвслийн гишүүн байгууллагууд, МҮЭ-ийн хорооны салбар, зөвлөлийн төлөөлөл оролцож, өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиудын сул тал болон  бусад холбогдох  хуультай уялдаа холбоог сайжруулах, болон зайлшгүй тусгах хэрэгцээ шаардлага байгааг өмнө нь гарсан бодит байдал дээр үндэслэн тайлбарлаж, өөрсдийн зүгээс  зарим заалтуудын томъёололыг танилцуулсан. 
 
Сүүлийн гурван жилийн байдлаар ХЭҮК ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой 21 гомдол хүлээн авч, холбогдох зөвлөмж шаард­лагыг аж ахуйн нэгж болон албан байгууллагууд нь  хүргэдэг ч дорвитой үр дүн гараагүй талаар ХЭҮК-ийн ахлах  мэргэжилтэн З.Мөнхзул ярьсан юм. Учир нь ажлын байрны бэлгийн дарамтыг голдуу ажил олгогч буюу илүү эрх мэдэлтэй этгээд  үйлддэг. ХЭҮК шууд хариуцлага тооцох эрх хэмжээ байдаггүй учраас хэрэгтэнг дуудахаар ирдэггүй, энэ үйлдлээ зогсоох, арилгах зөвлөмж шаардлага хүргүүлэхээр биелүүлдэггүй. Хамт олон нь ч мэддэг хэрнээ ажилгүй болохоос айснаас ихэвчлэн  хэлдэггүй байна. Хуулийн хүрээнд хэдийгээр өргөдөл, гомдлыг нь хүлээн авч байгаа ч  үйлдсэн этгээдийг торгох, шийтгэх эрх ХЭҮК-т байдаггүй учраас энэ хэрэг шийдэгдэж  чадахгүй байсаар байна гэв.
 
Зөвлөлдөх уулзалтад оролцсон талууд маань харилцан бие биеэ сонсож, санал бодлоо хуваалцснаар  сэтгүүлч минийхээр бол хөдөлмөрийн  хуульд хоёр гол асуудлыг тусгахаар зөвшилцөлд хүрсэн юм.  Нэгдүгээрт, ажлын байранд бэлгийн дарамт үйлдсэн этгээдэд хариуцлага тоо­цох, хариуцлагын төр­лийг бий болгох юм. Хоёр­ду­гаарт, Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн нэр томъёоны тайлбарт оруулсан  “Бэлгийн дарамт”-ын тодорхойлолтыг нэмж өөрчлөх, мөн ажил олгогч болон ажилтны урьдчилан сэргийлэх, хориглох, гарсан тохиолдолд авах арга хэмжээг тус бүрт нь тодорхой өгөх ёстой. Хөдөлмөрийн тухай  хууль  бол  ажил хөдөлмөр эрхлэж буй ажилтны хамгийн чухал суурь  хэм хэмжээг тогтоож эрх, үүрэг, хариуцлагыг зааж өгдөг учраас энэ хуульд тусгах нь зүйтэй гэдгийг ХЭҮК-ийн ахлах мэргэжилтэн З.Мөнхзул ярьлаа. 
 
Хохирогч хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлаар Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясах ярихдаа ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хохирогч амиа алдах, эрүүл мэнд, сэтгэл санаагаар мөн  эдийн засгаар хохирох, ажлын байргүй болох, гэр бүл, хамт олон нь буруутгах, оршин суугаа орон нутагтаа ч  нэр хүндгүй болох зэрэг олон эрсдлийг үүрч байдгийг онцлов. Хэрвээ хүчингийн гэмт хэрэг үйлдсэн бол ял шийтгүүлэх  ч ажлын байр дахь бэлгийн дарамтыг  үзүүлж байна гэх, мөн бэлгийн харьцаанд орсныг нотлох баримтыг бүрдүүлэх боломжгүй байдаг тул үйлдэгч этгээдийг шийтгэх хууль эрхзүйн зохицуулалт байдаггүй. Мөн нийгмийн хандлага хохирогчийг буруутгадаг байдал зонхилж байгаа нь энэ талаар иргэдийн ойлголт, мэдээлэл хангалтгүй мөн жендэрийн тогтсон хэвшмэл ойлголтууд ч нөлөөтэй байгааг  гэдгийг дурьдлаа. Мөн үүний цаана эрх мэдлийн тэнцвэргүй байдал бас давхар нөлөөлж байна.  Хохирогч дарамтаас болоод тухайн ажлаасаа гарсан ч ажил олгогч дахин өөрийн тааллаар шинээр ажилтан авч  байдаг тул энэ эрх мэдэлтэн этгээд энэхүү бусармаг, эмэгтэйчүүдийг дорд үзсэн үйлдлээ үргэлж­лүүл­сээр л байх болно. 
 
Ер нь ажлын байрны бэлгийн дарамт бүх шатны байгууллага, хувийн хэвшилд байгаа бөгөөд тэр дундаа олон эрчүүдтэй ажилладаг эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байгааг хэлсэн юм. Мөн боловсролын орчинд эмэгтэй оюутан сурагчид ч эрэгтэй багш нарын бэлгийн дарамтад өртөж, жирэмсэлсэн тохиолдол цөөнгүй байгаа нь судалгаагаар гарчээ. 
 
Тиймээс энэ маягаараа хохирогч хохирсоор байгаа энэ байдлыг өөрчлөхийн тулд Хөдөлмөрийн хуульд ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, урьд­чилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар тусгах нь зүйтэй гэдэг­тэй уулзалтад оролц­сон талууд санал нэгдэж байлаа.
 
Эмэгтэйчүүдийн хөдөл­мөр эрхлэх нь хүний эр­хийн үндсэн үүрэг хэмээн дээр дурьдсан. Гэтэл сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар (энэ асуудлаар нийтдээ зургаан удаагийн судал­гаа хийсэн, хамгийн сүүлд 2015 онд онлайн хэл­бэрээр нийт 750 гаруй иргэнийг хамруулсан байна) ажлын байрны бэлгийн дарамтын хэрэг ихэсч байгаа нь нэг талаасаа ил гарч, мэдээлэгдэж байгаа­гаараа сайн ч нөгөө талаас ил болох тусам нууцлах арга нь нарийсч, үүнээс үүдэн амиа хорлох, амиа алдах тохиолдол нэмэгдэж байгаа аж. Энэ гэмт хэрэг нь Жендэрийн  эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар зохицуулах зүйл заалт байгаа ч өнөөдөр  хохирогчийг хамгаалсан, хохирлыг нь барагдуулж чадахгүй байгаа нь  нийтлэг Хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг гол хуульд зохицуулах зүйл заалт тусгаагүй байгаатай холбоотой  хэмээн Эмэгтэй удирдагч сангийн тэргүүн М.Болормаа онцоллоо. Мөн шинэчлэн найруулж буй Хөдөлмөрийн тухай хуулийн наймдугаар зүйлд ажил олгогч ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох заалтыг хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, түүнчлэн мэргэжлийн хяналтын байгууллага, мэргэжилтний үүрэг, ажлын байрны тодорхойлолтод албан ёсоор оруулах нь ахиц гаргах боломж байгааг хэлж байсан. Хэрэв үүргээ биелүүлээгүй тохиолдолд торгох, шийтгэх заалтыг оруулах, мөн түүнчлэн зөрчил даамжирч гэмт хэргийн шинжийг ч агуулж байгаа тул Эрүүгийн хуульд оруулсан байсан ч тавдугаар сард батлахдаа хассан Бэлгийн дарамтад үйлдэгчид оногдуулах заалтыг буцаан Эрүүгийн хуульд оруулах үйл ажиллагаа, шаардлагыг эхлүүлэх, холбогдох талуудтай зөвшилцөх нь зүйтэй гэдгийг  боломжтойг тэрээр хэлж байв.
 
Монголын эмэгтэй­чүүдийн сангийн үүсгэн байгуулагч, Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх ТББ-уудын эвслийн зөвлөх Н.Чинчулуун ярихдаа Хөдөлмөрийн хуулинд Хориглох ,  Хамгаалах заалтууд  зайлшгүй тусгах ёстой. Хамгаалах заалтанд урдьчилан сэргийлэх болон хохирогчийг хамгаалах заалтуудыг  зайлшгүй оруулж өгөх нь чухал байгааг бидний тасралтгүй ажилласан 15, 16 жилийн ажлын туршлага, үйл явц харуулж байна гэв.
 
Ер нь Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Зөрчлийн тухай  хууль, Эрүүгийн хууль гэх мэт хуулиудад уялдаа холбоог сайтар хангах  нь  чухал байгаатай оролцогчид санал нэгдэж байлаа. Мөн одоо хэрэгжиж байгаа Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийг олон нийт,  албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд  сурталчлах, таниулах  ажил  хангалтгүй байгааг оролцогчид анхааруулж байсан юм. Хамгийн гол нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгж бүр хөдөлмөрийн гэрээндээ, дотоод журмандаа ажлын байран дахь бэлгийн дарамтыг хориглосон, урдьчилан сэргийлэх сургалтыг тогтмол заавал хийж байхыг тусгах  ёстойг онцолсон.
 
Хүн бүр ээжтэй, эхнэртэй, эгчтэй, охин дүүтэй, охинтой, ач охинтой учраас мөн хүн бүр нийгмийн аль нэг салбарт ажил, хөдөлмөр  эрхлэх эрхтэй учир ажил,  ажлын байр  бүр айдасгүй,  дарамтгүй, аюулгүй  байх ёстой. Үүний тулд хууль байх ёстой гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрч нэгдэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх.
 
 
Х.МОНГОЛХАТАН
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин