sonin.mn
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарыг гадаадын иргэнээс хандив авч байгаа бичлэг нь бодит болохыг тогтоосон тухай Цагдаагийн Ерөнхий Газраас өчигдөр мэдээлсэн.
 
Улмаар уг хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл хэргийг дутуу шалгасан гэсэн үндэслэлээр буцаасан талаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ. 
 
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.
 
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн хэргийг цагдаагийн байгууллагад буцаалаа.
 
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4-т заасныг зөрчсөн тухай хүсэлт, гомдлыг шалгаж, хянан шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд захиргааны зөрчлийн материал хүргүүлжээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4-т заасныг зөрчсөн тухай гомдлыг МАХН-ын Гишүүд дэмжигчдийн Холбоо, Хөдөлмөрийн Үндэсний Нам, Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, иргэн Б.Баасанжаргал нар Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан байна. Уг гомдлыг цагдаагийн байгууллага шалгаад шүүхэд шилжүүлсэн.
 
Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан хүсэлт, гомдлыг шалгаж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн захиргааны зөрчлийн материалыг хүлээн аваад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 18 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг дутуу шалгасан, Шүүгчийн захирамжид дурьдсан асуудлуудыг нэмж шалгуулахаар даалгавар өгч Цагдаагийн байгууллагад буцаан шийдвэрлэсэн байна.
 
 
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс