sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/   Сүүлийн үед   голын  усанд орж  осолдох тохиолдол  гарсаар байгааг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна. 
 
Ялангуяа бага насны хүүхэд хохирч байгааг онцгойлон анхааруулав. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, Онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяраас  энэ талаар тодрууллаа.
 
Б.Ууганбаяр хэлэхдээ "Энэ зуны хувьд 28 хүн усанд осолдож, нас барсан харамсалтай явдал гарсан. Ихэнх тохиолдолд аянга цахилгаанд цохиулах, согтуу явж байгаад живэх байдлаар эрсэдсэн. Халуун агаарт явж байгаад гэнэт хүйтэн усанд орохоор хүний шөрмөс татдаг. Үүнээс үүдэж усанд живэх тохиолдол гарсан. 28 тохиолдлын зургаа нь хүүхдийн амь настай холбоотой юм. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ховд голд хоёр настай хүүхэд осолдсон тохиолдол саяхан гарлаа. Осол болох үед талийгаач асран хамгаалагчгүй, ганцаараа байсан гэх мэдээлэл бий. Түүний гэр бүл Өлгий суманд амьдардаг. Үр хүүхдээ хараа хяналтгүй орхисноос золгүй явдал тохиолдож байгаа нь маш харамсалтай юм. Ховд голд хүүхэд осолдсон энэ хэргийг шалгах явц тухайн орон нутагт үргэлжилж байгаа. Зуны улиралд сургууль, цэцэрлэг амардаг болохоор ихэнх эцэг, эхчүүд хүүхдээ амраах зорилгоор хөдөө явуулдаг. Өнгөрсөн жил эмээ, өвөө дээрээ байсан хүүхэд ганцаараа мөлхөж яваад Хараа голд осолдсон тохиолдол гарсан. Мөн Тэрэлжийн амралтад хэсэг хүмүүс амарч байхдаа хөзөр тоглож сатаарснаас болж хүүхдээ анзааралгүй орхиж, хүүхэд усанд осолдож байсан. Иймд бага насны хүүхэдтэй байгаа хүмүүс үргэлж анхаарал болгоомжтой, ялангуяа байгальд, гол усны ойролцоо явахдаа сэрэмжтэй байхыг анхааруулж байна" гэлээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг