sonin.mn
 
Нээлттэй захидал
 
                                              Монгол  Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,
                                              УИХ-ын дарга М.Энхболд,
                                              Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Танаа
 
Бид яагаад ил захидал бичих болов?
 
Төрийн бодлогыг түүчээлэн хэрэгжүүлсэн Уламжлалт эмийн үйлдвэр устах аюулын ирмэг дээр ирээд байгаа учраас бид Төр, засгийн гурван өндөрлөгт хандаж байгаа юм.  Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүлийн 2016 оны УИХ болон нийслэлийн ИТХ-ын сонгууль болохоос сар гаруйхны  өмнө амжиж хийсэн луйврын шинж чанартай удаа дараагийн үйлдэл, түүний сөрөг үр дагаврын талаар энд өгүүлэх болно.
 
Бид, Төрийн бодлогыг түүчээлэн хэрэгжүүлсэн уламжлалт эмийн ууган үйлдвэр
 
Монголын Уламжлалт анагаах ухааны талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ-аас 2003 онд баталж, энэ бодлогыг хэрэгжүүлэх, авах арга хэмжээнүүдийг нарийвчлан гаргасан байдаг. Ямар байгууллага, юу хийх ёстойг хуульчлан заасан учраас энэхүү бодлого амжилттай хэрэгжиж, улмаар хугацааг нь үргэлжлүүлэн сунгасан. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд нэр заагдан орж, Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх ажилд түүчээлэн оролцсон газруудын нэг бол манай Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв /УАУЭСКТ/ билээ. УИХ-аас баталсан хөтөлбөрийн дагуу Эрүүл мэндийн яамнаас Монголын Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батласан хэрэгжүүлсэн. Энэ төлөвлөгөөнд Эрүүл мэндийн яам болон түүний харьяа байгууллагууд юу хийх талаар нарийвчлан заагдсан.Тухайлбал, “Байгалийн цэвэр түүхий эдээр биологийн өндөр идэвхтэй аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бэлдмэл шинээр хоёрыг хийж практикт нэвтрүүлэх”  ажлыг хариуцах байгууллага нь /УАУЭСКТ/, “Монос” дээд сургууль гэх мэтчилэнгээр олон ажлыг хариуцан хэрэгжүүлэгчээр УАУЭСКТ ажилласан, одоо ч ажиллаж байгаа. Ингэж төрийн бодлогыг хэрэгжүүлэгчээр 1989 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус төвийг цохон оруулж, нэг талаасаа итгэл өгч, нөгөө талаасаа хариуцлага хүлээлгэсэн нь ч учиртай байсан.
 
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв бол Монголд уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр анхдагчдын нэг. Анх Элэгний эмгэг эмчлэх монгол эмнэлэг нэртэйгээр Нийслэлийн Засаг даргын дэргэд байгуулагдаж байсан бөгөөд харин 2000 оны 12 дугаар сарын 29-нд тухайн үед Засаг дарга байсан М.Энхболд байгууллагын нэр өөрчлөх тухай захирамж гаргасан. Ингэснээр Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Элэгний эмгэг эмчлэх монгол эмнэлэг төвийн нэрийг Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв  болгон өөрчилж, тус төвийн дүрмийг шинэчлэн батласан. Анхдагчаас гадна төрийн бодлого хэрэгжүүлэх ажилд энэ төвийг хүчин зүтгүүлэх өөр нэг учир шалтгаан байсан нь анхнаасаа монголчуудад зонхилон тохиолддог элэгний өвчний чиглэлээр голчлон ажиллаж, тодорхой мэдлэг туршлага хуримтлуулсан байсан нь нөлөөлсөн.
 
УАУЭСКТ-д эмийн үйлдвэрийн зориулалтаар ашиглах байрыг олгох захирамжийг 1996 оны нэгдүгээр сарын 11-нд нийслэлийн Засаг дарга Ц.Баасанжав гаргасан байдаг. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 287 ам метр талбай бүхий байрыг эзэмшүүлэх шийдвэр гарч, УАУЭСКТ-д шилжүүлжээ. Түүнээс хойш уг байранд эмийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цар хүрээ өргөжих тусам эмийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарсантай уялдан Нийслэлийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн захирамжаар  эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмших газрыг баталгаажуулж, газрын гэрчилгээг 15 жилийн хугацаатайгаар олгосон нь одоо ч хугацаа дуусаагүй хүчинтэй хэвээр байгаа билээ.
 
Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт, “Зүүн хүрээ” хийдийн баруун талд Ц.Анандбазарын эзэмшлийн шатахууны түгээх станц бий. ШТС-ын ойролцоо байх даруухан эмийн үйлдвэр ард иргэдийн эрүүл мэндэд хэрэгтэй тустай эм бэлдмэл үйлдвэрлэсээр, шинэ технологоор  шинэ эм био бэлдмэл гаргаж, Монголын уламжлалт анагаах ухааны түүхэнд шинэ хуудсыг нэмсээр байгаа. Гэтэл үүнийг нь өмчийн эзэн Нийслэлийн удирдлагуудын зүгээс улам хөхиүлэн дэмжих ёстой байтал харин эсрэгээрээ байрыг авах, газрын гэрчилгээг хүчингүй болгох гэсэн дараалсан дайралтуудад манайх сүүлийн жилүүдэд байнга өртөж ирлээ.
 
Дайралт 1: Байшинд тавигдсан гэнэтийн акт
 
2010 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт гэнэт ирсэн. Энэ шалгалт үйлдвэрлэж байгаа эмийн чанарыг биш, харин байшинг шалгаад “хуучирсан, ашиглах боломжгүй” гэдэг акт гаргасан. Энэ актыг үндэслээд Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга нар 2010 онд 445, 452 захирамж, тушаал гаргаад УАУЭСКТ-ийн эзэмшилд байсан 40.860.300 /дөчин сая найман зуун жаран мянга, гурван зуу/ төгрөгийн үнэ бүхий эмийн үйлдвэрийн барилгыг хөрөнгийн бүртгэлээс хасч акталсан. Нийслэлийн Иргэдийн хурлаас ч, Засаг дарга, Өмчийн харилцааны газрын дарга  гээд аль нь ч тогтоол, захирамж, шийдвэрт “Барилгыг акталж, нураагаад хог хаягдлыг нь эмийн үйлдвэр өөрийн зардлаараа зөөж зайлуул” гэснээс биш эмийн үйлдвэрийг өөр байр барилгатай болгох талаар дурдаагүй. УАУЭСКТ-ийн тухайд Нийслэлээс нэгэнт гаргасан тул эмийн үйлдвэрийн хуучин барилгын оронд Олон улсын жишиг GMP-шаардлагад нийцсэн Уламжлалт эмийн үйлдвэр, эрдэм шинжилгээ судалгааны төвийн барилга барихаар төсөл хөтөлбөр хийж, түүнийгээ нийслэлийн ИТХ, Өмчийн харилцааны газар гээд холбогдох бүх газарт танилцуулж, эцэст нь эмийнүйлдвэрийн шинэ барилга барихаар холбогдох зөвшөөрлийг авсан билээ. Барилга барихад шаардлагатай бүхий нөхцөл шаардлага, зөвшөөрлүүдийг авсныг нь үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 сарын 16-ны өдрийн 470 тоот захирамжаар УАУЭСКТ–д Эмийн үйлдвэр, эрдэм шинжилгээ судалгааны төвийн барилгын зориулалтаар ашиглах барилга барих зөвшөөрөл олгох тухай тушаал шийдвэр нь гарсан.
 
Дайралт 2: Газар эзэмших эрхэнд нь гэнэт халдав
 
Нийслэлээс ингэж холбогдох шийдвэрийг гаргасан тул Уламжлалт эмийн үйлдвэр, эрдэм шинжилгээ судалгааны төв барих төслөө Энэтхэг улсын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр гэрээ хэлцэл хийж эхэлсэн билээ. Хөрөнгө оруулалтын гэрээ хийж, хэрэгжүүлэх төсөл төлөвлөгөө бэлэн болж, барилгын ажлаа 2015 оны гуравдугаар сараас газар гэсэхтэй зэрэгцэн эхлүүлэхээр төлөвлөсөн байсан. Гэтэл энэ хугацаанаас маань хоёр сарын өмнө Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл захирамж гарган газрын гэрчилгээг маань хүчингүй болгон зориулалтыг өөрчилсөн байсан. Ийм шийдвэр гаргахдаа Э.Бат-Үүл хуулийг уландаа гишгэн туучсан гэдгийг дараахь баримтууд харуулна. Хотын дарга ийм шийдвэр гаргасныг манайх байтугай Нийслэлийн өмчийн харилцааны газар ч мэдэхгүй байсан бөгөөд  Э.Бат-Үүл даргыг  захирамж гаргаснаас хойш дөрвөн сарын дараа газрын төлбөрөө хийх нэхэмжлэлийг эмийн үйлдвэрт хаяглан явуулж байсан. Хотын дарга хууль бус шийдвэр гаргасан гэдгийг батлах наад захын баримт нь энэ. Э.Бат-Үүл 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан А/54 захирамжаараа УАУЭСКТ-ийн эмийн үйлдвэрийн барилгын газар эзэмшлийг хүчингүй болгоод оронд нь Орон сууц, үйлчилгээний зориулалтаар барилга барихаар шийдвэрлэсэн байсан. Газар эзэмшлийн гэрчилгээний хугацаа 2019 онд дуусахаар заасан, түүнээс өмнө эзэмшил газраа зориулалтаар нь ашиглаж байсан, татвар төлбөрийн тухайд зөрчил байгаагүй ийм байхад газрын гэрчилгээг цуцлахдаа зориулалтыг өөрчилсөн зэрэг нь илтэд хууль зөрчсөн шийдвэр байсан тул энэ асуудлаар УАУЭСКТ Захиргааны хэргийн шүүхэд хандсан билээ. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2015 оны аравдугаар сарын 15-нд энэ асуудлыг авч хэлэлцээд “...маргаан бүхий газрыг анх эмийн үйлдвэрийн зориулалтаар аваад 1999,  2004 онд тус эрхийг Нийслэлийн Засаг дарга олгож, газар эзэмших эрхийн хугацаа болон шинээр барилга барих зөвшөөрлийн хугацаа дуусах болоогүй байхад газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд дахин тусгах боломжгүй” гэж нэхэмжлэгч маргаж байгаа нь үндэслэлтэй байна”, “…Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/54 захирамжаар… зориулалтыг өөрчлөн орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга барихаар заасан нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан…,  болон 33 дугаар зүйлийн 33.1.3-т…, … 33.1.1… заалтуудыг зөрчиж, хууль зүйн үндэслэлгүйгээр тухайн газрын зориулалтыг өөрчилсөн байна гэж үзсэн байна. Захиргааны хэргийн шүүхээс Тогтоохдоо, Газар эзэмших гэрээг хүчингүй болгож зориулалтыг өөрчилсөн Э.Бат-Үүлийн захирамжийг хүчингүй болгуулах гэсэн УАУЭСКТ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн..
 
Дайралт 3: Нийслэлийн өмчөөс хассан барилгыг “Нью тур Сафарис” ХХК-д өр төлөх  нэрээр гэнэт шилжүүлэв
 
 Газрын гэрчилгээг хүчингүй болгуулсантай тулж, шүүхийн асуудал эхэлсэн тул манайх барилгын ажил эхлэх хугацааг хойшлуулахад хүрсэн. Гэхдээ үүнийг нөгөө талд Уламжлалт эмийн үйлдвэр, эрдэм шинжилгээ судалгааны төвийг бариулахгүй байх сонирхол өөр хүмүүст эхнээсээ байжээ  гэж хэлж болохоор байгаа юм.
 
Шүүхээс газар эзэмших эрхийг эргүүлэн тогтоосны дараа барилгын ажлаа эхлүүлэх гэтэл хуучин барилгыг маань өөр компанийн өмчлөлд шилжүүлэхдээ, эрхзүйн талаасаа захиргааны илт зөрчилтэй шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл дахиад гаргачихсан байлаа. Тодруулбал, 2016 оны тавдугаар сарын 5-ны өдөр Б/356 захирамж гаргаад акталсан хуучин барилгаа “Нью тур Сафарис” ХХК-д өр төлбөрт шилжүүлэн өгөх тухай шийдвэр гаргажээ. Нийслэл хот “Нью тур Сафарис” ХХК-д нэг тэрбум хоёр сая гаруй төгрөгийн өртэй байсан гэх бөгөөд үүний 725 сая төгрөгийг нь эмийн үйлдвэрийн хуучин барилгаар дарж байгаа маягтайгаар шилжүүлсэн байсныг сүүлд бид олж мэдсэн билээ. “Нью тур Сафарис” ХХК нь “Сод Монгол”-ын Ц.Анандбазарын эзэмшлийнх. Эмийн үйлдвэрийн хуучин барилгыг Ц.Анандбазарын компанид өр дарж шилжүүлэхдээ, актлагдсан барилгыг өмч болгосон шийдвэр байхгүй, өмч болгоод үнэлгээ хийгээгүй байгаа атлаа,  хаанаас яагаад 725 сая, 788 мянга, 829 төгрөг гэсэн үнэлгээг гаргаж ирсэн нь тодорхойгүй. Эмийн үйлдвэрийн хуучин барилгыг ингэж үнэлж, эргүүлээд нийслэлийн өмчид бүртгэж авсан тухай баримт, Хоёр шатны шүүх хурал болоход байхгүй байгаа нь илт болсон юм. Мөн акталсан, нийслэлийн өмчөөс хасагдсан байшинг эргүүлэн хотын өмч огт болгоогүй байж 700 гаруй сая төгрөгийн өрд  өгсөн гэдэг нь, хуулийн наад захын мэдлэгтэй төрийн албан хаагчийн, хийх ажил биш гэдгийг хэлэх нь зүйтэй юм. Үүний цаана чухам юу болов гэхээр арван жилийн өмнө “Улаанбаатар Синема” гээд хотын өмчийн алдагдалтай ажилладаг компанийн өр төлбөр дутуу байсныг тооцож, өгсөн гэх сонин чигтэй тайлбартай.
 
Хуучин балгасыг 24 тэрбумын үнэ хүргэсэн, хотын өмч, газрыг дуудлага худалдаагаар шударгаар зарж, өндөр үнэ хүргэж байгаа гэж өөрийгөө магтуулаад байсан Э.Бат-Үүл дарга  яагаад өөрийнхөө брэнд үг дуудлага худалдаа хийхээс  яагаад зайлсхийж, хуудуутай замаар дахин дахин, энэ эмийн үйлдвэрийн байрыг булаахыг оролдоод байгаа нь ёс зүйд огт нийцэхгүй, үйлдэл болсон.. Өмнө нь эмийн үйлдвэрийн эзэмшил газрыг орон сууц барих болгож өөрчилж байсан. Дараа нь яагаад тэр “Нью тур Сафарис” ХХК-д төлөх ёстой  гэх тэрбум төгрөгийг тэр чигээр нь хаахаар шийдээгүй вэ гээд ашиг сонирхлын зөрчил ард нь байж мэдэхээр олон булхайтай асуулт эндээс зүй ёсоор гарч ирээд байгаа юм. Мөн Захиргааны хэргийн шүүхээс өмнө нь эмийн үйлдвэрийн газрын эзэмшигчийн асуудлыг шийдвэрлэсэн байхад, одоо барилгын асуудлыг газраас нь салган шийдвэрлүүлж булаан авах оролдлого хийж байгааг луйврын шинжтэй гэж хэлэхээс өөрөөр нэрлэх ямар ч аргагүй байна. Хэрэв энэ эмийн үйлдвэрийн барилгыг үндсэн хөрөнгө гэж үзэж байгаа юм бол үндсэн хөрөнгийг газраас нь салган шийдвэрлэх ямар ч боломж байхгүй. Гэтэл хүүхдэд цонхны цаанаас чихэр долоолгож хуурч байгаа юм шигээр Эмнэлэг, эмийн үйлдвэрийнхнийг “Хуучин байшинг шилжүүлсэн нь танай эзэмшил газартай ямар ч холбоогүй асуудал” гэж залилах гэж оролдож,  биднийг илт доромжлон тохуурхаж байгаад бид үнэхээр харамсаж байна. Ийм шударга бусаар төрийн үйлчилгээний албан хаагч бидэнд хандаж, Төрийн  бодлого, нийтийн эрх ашгийг хөсөрдүүлж байгааг нягталж шалгах ёстой хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авна гэж найдаж байна.
 
Ц.Анандбазарын төрөөс авсан өмчийн тоог нэгээр нэмэх үү, ард түмэнд хэрэгтэй эмийн үйлдвэр барих уу?
 
 Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр гучин жил ажиллаж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажилд түүчээлэн зүтгэхдээ манай клиник төвийнхөн олон шинэ зүйлийг Монголд анх удаа хийсэн. Монгол орны эмийн ургамал, амьтны болон эрдсийн гаралтай эмчилгээний чанартай түүхий эдийн тархац, нөөцийг судлан экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр ашиглах зөвлөмж боловсруулахаас эхлээд нано технологи ашиглан боловсруулж бэлтгэх орчин үеийн технологи бүхий эмийн үйлдвэр байгуулах хүртэлх маш олон ажлыг цогцоор нь хийсэн. Эрүүл мэндийн яамнаас батласан Монголын Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний төлөвлөгөөгөөний 15 зорилтыг хариуцан хэрэгжүүлэх төлөвлөгөөнд заагдан үүрэгт ажлаа дэс дараалан биелүүлэн ажиллаж байгаа. Ингэж ажилласнаар Монголд анх удаа  уламжлалт эмийг орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг ашиглан бүтээх боломж бүрдсэн бөгөөд эмчлүүлэгч үйлчлүүлэгчдийн талархал хүлээн, зовлон шаналлыг нь арилгах олон эмийн технологийг боловсруулан гаргаж, үйлдвэрлэлд шилжүүлэн амжилттай ажиллаж байгаа билээ. Манай бүтээлийг олон улсад болон Монголд хүлээн зөвшөөрч, шилдэг бүтээгдэхүүн гэдгийг нь батламжилж зарласан баримт бичгүүд нь бүгд бий. Эрүүл мэндийн яам, МҮХАҮТ, Монголын эм үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг газруудаас  “Оюут-25”, “Зэндмэнэ” нэрийн цуврал бүтээгдэхүүний эмүүдийг онцлон “Оны шилдэг бүтээгдэхүүн”, Дотоодын үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр онцлон өргөмжилж байсан. Хамгийн гол нь УАУЭСКТ-ийн эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүн болох эмүүд эмчилгээний өндөр үр дүнтэй байгаа бүтээгдэхүүнд зүй ёсоор орж байдаг. Үр дүнтэй гэдэг нь хэн нэгний аман үнэлгээ бус.  Энэ нь клиник эмчилгээний явцад хийгдэж байгаа судалгаа шинжилгээ, нотолгоонд суурилан батлагдсан дүгнэлт. Клиник төв гэдэг утгаараа эмийн эмчилгээний үр дүнгийн талаар нарийвчлан судалгаа хийж, үр дүнг харах боломж байгаа нь УАУЭСКТ-ийн эмийн үйлдвэрийн бас нэг давуу тал билээ. Тиймээс элэгний эмгэг өвчлөлийн үед хэрэглэсэн үр дүнгийн талаар маш нарийвчилан хийгдсэн олон чухал  судалгаанууд байнга явагдаж байдаг.
 
Дэлхий  даяараа химийн гаралтай хүчтэй эм бэлдмэлээс аль болох татгалзах чиглэл хандлага давамгайлж, цэвэр байгалийн  гаралтай органик орц найрлага бүхий үр дүн сайтай эм бэлдмэлийг бүтээх эрэл хайгуул, судалгаа шинжилгээ олон  улс орнуудад өрнөж байна. Үүний нэгэн адилаар дэлхийн анагаах ухааны түүхэнд тэдэнтэй мөр зэрэгцэн,  хөл нийлүүлэн алхаж, эмчлүүлэгч үйлчлүүлэгчид хэрэгтэй эм бэлдмэлийг үйлдвэрлэж чадаж байгаагаагаараа бид үргэлж бахархан ирээдүйдээ итгэл үнэмжшил, урам зоригоо тэтгэн ажилладаг. Гэтэл өнөөдөр Төрийн бодлогын дагуу байгуулагдсан УАУЭСКТ-ийн уламжлалт эмийн анхны үйлдвэр хаалгаа барихад хүрч магадгүй болоод байгаа төдийгүй эмийн үйлдвэрийн нарийн мэргэшсэн ажилтнууд ажилгүй болоход хүргэж байгаа энэ хууль бус үйлдлүүд нь  биднийг ихээхэн цочролд оруулахаас гадна, өнөөгийн түвшинд хүрч ажиллахын төлөө, нойр хоолоо хасан байж, сэтгэл оюунаа чилээн 30-аад жил ажилласны утга учир алдагдахад хүргэж байгаа нь туйлын хариуцлагагүй байдлын нэгэн тод илрэл болж байна. Учир нь эмийн үйлдвэрийн барилгыг авах гээд байгаа “Сод Монгол”-ын Анандбазар шатахуун түгээх станц, жуулчны бааз хоёр дээрээ эм үйлдвэрлэдэггүй л юм бол нарийн мэргэшсэн эмч, зүйч эмч, технологич нар ажилгүй болох, УАУЭСКТ-ийн эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүн болох олон сайн эм бэлдмэлийн үйлдвэрлэл бүрэн хаагдах аюулын ирмэг дээр ирчихээд байна. Эндээс Э.Бат-Үүлийн гаргасан шийдвэр нь Ц.Анандбазарын “Нью тур Сафарис” ХХК-д ашигтай, харин өргөн түмний эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмнэлэг, эмийн үйлдвэрт ашиггүй, өвдөж зовсон улсад бол бүр хортой тийм л ажил болсон гэдэг нь харагдана.
 
“Сод Монгол”-ын Ц.Анандбазар гэдэг хүний бизнес хийж байгааг бид үгүйсгэх гэсэнгүй.  Төрийн мэдлийн НИК-ээс гараагаа эхэлсэн гэгддэг Ц.Анандбазар төрийн мэдэлд байсан өмчүүдийг хувьчлалаар өөрийн болгосны жишээ нь “Өргөө” кинотеатр… гэх мэтчилэн  олон гарч ирнэ. Ц.Анандбазарын төрөөс авсан өмчийн тоог эмийн үйлдвэрийн барилгаар нэмэх шийдвэрийг  Э.Бат-Үүл гаргаж өгсөн. Ц.Анандбазарын төрөөс авсан өмчийн тоог нэгээр нэмэх үү, ард түмэнд хэрэгтэй эмнэлэг эрдэм шинжилгээ судалгааны төв барих уу гэдэг  нь одоо шүүхийн шатанд явж байна.
 
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн долоо хоногт ард түмэнтэйгээ шууд ярилцахдаа нийтийн эрх ашгийг хөсөрдүүлсэн луйвар албан тушаалтнуудын ширээн дээр хийгдэж  байгааг онцолж, ийм луйвартай хатуу тэмцэж, олон нийтийн эрх ашгийг хамгаална  гэдгээ мэдэгдэж байсан. Нийтийн эрх ашгийг хөсөрдүүлсэн мужийн захирагч албан тушаалтнууд аливаа асуудлыг газар дээр нь очиж, зөв зохистой байдлаар шийдвэрлэж байгаа тухай харлаа. Яг түүн шиг манайд нийтийн эрх ашгийг хөсөрдүүлсэн луйвар албан тушаалтнуудын ширээн дээр хийгдэж, түүнийг нь хууль шүүхийн байгууллагууд дахь зарим нэгэн хүн өөгшүүлж байна,  Төрийн өндөрлөгүүд  ээ!. Тэдэнтэй яг Путин шиг тэмцэж, хууль бус шийдвэрүүдийг цуцлах, хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, нийтийн өмчийг үнэгүйдүүлэн авч амташсан зарим нэгэнд хууль хэрэгждэг гэдгийг хуулийнх нь дагуу харуулах цаг болжээ.
 
Та бүхнийг ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг хамгаалан зохих арга хэмжээг нэн даруй  авч ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.
 
              ЭСК ТӨВИЙН БОЛОН ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН ХАМТ ОЛОН