sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өнгөрсөн лхагва гаригт буюу буюу 5-р сарын 17-ны өдөр гэртээ ээжтэйгээ хамт байсан дөрвөн настай хүүхэд гэрийнхээ цонхоор унаж, маш хүнд гэмтсэн тухай мэдээ сонсогдсон бол өчигдөр өглөөний 08:30 цагийн орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нэгэн  орон сууцны дөрвөн давхраас бага насны хүүхэд уналаа гэх мэдээлэл Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн 103 утсанд иржээ. Иргэний дуудлагын дагуу түргэний эмч нар ослын газарт очиход тус байрны дөрвөн давхарт оршин суух дөрвөн настай Ч гэх хүү унаж гэмтжээ. Улмаар түргэний эмч нар хүүг Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай хүргэж хүлээлгэн өгчээ. Хүүгийн ээж гэртээ байсан бөгөөд ариун цэврийн өрөөнд орсон хойгуур хүүхэд нь цонхны урд байрлуулсан хувцас хатаагчаар дамжин цонхоор унасан байна.  09:15 цагийн орчимд хүүхдийг ГССҮТ-д хүргэж, жижүүрийн эмч нарт хүлээлгэн өгөх үед хүүхэд ухаан алдаж, хэд хэдэн ясны хугаралтай, уушги бяцарсан байдалтай байгааг үзлэгээр тогтоожээ. Энэхүү хэргийг харъяаллын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн Хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Хуулиар эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэж хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирвол хариуцлага тооцно.  Эцэг эхийн хайхрамжгүй байдал, санамсар болгоомжгүйгээс үүдэн бага насны хүүхэд хохирсоор байна. Тиймээс  эцэг эхчүүд сонор сэрэмжтэй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, хүүхдээ хамгаалахыг Цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг