sonin.mn
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ардчиллын өлгийн нутаг Архангай аймгийн Цэцэрлэг хотод ажилалаа. Тэрээр шинэчлэлийн ажлын хүрээнд 21 аймаг есөн дүүргийн шинээр сонгогдсон дарга, ҮБХ-ны гишүүд, намын хорооны гишүүдийг батламжилж байгаа юм.
 
 
Архангай аймгийн Ардчилсан намын хорооны өргөтгөсөн хуралдааныг нээж аймгийн намын дарга М.Батжаргал хэлэхдээ “Ардчилсан намын шинэчлэлийн аянд манлайлагчдын эгнээнд явж МАН-ын дангаар ноёрхох үзлийн эсрэг үнэт зүйл, үзэл бодлоо хамгаалан тэмцсэн намынхаа үнэнч гишүүддээ чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье. Ардчилсан нам шинэчлэлийн давлагаанд эргэлт буцалтгүй орж улс орон даяар гишүүдийнхээ итгэл үнэмшил, урам зориг, итгэл найдварыг сэргээн улс төрийн том хүчин гэдгээ баталгаажуулан дэлхий нийтэд харуулж чадлаа. Архангай аймгийн Ардчилсан нам шинэчлэлийн үйл хэрэгт манлайлан оролцож Ардчиллын өлгий нутаг гэдгээ өдрөөс өдөрт харуулж байна. Тухайлбал, Архангай аймгийн унаган хүү УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ардчилсан намын нийт гишүүдийн итгэлийг хүлээж Ардчилсан намын даргаар сонгогдсон. Архангай аймгийн Цахир сум улсын хэмжээнд нэг ч удаа сонгуульд ялагдаж үзээгүй тав дараалж сонгуульд ялсан амжилтаараа Ардчилсан намын дээд шагнал “Чингисийн одон”гоор шагнагдлаа. Мөн татвар төлсөн гишүүдийнхээ тоогоор улсын хэмжээнд хоёрдугаар байр, санал өгсөн гишүүдийнхээ тоогоор улсдаа гуравдугаар байранд орсон. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намын удирдлагууд шинэчлэлийн салхийг одоогоос долоон сарын өмнө эхлүүлж намын гишүүдээ идэвхжүүлж АЗХ, АЭХ, ААХ-той нягт ажиллаж 50 ахмад, 50 эмэгтэй, 50 залуучуудаа тус тусын холбоотойн холбож өгсөн нь улсын хэмжээнд анхдагч байлаа. Архангай аймгийн Ардчилсан нам сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлэх, гишүүдээ хамгаалах, жирийн иргэдээ өмгөөлөх ажилд идэвхтэй орж байна. Өнөөдрийн байдлаар Архангай аймагт төрийн албанаас 215 хүн ажлаасаа халагдаж, халагдсан иргэдийн асуудлыг өмгөөлөх ажлыг ИТХ-ын бүлгийн даргын хувьд хариуцан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бид нэг ч шүүх хуралд ялагдаагүй. Өнөөдөр МАН “хэвлэл мэдээллийн хэрэгслийн хаалтын гэрээ” гэдэг шиг Архангай аймгийн өмгөөллийн эрхтэй өмгөөлөгч нартай АН-ын гишүүд, ажлаасаа эрх нь зөрчигдөн халагдсан иргэдийг өмгөөлөхгүй байх “хаалтын гэрээ” хийн ажиллаж байна. Архангай аймгийн хэмжээнд АН-ын гишүүд жирийн иргэдийг Б.Эрдэнэсувд гэх манай намын ганцхан гишүүн өмгөөлж байгаа юм. Архангай аймгаас Үндэсний бодлогын хороонд 15, аймгийн намын хорооны гишүүн 136, хурлын төлөөлөгч 13, сумдын намын дарга 17, сумын намын хорооны 677 гишүүн сонгогдоод байна. Нийт сонгогдсон сонгуульт гишүүддээ ажлын амжилт хүсч байна. Намын бодлого гэдэг нь намын даргын бодол биш гишүүдээс гарсан шийдвэрийг хэлнэ”гэв.
 
 
Хуралдааны дараа Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Архангай аймгийн Ардчилсан намын дарга М.Батжаргал болон намын удирдлагууд Архангай аймгийн Батцэнгэл, Өгий нуур, Хашаат, Хангай, Чулуут сумдын хороог “Эрх чөлөөний одон”-гоор шагнаж намын зарим гишүүдийг “Ардчиллын ахмад зүтгэлтэн”, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дээд шагнал “Лиш одон” зэргээр тус тус шагналаа.