sonin.mn
Оросын түшмэдүүдэд юу хориглодог вэ?
 
Манайд офшшорын тухай маргаан ид явагдаж байна. Оффшорын асуудал бол үнэн хэрэг дээрээ төрийн албан хаагчдын асуудал юм. Олон юм ярилгүй сайн мэддэгээрээ Орост энэ асуудлыг хэрхэн шийдсэнийг бичье. Хятад бол хамгийн чанга нь мэдээж. Барууныхан ч гэсэн сул биш л дээ. Ингээд Оросын туршлага. Гэхдээ би уг хуулийг маш их товчилж, голдуу хориглосон зүйлсийг оруулав. Энэ нь залхуу монголчуудад тохирох хамгийн үр ашигтай хэлбэр гэж бодож байна.
2013 онд В.Путин Төрийн Думд “Төрийн түшмэдүүд гадаад банкинд данстай байхыг хориглох тухай хууль” санаачилж батлуулсан юм. Саяхан энэ хуудинд нэмэлт оруулсан. Энэ хууль нь юуны өмнө үндэсний аюулгүй байдал, улс орны тусгаар тогтнолтой асуудлуудыг шийдвэрлэх түшмэдүүдтэй холбоотой гэж онцлон тэмдэглэсэн байна.
ОХУ-ын түшмэл, төрийн албан хаагч, депутат, сенатор, шүүгч, Оросын холбооны эрх мэдлийн байгууллагын орлогч нар (орлогч сайд), хотын мэр, орон нутгийн дүүргүүдийн тэргүүн, Төрийн Думд нэр дэвшигчид эдгээр хүмүүсийг гадаадад данстай байхыг хориглосон.
ОХУ-ын төрийн албан хаагч хилийн чанадад: гадаад данс, облигаци, үнэт цаас, замын чек зэрэгтэй байхыг хориглосон. Түүнээс гадна гадаадын банкуудад зөвхөн мөнгө төдийгүй дурын үнэт зүйлс хадгалахыг хориглосон.
Оросын түшмэдүүд хэрэв төрийн алба болон иргэд, байгууллага буюу төрийн хууль ёсны ашиг сонирхолд зөрчил үүсээгүй тохиолдолд л үнэт цаас (дотооддоо) эзэмшиж болно. Хэрэв төрийн албан хаагчийн хувийн ашиг сонирхол нийгмийн эрх ашгийн хооронд зөрчил үүсвэл тухайн түшмэл өөрт хамаарах үнэт цаас, хувьцаагаа итгэмжлэгдсэн хүмүүст заавал түр шилжүүлэх үүрэгтэй.
Оросын Төрийн албан хаагч сурган хүмүүжүүлэх, шинжлэх ухаан, бүтээлч үйл ажиллагаанаас өөр орлог олох ямар ч үйл ажиллагаа эрхэлж болохгүй. Чингэхдээ төрийн албан хаагч нийтлэл бичих, шинжлэх ухааны ажил хийх, үг хэлснийхээ төлөө шагнал, урамшуулал авах эрхгүй.
Мөн ОХУ-ын төрийн албан хаагчийг өөрөө болон итгэмжлэгдсэн хүмүүсээр дамжуулан ашиг олох аливаа үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон.
ОХУ-ын түшмэдүүдэд хувийн зорилгоор төрийн өмчийг ашиглах, тухайлбал: материал-техник, санхүү болон мэдээллийн хамгамжийн хэрэгслүүд; албаны авто тээврийн хэрэгсэл; төрийн бусад өмч, албаны мэдээлэл зэргийг хувийн зорилгоор ашиглахыг хориглосон.
Албаны бүрэн эрхээ хэрэгжүүлж буй төрийн албан хаагч хувь хүн болон хуулийн этгээдээс дараах зүйлсийг бэлэг дурсгал болгон авахыг хориглосон. Үүнд: 3000 рублээс дээш үнэтэй бэлэг; амралт, зугаа цэнгэлийн зардлын төлбөр; тээврийн хэрэгслийн төлбөр; үүрэн холбооны зардал болон бусад шагнал урамшил авахыг хориглосон.
ОХУ-ын төрийн албан хаагчид төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх саад болох ажил хаялт, жагсаал цуглаанд оролцохыг хориглосон.
Төрийн албан хаагч бүх шатны депутат болох, өөр ямар нэг албан тушаал хашихыг хориглоно.
ОХУ-ын төрийн албан хаагч бүх төрлийн улс төрийн нам, шашны байгууллагын үйл ажиллагаанд оролцох ёсгүй. Мөн албан хаагч төрийн байгууллагууд дээрээ үйлдвэрчний эвлэл, ахмадын байгууллага, нийгмийн сайн дурын үйл ажиллагааны байгууллагаас бусад улс төрийн нам, шашны нэгдэл, нийгмийн бусад байгууллага үүсгэн ажиллуулах эрхгүй.
ОХУ-ын төрийн албан хаагч шууд төрөл төрөгсөд (эцэг эх, эхнэр нөхөр, төрсөн ах дүүс, хүүхдүүд) шууд захирах захирагдах албан тушаалд хашиж болохгүй.
Төрийн албан хаагч нууц шинж чанар бүхий мэдээлэл сонирхсон байгууллага, хувь хүнд албаны мэдээллийг задлах эрхгүй.
ОХУ-ын төрийн албан хаагч гадаад улс, олон улсын байгууллага, улс төрийн нам бусад нийгмийн болон шашны байгууллагаас хүндэт шагнал, олон медаль, шагнал авч болохгүй. Хэрэв ингэх шаардлагатай бол дээд удирдлагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр гадаадаас шагнал авч болно.
Хэрэв ОХУ-ын түшмэдүүд авилгын эсрэг хууль тогтоомж зөрчвөл түүний хөдөлмөрийн дэвтэр дээр “итгэл алдсаны учир” тэмдэглэгээ хийж ажлаас хална. Мөн хөдөлмөрийн дэвтэр дээрээ хоёр удаа “итлэн алдсаны учир” тэмдэглэгээтэй бол цаашид төрийн албанд ажиллах эрхийг нь бүрэн хасна.
 
Товчлон орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
 
 
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?