sonin.mn
“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор Ард түмний Онц түр зөвлөл /АТОЗ/-ийн гишүүн, судлаач Д.Цэндийг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Ярилцлагын эхэнд Ард түмний Онц түр зөвлөл байгуулагдсан зорилгын талаар ярилцах нь энэ тухай ойлголт хүрч амжаагүй хүмүүст дөхөмтэй болов уу?
 
-Ард түмний Онц түр зөвлөл ТББ 2017 оны нэгдүгээр сарын 18-нд албан ёсоор байгуулагдсан. Зорилго нь нэгдүгээрт, оффшорт нуусан 17 тэрбум ам.долларыг эх орондоо авчрах, хоёрдугаарт, төр, засгийн газар, хууль сахиулах байгууллагуудтай Монгол Улсын олон улсын гэрээний хуулийн хүрээнд хамтарч ажиллаж энэ мөнгийг эх орондоо авчрахад л оршиж байгаа юм. “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг соёрхон батлах тухай Монгол Улсын хууль”-ийг 2005 оны аравдугаар сарын 27-ны өдөр УИХ баталсан. Энэ хуулиар авлига, оффшорт нуусан мөнгийг Монгол Улсад авчрах хууль, эрхзүйн бүх арга замыг маш тодорхой заасан байгаа.
 
Тухайлбал, “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг соёрхон батлах тухай Монгол Улсын хууль”-ийн 16 дугаар зүйлийн гадаадын төрийн албан тушаалтан болон олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах, 22-р зүйлийн хувийн хэвшлийн эд хөрөнгийг завших, 31-р зүйлийн битүүмжлэх, хөрөнгө хураах, үйлдлийг түр зогсоох, 44-р зүйлийн шилжүүлэн өгөх, 45-р зүйлийн шийтгэгдсэн этгээдийг шилжүүлэх, 47-р зүйлийн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг шилжүүлэх, 49-р зүйлийн хамтарсан мөрдөн байцаах ажиллагаа, 50-р зүйлийн мөрдөн байцаах тусгай арга хэрэгсэл, 52-р зүйлийн гэмт хэргээс олсон орлогыг шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх, шилжүүлгийг илрүүлэх, 53-р зүйлийн эд хөрөнгийг шууд буцаан олгох арга хэмжээ, 54-р зүйлийн эд хөрөнгийг хураах асуудлаар олон улсын хэмжээнд хамтран ажиллах замаар эд хөрөнгийг буцаан олгох механизм, 55-р зүйлийн эд хөрөнгийг хураах зорилго бүхий олон улсын хамтын ажиллагаа, 57-р зүйлийн хөрөнгө эргүүлэн өгөх ба захиран зарцуулах зэрэг болон 46 дугаар зүйл.Эрх зүйн харилцан туслалцааны 1, 2, 3 дугаар заалт болон энэхүү конвенцийн V бүлэгт заасны дагуу гэмт хэргээс олсон орлогыг таньж тогтоох, битүүмжлэх, мөрдөх, хөрөнгө буцаан олгоно гээд маш тодорхой хуульчилсан байгаа.
 
Оффшор данстай холбоотой Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас зарласан нэр бүхий 40 гаруй хүний, тэр дотроо Монгол Улсын Их Хурлын нэр бүхий таван гишүүн, төрийн өндөр дээд алба хашиж байсан болон одоо хашиж буй эрх мэдэлтнүүд, улстөрчдийн нэрсийг зарласан.
 
Гэмт хэргийн замаар олсон орлогоо оффшорт нуусан байж болзошгүй гэж үзээд нэр бүхий 12 эрхмийг сэжиглэж байгаа үндэслэлээ дурдаад 2017 оны гуравдугаар  сарын 2-ны өдөр Татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, АТГ, Цагдаагийн ерөнхий газрын дарга, удирдлагад албан бичгээр хүргүүлсэн. Хуульд заасан хугацаа 14 хоног, дээр нь прокурорын тав хоног нэмэгдэж энэ сарын 21-нд албан бичгийн хариу ирэх ёстой ч, ирүүлсэнгүй.
 
Мөн түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид “шаардах бичиг”, УИХ-ын 76 гишүүнд “тулган шаардах бичиг”-ийг Ард түмний Онц түр зөвлөл ТББ -ын зүгээс хүргүүлсэн.
 
Тулган шаардах бичгийн агуулга нь оффшор данстай Их хурлын гишүүн, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа төрийн албан хаагчид, улстөрчдийг УИХ-аар нээлттэй хэлэлцэж өгөөч. Хэлэлцүүлгийг олон нийтэд ойлгомжтой байдлаар хүргэх нөхцөл боломжийг гаргаж өгөөч. Ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 15-ны өдөр зарлан хуралдуулж өгөөч гэсэн юм.
 
Албан бичгийн хариуг өгөхгүй өчигдрийг (2017 оны гуравдугаар сарын 27-ны өдөр) хүрлээ.
 
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад улс төрийн авлига, “оффшорт нуусан мөнгө”, мөнгө угаах гэмт хэргийн эсрэг хамтарч ажиллах санал хүргүүлсэн байгаа. Хариу ирээгүй байна даа.
 
-Цаашид ямар алхам хийх вэ?
 
 -Ард түмний Онц түр зөвлөл ТББ нь хуулийн хүрээнд УИХ, Засгийн газар, хууль сахиулах байгууллагуудтай хамтарч ажиллана. УИХ, Ерөнхийлөгчөөс Ард түмний Онц түр зөвлөлийн албан бичгийн хариуг ирүүлээгүй байгаа нь улс төрийн авлига, оффшорчдыг хамгаалж байна гэж үзэж УИХ өөрөө тарахыг шаардсан албан бичгийг УИХ дарга М.Энхболд, УИХ-ын өргөдлийн байнгын хороонд, Ерөнхийлөгчид Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөө УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн албан бичгийг үндэслэн хуралдуулж өгөхийг шаардсан албан бичгийг энэ сарын 23-ны өдөр хүргүүлсэн.
 
“Гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо оффшорт нуусан”, “мөнгө угаасан”, “татвар төлөхөөс зайлсхийсэн” байж болзошгүй, “оффшор бүсэд данстай” нэр бүхий УИХ-ын гишүүд, төрийн өндөр дээд эрх бүхий албан тушаалтан, улстөрчдийн асуудлыг УИХ хэлэлцэхгүй, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 37-р зүйлийг ноцтой зөрчиж байгаа тул Монгол Улсын Үндсэн Хуулийн 22 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Монгол Улсын Их Хурал өөрөө тарахыг шаардаж байгаа.
 
Ард түмний Онц түр зөвлөл бол ТББ учраас шаардлага тавих, мэдэгдэл хийх, ард түмнээ уриалахаас өөр боломж хомс юм.
 
-Та сая УИХ оффшорчдыг хаацайлаад байж болзошгүй гэх хардлага байна гэлээ. Шаардлагад хариу өгөхгүй байгаа нь ингэж үзэх нэг үндэслэл болох байх. Өөр ямар үндэслэл байна?
 
Нэгдүгээрт, “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг соёрхон батлах тухай Монгол Улсын хууль”-ийн 16, 22, 31, 44, 45, 47, 49, 50, 52, 53, 54, 55, 57 дугаар зүйл,
 
Хоёрдугаарт, “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцийг соёрхон батлах тухай Монгол Улсын хууль”-ийн 5, 6, 7, 13, 14, 16, 17, 19, 20, 21, 31 дүгээр зүйл заалтыг өнөөдрийг хүртэл эрүүгийн болон бусад хуулинд хуульчилж өгөөгүй байгаатай,
 
Гуравдугаарт, “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцийг соёрхон батлах тухай Монгол Улсын хууль”-ийн 3, 5, 6, 8, 23-р зүйлд заасан гэм хэргийн бүх шинж Оюу толгойн гэрээнд тусгагдсан байгаатай,
 
Монгол Улсын ерөнхий сайд асан, Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа элчин сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт, Эрчим хүчний сайд Б.Зоригт, БОАЖ-ын сайд Л.Гансүх нарын байгуулсан “Оюу толгойн луйврын гэрээ”, Монгол Улсын ашиг авах  хугацааг хойшлуулж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гадныханд ашигтайгаар нууцаар Дубайн гэрээ гэгчийг байгуулсантай,
 
ОУВС-гийн тэргүүн Кристин Лагарт (2016 оны тавдугаар сар) “эрдэс баялаг нь авлигыг өөгшүүлэгч болж“, энэ бүх хууль зөрчсөн үйл ажиллагааг эрхлэх “зөвшөөрөл” олгосон “Монгол Улс” эдийн засгийн аюулгүй байдлаа алдаж, мөнгө санхүүгийн үлэмж хор хохирол амсч байгаатай,
 
Дөрөвдүгээрт, 1992-2017 онд төрөөс төрсөн ам.долларын саятан, тэрбумтан оффшорчдыг шалгахгүй байгаатай,
 
Тавдугаарт, НҮБ-ын VIII их хурал: “төр, засгийн удирдлагын хүрээн дэх авлига“-ын талаар тусгайлан тогтоол гаргаж, “Төр, засгийн удирдах албан тушаалтан авлигатай (оффшортой) холбогдсон бол төр, засгийн ямар ч ажил үр дүнгээ өгөхгүй, улсын хөгжил зогсож, улс үндэстэн, хувь хүнд нөхөж баршгүй хор хохирол, аюул занал тулгарна” гэсэн нь:
 
1. 26.5 тэрбум ам.долларын өр тавьж, 2. Тавьсан “өр”-ний үлэмж хэсгийг “өөрсдийн хувийн компани, үр хүүхэд, ах дүүгийнхээ нэрээр” оффшорт нуун, байршуулж, 3. “Өрийг өрөөр төлөх бодлого” буюу “Оффшорт нуух, байршуулах мөнгөний эх сурвалжаа нэмж олох бодлого” баримталж, 4. Монголчуудын төр, засагтаа итгэдэг гэнэн, итгэмтгий, цагаан цайлган өрөвч сэтгэлийг ашиглан тавсьан “өр”-өө ард иргэдээр төлүүлэхийн тулд татварыг нэмэгдүүлж, 5. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг алдагдуулж, 6. Газар нутгаа тавьсан “өр”-нийхөө төлбөрт өгөх бүх нөхцлийг Монголын Улсын их хурал, Засгийн газар бүрдүүлсээр байгаатай,
 
Зургадугаарт, Монгол Улсад учруулсан хохирол 17 тэрбум ам.доллар болж байгаатай,
 
Долдугаарт, 1992-2016 онд “Монгол Улс”-д хүүхдийн нас баралт 75 хувиар буурах боломжтой байсныг ард, иргэдээс нууж байгаатай,
 
Наймдугаарт, Мөнгө угаахын эсрэг санхүүгийн аргаар тэмцэх олон улсын байгууллага, FAFT-аас ирүүлсэн анхааруулгыг ард иргэдээс нууж байгаа зэрэг юм.
 
Иймд дээр хэлсэн хуулийн хүрээнд хуулиа бариад хоёр талаасаа ярилцъя. Зөв шийдлээ хуулийн хүрээнд ольё. Монгол Улсын олон улсын гэрээний хуулийг хэрэгжүүлж, оффшорт байгаа асар их мөнгийг оруулж ирье гэж байгаа.
 
Оффшор дахь мөнгийг эх орондоо авчирсан олон улсын туршлага бэлээхэн байна. Хоёр хөрш орон ч оффшорчдын эсрэг хатуу чанга тэмцэл хийж байна. Иймээс бид ирээдүйгээ харж, үр хүүхдийнхээ төлөө асуудлыг хуулийн хүрээнд яагаад шийдэж болохгүй гэж.
 
-Мөнгө угаахын эсрэг санхүүгийн аргаар тэмцэх олон улсын байгууллага, FAFT-аас ирүүлсэн анхааруулгад юу гэсэн юм бол?
 
1. “Эрүүгийн хууль”-ийн мөнгө угаах зүйлийн хуулийн этгээдэд хариуцлага тооцох заалтыг нэмж оруулахдаа FAFT-ын саналыг тусгах,
 
2. Улс төр, бизнесийн бүлэглэл мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой байгааг,
 
3. Төрийн өмчит компаний хөрөнгийг завших гэмт хэрэг их байгааг,
 
4. Монгол Улсаас эх үүсвэртэй асар их хэмжээний мөнгө гадаадын банкууд, оффшор бүсийн банкаар угаагдаж байгааг,
 
5. Төр, засгийн зарим удирдах албан тушаалтан нийтийн өмч, хөрөнгийг албан тушаалаа урвуулан үлэмж их хөрөнгө, мөнгө завшиж байгааг,
 
6. Мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн этгээдийг хаацайлан хамгаалж байгааг,
 
7. “Мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үүрэгтэй” хууль сахиулах байгууллагын ажилтнуудын оролцоо бүхий “Гэмт хэргийн бүлэглэл” байгааг,
 
Энэ бүлэглэл их хэмжээний хууль бус орлого олж, гадаад, дотоодын банкинд байршуулж байгааг анхаарч, тэдэнд хуулийн хатуу чанга хариуцлага хүлээлгэх хэрэгтэй байгааг,
 
8. Мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ногдуулах ял, шийтгэлийг чангатгах хэрэгтэй байна гэсэн байгаа.
 
-Тэгвэл хууль хэрэгжүүлэх ёстой байгууллагууд яагаад үүргээ биелүүлэхгүй, асуудлыг шийдэхгүй байна вэ. Та юу гэж үзэж байна?
 
-Энэ маш сонин асуулт. Ард түмний Онц түр зөвлөл, ард түмэн хүлцэнгүйдээ хараад суугаад байгаа хэрэг огт биш, төрөө хүндэтгэж байгаа хэлбэр. Ямар шийдвэр гарах бол гэж харж байгаа. Мөн үүнтэй холбогдуулж хүмүүс үгээ хэлж байна. “Оффшор-ОВТ ШААР, Ов нь дэндсэн шаар, Овъёос даахгүй таар, Оргож зугтаагсдын шийр, Оршуулах газаргүй хүүр” гэж Ардын уран зохиолч Т.Галсан,
 
“Эх орон маань сэхээнд байна, ард түмэн сахиж байна, Төрийн түшээд эргэхгүй байна, Түмэн олон санаа зовж байна”, “Биеийг идэх “өт” бие дотроос гардаг, Төрийг идэх “өт” түшмэд дотроос гардаг” гэж Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн,
 
“Монгол Улс хямраагүй, харин “оффшор данстан”-ууд хулгай хийж, хувааж идэж хямруулсан” гэж Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,
 
“Ард түмнийхээ төлөө УИХ-ын гишүүн болох гэж явдаг болов уу гэж боддог байлаа. Гэтэл тэд Авлига авах гэж шунадаг юм билээ. Би өөрийгөө овоо бизнесмен гэж боддог байлаа. УИХ-ын гишүүдийн хажууд ТҮЦ л ажиллуулдаг гэдгээ мэдсэн” гэж УИХ-ын гишүүн асан, Нарантуул захын эзэн Ш.Сайхансамбуу,
 
“Харамсаж байна. Оффшорт байгаа хулгайн мөнгийг татаж чадахгүй, цуг идсэн мэт хаацайлж суух юм” гэж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нар үзэл бодлоо илэрхийлсэн.
 
-Таны ярианаас оффшортой тэмцэхэд хууль эрх зүйн бүх боломж нээлттэй гэж ойлголоо. Гэхдээ УИХ-ын гишүүд, холбогдох байгууллагууд наад зах нь Банкны тухай хуулийн харилцагчийн мэдээллийг нууцлана гэсэн заалтаас эхлээд боломж хязгаарлагдмал гэж хэлдэг шүү дээ?
 
-“Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг соёрхон батлах тухай Монгол Улсын хууль”-ийг хэрэгжүүлээч л гэж Ард түмний Онц түр зөвлөл шаардаж байгаа. НҮБ-д нэгдэн орсон 198 орон бий. Эдгээр улс манай улсын хуулийн болоод хууль сахиулах байгууллагууд шаардсанаар гэмт хэргийн нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. “Авлигын эсрэг НҮБ-ын конвенц”-ийн 46 дугаар зүйлд үүнийг тодорхой заасан байгаа. Банкны нууцлал үүнд үл хамаарна. Гэмт хэргийн орлого гэж үзэж байгаа учраас. Тэр нь үр хүүхдийнх нь нэр дээр байх нь ч хамаагүй. Тухайн хүн түүнийгээ яаж олсноо нотлох ёстой. Нотолгоог тухайн улсаас, оффшор бүсэд байгаа улсаас гаргуулж авах бүрэн боломжтой.
 
-Оффшортой тэмцэхээр манай хуулийн байгууллагууд бусад орон руу хандаж албан бичиг, хүсэлт илгээдэг болов уу. АТОЗ энэ талаар судалж үзэв үү ?
 
-Швейцарийн прокурор сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой асуудлаар хэрэг үүсгэчихээд байгаа юм билээ. Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюу толгойн гэрээнээс авлига авч байж болзошгүй гэдэг асуудлаар Монгол Улсын Ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газраас Швейцарийн прокурорт гомдол, хүсэлт гаргаагүй болов уу даа. Албан бичиг очсон бол 9.2 сая ам.доллар Австралийн ANZ банкнаас гүйлгээний ямар утгатай шилжсэн, түүнээс өөр мөнгөний эх үүсвэр байна уу үгүй юу, мөнгө угаасан уу үгүй юу гэх зэрэг асуудлыг хариу тодорхой болох байсан.
 
 
-Монгол Улсад авлига, улс төрийн авлига ямар түвшинд байна вэ?
 
-Азийн сан, Сант Марал сантай хамтран “авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох” 16 дахь удаагийн судалгаагааг Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны дэмжлэгтэйгээр нийслэл Улаанбаатар хот болон аймаг, сумдыг хамруулан үндэсний хэмжээнд 2015 оны дөрөвдүгээр сард явуулсан. Энэ судалгааны дүнгээс харвал Авлигад хамгийн ихээр өртсөн газрын жагсаалтын эхний тавд Улс төрийн намууд, УИХ, Засгийн газар гурвуулаа оржээ.
 
Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, ажлын үр дүнд өгсөн үнэлгээ 2013 оны есдүгээр сард 29.4 хувь байсан бол 2014 оны гуравдугаар сард 22.6 хувь, 2015 оны дөрөвдүгээр сард 16.6 хувь болж буурсан.
 
Авилгатай тэмцэх байгууллагад итгэх иргэдийн итгэл 2013 онд 46.5 хувь, 2014 онд 45.7 хувь, 2015 онд 39.2 хувь болж буурчээ.
 
2006-2014 онд хийгдсэн судалгаанаас харахад авлига нийгмийн үзэгдэл болсон гэж 80 гаруй хувь нь үзэж байсан бол 2015 оны дөрөвдүгээр сарын судалгааны дүнгээр энэ тоо 85.3 хувь болж өсчээ.
 
-УИХ “авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” батлаад хэрэгжүүлж эхэлж байгаа нь хэр үр дүнтэй гэж үзэж байна вэ ?
 
-УИХ-д 72 суудалтай МАН-ын (МАХН) УИХ дахь бүлэг (“Авилгын эсрэг хууль”-гүй, “Авлигатай тэмцэх газар”-гүй атлаа) “авилгын эсрэг үндэсний хөтөлбөр”-ийг 2002 онд баталж, оффшорчид-улс төрийн авлигачтай тэмцэх хөтөлбөр хэрэгжих нь гэж монголчууд бид “найдсан” нь “цаасан дээрх хоосон амлалт”, худал хэлсэн үг болохыг 15 жил өнгөрсний дараа буюу сая л 2017 онд дөнгөж “ухаарч” байна даа. УИХ-д 65 суудалтай МАН-ын УИХ дахь бүлэг “авлигын эсрэг үндэсний хөтөлбөр” 2016 оны арванхоёрдугаар сард баталж, оффшорчид-улс төрийн авлигачтай тэмцэнэ гэж “худал ярьсаар” дөрвөн сарыг өнгөрөөж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Оффшорчид-Улс төрийн авлигачтай” тэмцсээр наймдугаар сар өнгөрөөж, монголчуудыг “хуурч мэхэл”-сээр 2002 оны “түүхээ давтаж” байна.
 
Энэ тухай “УИХ-ын гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат авлигатай-“ Оффшорчид-Улс төрийн авлигачтай” тэмцэнэ гэж 2016 оны наймдугаар сарын 24-нд мэдэгдэв” , “УИХ-ын гишүүн, Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Оффшорчид-Улс төрийн авлигачтай” тэмцэж, “оффшорт нуусан хөрөнгөө оруулж ирэхгүй бол илрүүлж, хурааж авна” гэж мэдэгдэв” гэж цахим сайтуудад гарч байв.
 
2017 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 21:00 цагийн TV5 сувгаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Оффшорчид-Улс төрийн авлигачтай“ хийх тэмцлийг “эрчимжүүлнэ”, АТГ-ын дарга Х.Энхжаргал “шүгэл үлээгч”-ийг (АТОЗ) “дэмжинэ” гэж мэдэгдснээр ард, иргэд, сонгогчид “найдлага, горьдлого” тээсээр...байна. Мөн энэ сарын 24-ны “хаалтын гэрээгүй” Монгол ТВ-ийн оройн 20:00 цагийн мэдээгээр Монгол Улсын Ерөнхий сайд асан, ИБУИНВУ-д суугаа элчин сайд С.Баяр “авлига аваагүй, мөнгө угаагаагүй” гэдгийг “баримт, хуулийн үндэслэл”-гүйгээр “хуульч” Б гэгч баталж байх юм. Авлига, улс төрийн авлигатай ISO 37001:2016 стандарт гаргаж тэмцэнэ гэнэ дээ. Гэмт хэргийг стандарчлах юм байхаа. Дэлхийд анх удаагаа Монгол Улс энэ стандартыг хэрэгжүүлэх юм байхаа гэж мэдээллийн томоохон сайтад бичсэн байв.
 
-Оффшорт байгаа мөнгөний хэмжээ одоогоор 17 тэрбум ам.доллар гээд байгаа. Цаашид энэ тоо нэмэгдэх болов уу. Үүнийг тооцоолох ямар аргачлал байдаг юм бол?
 
-УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Намайг Германд явж байхад оффшор бүсийн талаар судалгаа хийдэг доктор В.Зенели танай улсад орсон гадаадын хөрөнгө оруулалтыг нэг хүнд хувааж тооцвол 5444 ам.доллар болж байна. ДНБ-ий нэг хүнд ногдох орлого 3770 ам.доллар юм байна. Тэгэхээр зөрүү 2000 шахам ам.доллар нь офшор бүсэд танай улстөрчдийн дансанд байх магадлалтай” гэх ноцтой дүгнэлт хэлсэн. Өөрөөр хэлбэл, гэмт хэргээс олсон орлого болох зургаан тэрбум ам.доллар Монголоос гарч оффшор бүсэд байна гэсэн үг.
 
12 оффшор бүсэд Монголын 611 компани бүртгэлтэй байна. 272 компани нь Их Британы арлуудад, 193 компани Хонг Конгод, 68 компани Швейцарьт, бусад нь Люксенбург, Вагама, Кипр, Гаутены арлуудад, Панама, Ирланд, Гибралтар, Летхейнштенд бүртгэлтэй байна.
 
-Ингэхэд манай УИХ Оффшорын тухай хууль батлахаар хэсэгтээ л ярьсан. Хуультай болохыг та юу гэж үздэг вэ?
 
-Оффшорт санхүүгийн гэмт хэрэг хийдэг луйварчид, дилерүүд, авлигач улстөрчид, албан тушаалын эрх нөлөөгөө урвуулан ашиглагчид, төрийн өмч хөрөнгийг шамшигдуулагчид, татвар төлөхөөс зайлсхийгчид, хулгайч, дээрэмчид, алан хядагч, галт зэвсгийн наймаачид, хар тамхины болон хүний наймаачид мөнгөө нууж, хадгалдаг. Оффшорт гэмт хэргийн орлогоо нууж, байршдаг. Ийм хууль гарах юм бол олон улсын эрхзүйд гутамшиг болно биз дээ.
 
-Монгол Улс өрийн дарамт, эдийн засаг, улс төр, аюулгүй байдлын мухардмал байдлаас гарах гарц нь юу байх бол?
 
-Үндсэн хуулиа шинэчлэх, өөрчлөх замаар энэ байдлаас гарах боломжтой. Энд бас сонин юм ажиглагдаж байгаа юм. 1992-2016 оны хооронд УИХ-ын гишүүнээр 456 хүнийг бид сонгосон байгаа юм. 456 хүнээс олигархи, хулгай, луйвар,оффшор данстай нэлээд олон тооны хүмүүс тодорсон байх юм. Тэдэнд хуулийн ямар хариуцлага тооцов гэдгийг ард, иргэд өөрсдөө бодох хэрэгтэй.
 
-Нэг хүнтэй хариуцлага тооцож, тэр хүнээ шүүх нь, прокурор нь, ард түмэн нь хянадаг Өмнөд Солонгос шиг байх юм бол гэмт хэрэг үйлдэж чадах уу?
 
-Тэгвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болъё, ард түмэндээ хяналтыг өгье. Намд хандив өгдөг, тэр хэмжээгээр төр, засгийн эрх мэдлийг хувьдаа авдаг тогтолцоог солих хэрэгтэй. Монголоо гэх сэтгэл зүрхгүй хүн өгсөн мөнгөө буцааж олж авахыг л бодохоос бидний төлөө юм хийх үү. Ард, иргэд, сонгогчид өөрсдөө бодох л хэрэгтэй дээ. 
 
Ч.ҮЛ-ОЛДОХ
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин