sonin.mn
ЛОНДОН./BBC/. Их Британийн нийслэл Лондон хотын төв болох Уэстминстерт болсон 5 хүний аминд хүрсэн халдлагыг Халид Масуд гэгч этгээд үйлдсэн болохыг Английн цагдаа нар тогтоожээ.
 
Кент гүнлигт төрсөн 52 настай Халид Масудыг цагдаа нар хэргийн газарт буудан устгасан юм.
 
Английн иргэд болох 48 настай Кейт Палмер, Айша Фрейд болон АНУ-ын жуулчин 54 настай Курт Кочран нар өнгөрсөн лхагва гарагт болсон халдлагын үеэр амь насаа алдсан байна. Тэднээс гадна 72 настай нэгэн иргэн пүрэв гарагийн орой эмнэлэгт нас баржээ.
 
Халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээсэн байна.
 
Гурван эмэгтэй болон таван залууг лхагва гарагт болсон террорист халдлагыг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж, Лондон болон Бирмингем хотод баривчилсан байна.
 
Мөрдөн байцаагчид Кармартеншир, Бирмингем, Лондон хотуудад хэд хэдэн хаягаар үргэлжлүүлэн нэгжлэг хийжээ. Мөн Лондонгийн зүүн өмнөд дүүргүүд болон Брайтон хотод нэгжлэг хийж байгаа аж.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг