sonin.mn
   Нийслэлийн прокурорын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэнгийн ярьсан мэдээлэл сүүлийн үед олны анхаарлыг татах болов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцад Төрийн нууцын хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж буй төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг үүрэгдсэн. Тиймээс нийслэлийн прокурорын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт оролцож, Төрийн нууцын зэрэглэлээс гаргасан мэдээллээс дурдаж, яллагдагч нарын хэргээ хүлээж байгаа, гэмт хэрэг үйлдсэнийг нь нотлох баримт бүхий дөрвөн видео бичлэг, мөн С.Зориг агсны эхнэр Д.Булганы тухайн хэргийг үйлдсэн болох хэрэгтнүүдийг дүрсэлсэн аман зургийн эх хувилбарыг үзүүлсэн юм. Ингэснээр олон жил оньсого таавар мэт хүлээлт үүсгэсэн дуулиант хэргийн талаар олон нийт бага ч болов мэдээлэлтэй болсон ч эргэлзсэн хэвээр үлдэв. Тодруулбал, сошиал ертөнцөд “Эргэлзэж байна. Тэднийг хүчээр яриулсан”, “Захиалагч нь л чухал. Хүн яаж үнэмших вэ дээ, хүүхэд шахуу залуусаар, улс төрийн хэрэг үйлдүүлээд. 20-иод жилийн дараа гэнэт илрүүлж гэнэ”, “Захиалагчдынх нь хэн нэгэн амьд сэрүүн, алба хаагаад, бидний дунд зүсээ хувиргаад явж л байгаа шүү дээ. Жинхэнэ эздэд ялыг нь оноох нь ард түмний дунд чухал сэдэв хэвээр байгаа”, “Захиалагч нь тодорхой биш байхад захиалгат хэрэг гэх юм. Та гуравт хэн захиалга өгсөн бэ гээд камерын өмнө асуучих хэрэгтэй шүү дээ” гэх зэргээр итгэхгүй, эргэлзсэн сэтгэгдэл түгэж байна. Олон нийт аливаа зүйлийн талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, таамаглах, хардах эрхтэй боловч зарим нэг нь энэ талаар байр сууриа илэрхийлэхээс эмээж байв. Хамгийн гол нь олон нийтийн хандлага болон хуульч, өмгөөлөгчдийн үзэл бодлоос харахад хугацаа алдахгүй захиалагчийг илрүүлэн шүүх асуудал үлдэв.
 
ХЭРГИЙН ТАЛААР АН ЮУ Ч ДУУГАРАХГҮЙ БАЙНА
 
         Дээрх мэдээллээс гадна бас нэгэн хүний яриа сүүлийн үед олны анхаарлыг татаж байгаа билээ. Тодруулбал, давж заалдах шатны шүүх хуралд хохирогчоор С.Оюун оролцох байсан ч тодорхой шалтгаантай байсан учир түүний ах С.Баяр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Гэхдээ “Шүүх хурлыг нээлттэй явуулахгүй бол оролцох боломжгүй” хэмээн орхин гарсан. Тэгвэл С.Баяр уг хэргийн талаар хэвлэлд анх удаа ярилцлага өгч, байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “С.Зориг бол Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын удирдагч, төр, нийгмийн зүтгэлтний хувьд улс орондоо төдийгүй, дэлхийд танигдаж хүндлэгдсэн улстөрч. Түүний араас монголчууд бид харамсан гашуудсаар ирсэн. Яагаад түүнийг хөнөөв, хэргийг хэзээ илрүүлэх вэ гэдэг нь 19 жилийн турш нийгэмд хүлээлт үүсгэсэн асуудал. Нээлттэй, ардчилсан нийгэмд олон түмэн үүнийг мэдэх эрхтэй. Манай С.Зориг бол Монголд ардчилсан нийгэм байгуулахын төлөө журмын нөхдийнхөө хамт тэмцэж яваад бусдын гарт хөнөөгдсөн. С.Зоригийн хамтран зүтгэгчид энэ хэргийг илрүүлэхийг байнга шаардсаар ирсэн боловч харамсалтай нь өнөөдөр өөрийнх нь нам юу ч дуугарахгүй байна.” гэжээ. Түүнийг ийн ярьсаны дараа олон нийт нэгэн таамаг дэвшүүлж, сошиал ертөнцөөр мөн л шуугиж эхлэв. С.Зориг агсны мэдэлсэн болон нас барсан өдрөөр хөшөөнд нь цэцэг өргөхөөс өөрөөр хэргийг илэрүүлэхэд дорвитой алхам хийхгүй байгаа талаар тэд үзэл бодлоо илэрхийлж байна. Энэ нь нэг талаараа тухайн хэргийн цаана АН-ын угшилтай хэн нэгэн байгаа учир үүссэн нөхцөл байдалд намынх нь зүгээс байр сууриа илэрхийлэхгүйн зэрэгцээ хэргийг илэрүүлэхэд түлхэц болохгүй байна хэмээн хардаж байгаа нь тэр.
 
ХЭРГИЙГ БҮРЭН ГҮЙЦЭД ИЛРҮҮЛСЭН ГЭДЭГТ ИТГЭЛ ҮНЭМШИЛ ТӨРӨХГҮЙ БАЙНА
 
        Шүүхээс С.Зоригийн амь насыг захиалгаар, шунахайн сэдлээр хөнөөсөн гэж үзсэн. Харин С.Баяр уг хэргийг улс төрийн аллага гэж үздэгээ хэлсэн. Тэрбээр “УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайдад нэр дэвших магадлалтай байсан хүний амийг хөнөөсөн хэрэг бол ямар ч өнцгөөс харсан, олон улсын жишгээр ч гэсэн улс төрийн аллага гэж үздэг. Тиймээс захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгчтэй хэрэг гэдэг үндэслэлээр шалгагдаж ирсэн. Харин энэ олон жилийн дараа хэргийг төр, нийгмийн зүтгэлтний амь насанд халдах гэсэн хуулийн зүйл заалтаар шийдсэнгүй. Бидний ойлгож байгаагаар аллагад захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нар оролцсон, тэд нар нь хоорондоо салшгүй холбоотой. Тиймээс энэ хэрэг бүрэн гүйцэд шийдэгдсэн гэж үзэх боломжгүй байна. Миний дүү С.Оюун бид хоёр хохирогчийн хувьд хэргийн материалтай танилцсан. Бид хоёрт хэргийг бүрэн гүйцэд илрүүлсэн гэдэг итгэл үнэмшил төрөхгүй байна” гэжээ.
 
Шүүхийн шийдвэрийг эргэн сануулахад, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тодруулбал, анхан шатны шүүхээс С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 24- 25 жилийн хорих ял оноосон юм. Ийн 19 жилийн дараа хоёр шатны шүүх хурал болж, нэр бүхий гурван хүнд ял ногдуулахад олон нийт С.Зориг агсны эхнэр Б.Булганыг шүүх хуралд гэрчээр оролцуулсангүй гэж шүүмжилж байв. Учир нь, хэрэг гарах тухайн үед Б.Булган байсан тул гэрчлэх учиртай гэж үзсэн хэрэг. Үүнд нийслэлийн прокурорын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга хариулт өгсөн. Тэрбээр “Байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд тухайн хэрэгт холбогдолгүй, хэргийн талаар үнэн зөв мэдээллийг мэдэж байгаа хүнийг гэрч гэж тодорхойлсон байдаг. Булган тухайн хэрэгт холбогдон шалгагдсан. Шүүхийн шатанд шилжүүлж гэм буруугийн асуудлыг хэлэлцэх хэмжээний нотлох баримт бүрдээгүй гэдэг нөхцөл байдлаар Б.Булганы үйлдлийг прокуророос хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр байцаан шийтгэх шаардлагын дагуу гэрчийн хэмжээнд шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэжээ.
 
Дашрамд дурдахад, Төрийн нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т “Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс төрийн нууцыг яаралтай ил болгох шаардлага гарсан онцгой тохиолдолд Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч уул асуудлыг шийдвэрлэнэ”… хэмээн заасан байдаг аж.
 
С.Аз
Эх сурвалж : "Монголын үнэн" сонин