sonin.mn
Хүн амины хилс хэрэгт гүтгэгдэн олон жил шүүх, цагдаагаар явж эрх нь зөрчигдөж байгаа гэсэн иргэн А.Жаргал манай сонинд хандсан юм. Тэрээр Өвөрхангай аймгийн уугуул. Дөрвөн жилийн өмнө нийслэлд хүн амины хэрэгт сэжиглэгдэн шүүх, цагдаагаар явсаар байгаа аж. Тэрээр ийнхүү ярилаа.
 
-Хүн амины хилс хэрэгт гүтгэгдсэн гэлээ. Болсон явдлын талаар ярихгүй юу?
 
-Одоогоос дөрвөн жи­лийн өмнө 2013 оны гу­рав­дугаар сарын 6-нд Т.Доржбаатар /талийгаач/ гэдэг хүний амь насаа алдсан хэргийг намайг үйлдсэн мэтээр цагдаа, прокурорын байгууллагынхан хуурамч баримт бүрдүүлсэн. Талийгаачтай би тэр өдөр жаахан юм уусан юм. Бид хоёр эртний танил, уулзахаар жаахан юм хуваагаад уучихдаг зантай. Тэр өдөр надтай хамт Нарантуул зах дээр ууж байгаад согтчихоор нь орхиод явчихсан.
 
Хан-Уул дүүрэгт найзындаа очоод ахиад жаахан юм хувааж уухаар дэлгүүр явж байтал талийгаач замд таарсан. Тэгээд “Намайг орхичихоод явчихлаа” гээд жаахан гомдоллоод л зүгээр болсон. Талийгаачийг дагуулаад найзындаа очсон. Талийгаач тухайн үед Төв аймагт хоёр хүн хутгалчихаад зугтааж явсан байдаг. Тийм болохоор сэтгэл санаа нь тавгүй байсан. Ер нь архи уучихаар жаахан тавьтаргүй, энд тэнд хэрэг хийчих гээд байдаг зантай хүн. Гэхдээ одоо талийгаач болсон хүний тухай муу зүйл яриад яахав. Тэр үед намайг “Тавантолгой явж ажиллая” гэж ярьж байсан юм. Би ч тухайн үед хотод барилга дээр ажилладаг байсан учир “Удахгүй барилгын ажил эхэлнэ” гээд цаарагласан.
 
Түүнд жаахан дүргүйцээд босоод ирэхэд нь би цээжнийх нь хавьцаа түлхчихээд бие засахаар гараад явсан. Нөгөөх маань  суугаад л хоцорсон. Удалгүй хажуу айл руу орж байгаа харагдсан. Би ч бас удалгүй гэрт ороод иртэл галын дэргэд хутга харагдлаа. Уг нь тэр айлд хутга байгаагүй юм. Би гайхаад “Юун хутга болчихов” гэтэл талийгаач зүүн мөрөн дээрээ шарх авчихсан байсан. Өөрийгөө хутгалчихсан нь ойлгомжтой. 103-т дуудлага өгөөд удалгүй эмнэлгийнхэн ирээд авч явсан. Цэргийн нэгдсэн госпиталд аваачиж шархаа оёулсан. Би ч бас хамт явсан юм. Тэр үед “Яасан бэ. Бие зүгээр үү” гэтэл талийгаач “Хоёр см шархтай гэж байна. Зүгээр” гэж байсан. Гэтэл эргээд тэр нь үхлийн шалтгаан болж, бүр би буруутсан харамсалтай явдал болсон.
 
-Эмнэлгийн тусламж авсан хүн яагаад өнгөрчихөв?
 
-Эмнэлэгт очсон үе 21:00-22:00 цагийн хооронд байсан. Гэтэл талийгаач шархаа оёулчихаад жаахан агсамнаж эмнэлгийн аппарат тоног төхөөрөмжийг нь эвдчих гээд байсан юм билээ. Эмч нар цагдаа дуудчихсан байсан. Би ч түүнийг нь мэдэхгүй сууж байтал хоёр цагдаа орж ирээд талийгаачийг авч явахаар болсон. Намайг харчихаад “Та гайгүй юм байна. Явбал яв” гэхэд нь би хамт уусан хүнээ орхиод яахав гэж бодоод “Наад хүнийг чинь орхиод явахгүй” гэтэл хамт Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс рүү хамт аваад явсан.
 
Цагдаагийн эрүүлжүүлэх байранд очоод биднээс юу болсон талаар тайлбар авсан. Хаана уусан, яагаад шарх авсан гээд л. Талийгаач “А.Жаргал хамаагүй. Би өөрийгөө хутгалсан” гэж мэдүүлж байсан. Тэгээд намайг өөр өрөө рүү оруулаад, талийгаачийг аваад хоцорсон. Төд удалгүй талийгаач “Больё. Та нар хүн аллаа” гэж орилж байгаад чимээгүй болсон. Түүнээс хойш 30 орчим минут болоод цагдаа нар намайг эрүүлжүүлэх байрнаас аваад явсан. Тэр үед 01:00 цаг өнгөрч байсан. Намайг эрүүлжүүлэхээс гарч явахад талийгаач орон дээр эгц дээшээ харчихсан хэвтэж байсан. Тэр үед л нас барчихсан байсан юм билээ. Цагдаа нар намайг авч яваад бидний хамт байсан айлд очиж үзлэг хийж, зураг хөрөг авсан. Намайг буцааж камер руу хийгээгүй. Цагдаагийн үүдэнд суугаад үүр цайлгасан. Өглөө нь талийгаачийг юу болов гээд очоод хартал шөнө хэвтсэн байрлалаараа л байсан. Үхлийн цаг нь шөнийн 01:30 цагийн үе. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлт дээр талийгаачийг 06:00 цагт нас барсан гэсэн байдаг. Энэ мэт үнэнд нийцэхгүй, зохиомол баримт, материал хавтаст хэрэгт маш их бий.
 
-Нас барсан шалтгааныг шүүх эмнэлэг юу гэж тогтоосон байдаг вэ?
 
-Талийгаач архины халуундаа цагдаа нарт анх жаахан агсамнаж байсан. Цагдаа нар талийгаачийг камерт зодоод орлиулж байсныг эрүүлжүүлэхэд байсан бүх хүн мэднэ. Тэд бүгд “Боль, хүн аллаа” гэж хашгиралдаж байсан. Гэтэл мэдүүлэгт “Зодсон явдал байхгүй. Орилж хашгирсан чимээ байхгүй” гээд зохиогоод биччихсэн байсан. Маргааш нь надаас болсон явдлын талаар асуугаад би ч ярьсан. Түүнийг тэмдэглэж байсан. Тэгтэл миний ярьсныг зохиож бичээд л намайг хутгалсан болгож хувиргаад саатуулсан. Хутгалсан гэх хутга 10 см. Гэтэл талийгаачийн биед үүссэн шарх нь 20 см гүн хутгалсан гэж байгаа юм. Ийм буруу зөрүү баримт байж болохгүй биз дээ. Би тэр хүнийг хутгалах хэмжээнд хүртэл муудалцаагүй. Хоо­рондоо хэрэлдэж ноцол­доогүй.
 
Миний бодлоор өмнө нь хийсэн хэрэгтээ гэмшээд, сэтгэл санаа нь тогтворгүйтээд архины халуунд өөрийгөө гэмтээсэн болов уу гэж боддог.  Цагдаа нар өөрсдөө зодоод алчихсан нь тодорхой. Ар гэрт нь хэлэхгүй тав хоног нуучихсан байсан. Ар гэрийнхэн ч цагдаа нарт гомдолтой гэж нэг хэсэг шүүхээр явсан. Гэтэл тэр цагдаа нарыг хариуцаж байсан дарга нь талийгаачийн ар гэрт очиж “Манай цагдаагийнхнаас ямар туслалцаа авмаар байна. Бид туслахад бэлэн. Манай ажилчдаас олон хүн ажил, амьдралгүй болох гээд байна” гэж уулчлалт гуйсан байдаг. Сүүлчийн шүүх хурал дээр талийгаачийн ар гэрийнхэн цагдаа нарт биш надад гомдолтой болчихсон байсан. Төрсөн дүүгийнхээ амиар ингэж бизнес хийж болохгүй.
 
-Одоо хэргийн явц ямар байгаа вэ. Та хоёр жил гаруй саатуулагдсан гэв үү. Шүүхийн шийдвэр гарсан уу?
 
-Хоёр жил дөрвөн сар гаруй хоригдсон. 2015 оны зургадугаар сард суллагдсан. Шүүх хурал таван удаа болсон. Анхан шатны шүүхээс хэдэнтээ буцаж шийд гарахдаа надад 10 жил нэг сар хорих ял оноосон. Түүний дараа дахиад давж заалдах шатны шүүх болоод 2015 онд хэргийг түдгэлзүүлсэн. Гэрч болох н.Мягмар /талийгаачтай хамгийн сүүлд байсан айл/-аас мэдүүлэг авах шаардлагатай, хаана байгаа нь тодорхойгүй гэсэн шалтгаантай.
 
Гэтэл Мягмар гэртээ байгаа, утас шөрмөс нь ч бий. Ингэж удаашруулсаар хэргийг дахиж сэргээсэн гээд оны өмнө намайг Өвөрхангайгаас дуудуулсан. Ирээд багагүй хугацаа өнгөрчихлөө, шийдсэн юм ч алга. Шүүх, хуулийн байгууллагын үүд сахиад л явж байна. Ийм маягаар амьдралынхаа дөрвөн жилийг алдлаа. Уг нь хуулийнхан эмнэлэгт үзүүлсэн тэмдэглэгээ, эрүүлжүүлэх байрны хяналтын камерын бичлэгийг үзчихэд л бүх зүйл тодорхой болно.
 
Гэтэл ерөөс түүнийг баримт болгож тоодоггүй. Үүнд маш их гомдолтой байна. Хууль хяналтын байгууллагынхан энгийн номхон ард иргэдийг хуулийн мэдлэггүйгээр нь далимдуулан эрх ашгийг нь хохироож байна. Цагдаа нар намайг анх саатуулаад нэг сар болсны дараа ар гэрийнхэнд маань мэдэгдсэн. Уг нь хууль журмаараа 24 цагийн дотор мэдэгдэх ёстой байдаг юм билээ.
 
Хөгшин настай эцэг, эх хоёр маань маш их шаналж байгаа. Би ч энэ хэргээс болж орон гаран болчихоод байгаа. Хийгээгүй хэргийнхээ төлөө багагүй хугацаанд шоронд сууж, хүний амь хөнөөсөн хэрэгт гүтгэгдэж явах үнэхээр хүнд байна. Шоронд байхдаа 71 хоног өлсгөлөн зарласан, хууль, шүүхийн дээд байгууллага, УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч гээд хүмүүст 80 гаруй удаа хандсан. Хэн нь ч иргэнийхээ эрх ашгийг тоогоогүй. Үүнд маш их гомдолтой байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин