sonin.mn
Өмнөговь аймгийн зарим сумдад өнгөрсөн долоо хоногт онц хэрцгий аргаар хүний бие, эрүүл мэндэд халдсан, дээрэм булаалтын хэргүүд дараалан гарсан байна.
 
Тиймээс  Өмнөговь аймгийн Даланзадгад суманд нэг дор аймшигт хэрэг дараалан гарсантай холбогдуулан нутгийн иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлж, аймгийн цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ.
 
Энэ сарын 14-ний өдөр тус аймгийн Даланзадгад суманд 13 настай өсвөр насны охиныг гэмт этгээдүүд бүлэглэн зодож, хүчирхийлсэн аймшигт хэрэг үйлджээ. Хохирогч охины нэг хөл нь хугарч эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан  мэдээлэл байна. Дээрх аймшигт хэрэг үйлдэгдсэнээс гурав хоногийн дараа аймгийн төвд байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хашаанаас 19 настай оюутан охин бусдад зодуулсан байдалтай олджээ. Оюутан охиныг олсон даруйд эмнэлэгт хүргэхэд эмчийн үзлэгээр  хүчирхийлүүлсэн болохыг тогтоож,  охины биеийн байдал тааруу, аймгийн сэхээн амьдруулах тасагт  эмчлүүлж байна.
 
Аймгийн цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин сэжигтнүүдийн ам зургийг гаргаж, эрэн сурвалжилснаар  хүний амь биед аюултайгаар хүч хэрэглэн халдсан онц хүнд гэмт хэргүүдийг үйлдсэн хоёр этгээдийг энэ сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 03:00 цагийн орчимд отолт хийн баривчилжээ. Дээрх гэмт хэргүүдийг гурав ба түүнээс дээш хүн үйлдсэн байж болзошгүй тул тэдний хоёрыг баривчилсан ч бусдыг нь эрэн сурвалжилж байгаа аж.  Зарим сэжигтэн баригдаагүй тул  дахин хохирогч нэмэхгүй байх үүднээс цагдаагийн байшууллагаас иргэдэд сэрэмжлүүлэг тараасан гэж аймгийн ЦХ-ээс мэдээллээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг