sonin.mn
БНСУ-ын иргэн Пак гэгч Нийслэлийн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах Нүхтийн амны зургаан айлаас эд зүйлс хулгайлсан нь баригдаад байна. 
 
 Хагас жил гаруйн өмнөөс үнэт бурхан хулгайлах явдал гарчээ. Цагдаагийнхан уйгагүй мөрдөснөөр  удаа дараа үйлдэгдэж буй хулгайг нэг хүн хийж байгааг шалгалтын явцад тогтоосон байна.
 
Хулгайч айлуудад нэвтрэхдээ хамгаалалт дохиоллын системийг унтрааж, хяналтын камерийн бичлэг зэргийг устгаж байжээ. Хэргийн газрын үзлэгээр, хулгай орсон айлуудаас хулгайчийн хурууны хээ олджээ. Пак гэгч чинээлэг айлуудыг судлан гэрт нь хууль бусаар нэвтэрч алтан бурхан, соёлын хосгүй үнэт өв болох 1700-1800-гаад оны үеийн бурхад хулгайлсан байна. Шалгалтын явцад, сэжигтэн Пак  нь монголын нэр бүхий улс төрч, бизнесменүүдийн гэрт нэвтэрч 20 гаруй бурхан, шашны эд зүйлс хулгайлсан нь тогтоогдож, одоогоор дөрвөн тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулаад байна.Шүгдэн гэх ховор бурхан ч эд зүйлс дунд нь байжээ. 
 
Хулгайчийн хурууны хээг ШШГЕГ,  Шүүх шинжилгээний хүрээлэнгийн ялтнуудын генийн сангаас хайсан боловч уг санд бүртгэлгүй хурууны хээ байв. Улмаар Цагдаагийн ерөнхий газрын тушаалаар Улсын мөрдөн байцаах газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн хамтарсан ажлын хэсэг гарч сэжигтнийг илрүүлсэн байна. Сэжигтэн Пак нь БНСУ-ын иргэн бөгөөд өөрийн улсдаа хулгайн гэмт хэргээр ял шийтгүүлж байсан этгээд юм байна. Тэрбээр эртний үнэт бурхантай айлуудын судалгааг зарим хэвлэл мэдээллээс олж үзсэн гэх ба эдгээр айлуудыг жил гаруй хугацаанд нарийвчлан судалж, хамгаалалтын систем, хяналтын камерын судалгааг хийсний дараа хулгайн гэмт хэргүүдийг үйлдсэн.
 
Монгол улсаас 1800 оны үеийн бурхан олж авах зорилгоор ирсэн. Монгол Улс гадаадын иргэний мэдээлэл хомс учраас гарын хээгээ үлдээж төөрөгдүүлэхийг зорьсон" гэж мэдүүлжээ. Сэжигтэн Пак хулгайн бурхан, эд зүйлсээ Монгол улсын хилээр давуулж БНСУ руу улс хоорондын каргогоор явуулж худалдсан болохыг ч  тогтоожээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг