sonin.mn
Нүдэнд үл үзэгдэгч утааны хорт тоосонцрыг уушгилахгүй байх нэг арга нь амны хаалт зүүж хэвших явдал юм. Тиймээс ч энэ жил амны хаалт зүүсэн хүн өмнөх жилээс олширсон дүр зураг харагдана. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдийг амны хаалт зүүхийг зөвлөж байгаа. 
 
Үүнийг далимдуулан эмийн сангийн эрхлэгчид аль хэдийнэ амны хаалт борлуулж ашиг хонжоо хайгаад эхэлжээ. Тэд ганц л өдөр хэрэглэх нэг удаагийн хаалтыг долоо хоног зүүнэ хэмээн тайлбарлаж өндөр үнээр худалдаалдаг болсон байна. Иргэд утаанаас эрүүл мэндээ хамгаалахаар амны хаалт зүүсэн ч эргээд түүнээсээ халдвар авахгүй гэх баталгаа үгүй байгаа юм. Энэ талаар сурвалжлахаар хэд хэдэн газраар орлоо.
 
Хамгийн түрүүнд Багшийн их сургуулийн ойр орчмын эмийн сангуудаар оров. Энд агаарын бохирдол шүүгчтэй Монгол, Хятад, Солонгост үйлдвэрлэсэн амны хаалтыг 2500-15000 төгрөгөөр худалдаалж байлаа. Нэг амны хаалтыг 3-7 хоног зүүх боломжтой юм байна. 
 
Гэтэл яг ижилхэн хийц загвартай бүтээгдэхүүний үнэ болон хэрэглэх хугацаа харилцан адилгүй байх юм. Жишээлбэл, Эрдэнэт хотод үйлдвэрлэсэн агааржуулагчтай, дугуй цагаан маскийг зарим эмийн санд гурван хоног хэрэглэнэ гэж байхад нөгөөд нь долоо хоног зүүнэ хэмээн хүмүүст тайлбарлах юм. Үүнтэй адил Солонгос, Хятад улсад үйлдвэрлэсэн нэг төрлийн адилхан амны хаалтыг эмийн сангууд гурав, долоо хоног хэрэглэнэ гэх зэргээр янз бүрээр тайлбарлаж 2500-3000 төгрөгөөр борлуулж байв.
 
Харин “Бөмбөгөр”-ийн ойролцоох эмийн сангуудад дээрхтэй адил амны хаалтыг 1100-1700 төгрөгөөр худалдаалж байхад хотын төвийн болон гэр хорооллын эмийн санд үнээ хоёр нугалж худалдаалж байна. Ялангуяа Хятадад үйлдвэрлэсэн гялгар ууттай, МК, ЗМ 95 гэх ханз бичигтэй, төмөр хавчуургатай амны хавтгай хаалтыг ихэнх эмийн сан худалдаалж байлаа. Энэ хаалтыг ямар хугацаанд хэрэглэх боломжтойг тодруулахад “Өглөө, оройдоо гадуур явахдаа цэвэрхэн зүүвэл долоо хоног хэрэглэнэ” хэмээн тайлбарлаж байв. Уг амны хаалтын уутан дээрх зааврыг ойлгохгүй учир эмийн санчийн хэлснээр зүүхээс өөр аргагүй юм. 
 
Уутан дээрх хаягийн дагуу онлайнаар орж судалж үзэхэд энэ нь тоосноос хамгаалах амны хаалт байх бөгөөд үйлдвэрлэлийн нөхцөлд ганц өдөр буюу найман цаг зүүх зориулалттайг олж мэдэв. Бөөний үнэ нь монгол мөнгөөр тооцвол 270 төгрөг гэж байв. Манайд үүнийг хэн оруулж ирсэн нь тодорхойгүй бөгөөд эмийн сангуудад 1500-3000 төгрөгөөр худалдаалж байгаагаас харахад бизнес гэж үзэхээс өөр аргагүй юм. “Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоох эмийн сангуудад өнөөх амны хаалтыг хувь хүнээс 1100 төгрөгөөр бөөндөж авдаг талаар тэд ярьж байсан. Эндээс эмийн сангууд худалдаж аваад үнэ нэмж зардаг бололтой. 
 
Энэ мэт ганц өдрийн хэрэглээний хямдхан, тоосны зориулалт бүхий амны хаалтыг манайд утаанаас хамгаалах нэрийдлээр “Долоо хоног зүүнэ” гэж тайлбарлаад өндөр үнээр зарж байна. Хорт утаанаас эрүүл мэндээ хамгаалах гэсэн иргэдийн хэрэглээгээр ашиг хонжоо хайгчид тоглож байх шиг. Эрүүл мэндийн болон төрийн бус байгууллагууд иргэдийг амны хаалт зайлшгүй зүүхийг уриалан сурталчилж байгаа. 
 
Эл сурталчилгааг далимдуулж эмийн сангууд ашиг олохоос гадна хэрэглэх хугацааг уртасган олныг төөрөгдүүлсээр байна. Манайд өдөр бүр 3000 төгрөгөөр амны хаалт авч зүүгээд хаядаг орлоготой иргэд цөөн. Бээжинд агаарын бохирдлын улмаас иргэд амны хаалт зүүгээд хэвшчихсэн, эрүүл мэндээ бодож нэг удаагийн амны хаалтыг сонгодог аж. Тэд өдөр бүр амны хаалтад 500 төгрөг зарцуулдаг гэхээр сард 15000 төгрөгөөр агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалахад зарцуулдаг байх нь. Харин бид хамгийн хямдханд тооцогдох уг амны хаалтыг 3000 төгрөгөөр аваад, эмийн санчдын хэлснээр нэг ширхгийг нь долоо хоног хэрэглэвэл сард 12-15 мянган төгрөгийг зарцуулах юм байна. 
 
Дөрвөн ам бүлтэй нэг өрх сард 60000 төгрөг, утааны улирап буюу 10-3 cap хүртэлх хугацаанд нийт 300 мянган төгрөгийг амны хаалтад зарцуулахаар тооцоо гарч байна. Өдөр тутам солих шаардлагатай амны хаалтыг хэмнээд долоо хоног зүүвэл ийм тооцоо гарна. Харин зааврын дагуу хэрэглэнэ гэж тооцвол нэг хүн утааны улиралд 300-500 мянган төгрөгийг амны хаалтад зориулах болох нь.
 
Одоогийн байдлаар манайд дотоодын үйлдвэрийн гэхээсээ гадаадаас оруулж ирсэн амны хаалт зонхилж байна. Тиймээс энэ талаар Мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баяр-болдоос тодруулахад “Манайд одоогоор амны хаалтын чанарыг тогтоох технологи байхгүй учир олон улсын ISO чанарын тэмдэгтэйг нь эмийн сангаар худапдаалахыг зөвшөөрсөн. Харин иргэд түүнийг зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй. Хугацаа хэтрүүлэн хэрэглэвэл эргээд нян бактер үржих орчин болж улмаар халдвар авах эрсдэлтэй учир энэ асуудал дээр анхаарах хэрэгтэй’’ гэв.
 
Түүнчлэн зарим эмийн санд 5-15 мянган төгрөгийн үнэтэй даавуун гадаргуутай амны хаалтуудыг худалдаалж байлаа. Үүнийг угааж, хэрэглэж болдог бөгөөд дотор талд нь утааны нарийн ширхэгт тоосонцрын шүүлтүүрийг шургуулан хэрэглэх боломжтой аж. Нэг ширхэг шүүлтүүр нь 500 төгрөг бөгөөд өдөр бүр сольж хэрэглэх ёстой юм байна.
 
Энэ мэт заавар нь тодорхойгүй амны хаалтыг эмийн сангууд худалдаалах бөгөөд иргэд худалдан авах нь ихэсчээ.Тиймээс амны хаалтыг хэрхэн сонгож, хэрэглэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн С.Отгонсүхээс зарим зүйлийг тодрууллаа.
 
С.Отгонсүх:Амны хаалтыг зайлшгүй зүүх нөхцөл бүрдсэн
 
-Утаанаас хамгаалахад амны хаалт зүүх нь ямар ач холбогдолтой вэ?
 
-Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэдийг амны хаалт зүүхийг зөвлөж байгаа. Учир нь, Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрч, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг НҮБ-аас тогтоосон. Тиймээс хамгийн түрүүнд нэн яаралтай авах арга хэмжээ бол иргэд утааны хорт тоосонцроос хамгаалж, амны хаалт зүүх болж байна. Амны хаалтгүй үед утааны РМ 2.5 гэдэг нүдэнд үл үзэгдэгч маш нарийн ширхэгт тоосонцор амьсгал авахад уушгины гүнд очиж, цусаар дамжин бие эрхтнийг хордуулдаг. Тийм учраас зайлшгүй амны хаалт зүүхийг зөвлөж байгаа.
 
-Иргэд амны хаалт худалдан авахдаа юуг анхаарвал зохих вэ?
 
 -Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 8-16 цаг ашиглах зориулалттай нэг удаагийн амны хаалтыг хэрэглэхийг зөвлөдөг. Үүнийг угааж, олон хоног ашиглаж болдоггүй. Иргэд амны хаалт худалдан авахдаа РМ 2.5 гэсэн заалттай амны хаалт сонгож авахыг зөвлөж байна. Мөн сав, баглаа боодол дээрх зааврыг ажиглаж, түүний дагуу ашиглах хэрэгтэй.
 
-Заавар нь тодорхойгүй амны хаалтыг эмийн сангаар худалдаалж байгаа бөгөөд үүнийг долоо хоног хэрэглэнэ гэж тайлбарлаад байна л даа.
 
-Зах зээлд нийлүүлж байгаа бүтээгдэхүүнээс “Яг үүнийг нь хэрэглэ” гэж тодорхойлох нь зохимжгүй юм. Тиймээс иргэд сонголтоо хийхдээ бүтээгдэхүүнүүдтэй нэг бүрчлэн танилцаад аль давуу талтайг нь сонгоод зааврын дагуу ашиглах хэрэгтэй.
 
Т.Дуламжав
Эх сурвалж: ”Монголын үнэн” сонин