sonin.mn
Анхан шатны шүүхээс С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон. Тэдний ар гэрийнхэн өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа.
 
Хэвлэлийн хуралд Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат, ээж С.Маруш,  Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа, Ц.Амгалан­баатарын эгч Л.Хүжмаа нар оролцлоо. Тэд Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн УИХ-ын чуулган дээр хэлсэн үгийг няцаасан галын дүгнэлтийн баримтыг дэлгэлээ.  Учир нь Улсын Ерөнхий прокурор “Энэ хүмүүс хэргээ нуун далдлахын тулд  дахин дөрвөн хүний амь хөнөөж галыг санаатай тавьсан” гэсэн юм. Тэгвэл Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат  “Энэ гал нь цахилгааны утасны ашиглалтын буруугаас үүдэлтэй тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай нотлох баримтыг харуулсан юм.
 
Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2.1.1-д заасныг үндэслэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай Орхон аймгийн Гамшгаас урьдчилан сэргийлэх улсын ахлах байцаагч, шадар ахмад А.Хашчулууны гарын үсгээр баталгаажсан тогтоол байв. Тэрээр цааш нь “Улсын Ерөнхий прокурор гэдэг хариуцлагатай албан тушаал. Энэ том албан тушаал дээр байгаа хүн  ийм  худал зөрүүтэй мэдээлэл хийж, олон ний­тийг төөрөгдүүлж байгаад бид үнэхээр харамсч байна гэсэн. Бид цаашид олон улсын байгуулагад хандана. Мөн давж заалдах шатны шүүх хурлыг шүүхийн танхимд нээлттэй явуулж өгөхийг хүсч байна.
 
С.Зориг агсны дүү С.Оюун ч мөн адил шүүх хурлыг шүүхийн танхимд нээлттэй явуулахыг хүссэн. Төрийн нууц гэх нэрийн дор манай өмгөөлөгчдийг энэ шүүх хурлын талаар ямар нэгэн мэдээлэл хэвлэлд өгөхийг хориглосон. Биднийг ч мэдээлэл тарааж болохгүй гэж анхааруулсан. Гэвч бид дуугүй байсаар гэмгүй, мөрөөрөө амьдарч байсан ах дүүсээ хэрэгтэн мэтээр ял авахыг зөвшөөрч чадахгүй. Монголын ард түмнээс энэ хэргийг үнэн зөв шүүж өгөхөд туслаач гэж гуйж байна” гэсэн юм.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийг бид гадаадын харьяат гэж гүтгүүлээд, ээж дээрээ уйлаад очиж байсныг харж байсан. Энэ хэрэгт гүтгэгдсэн хүмүүс ээжүүд дээрээ очих нь битгий хэл 20-30 жил хоригдох болчихоод байна. Ерөнхийлөгч та шударга байя гэж хэлж байсан. Энэ шүүх хурлыг нээлттэй хийж өгөөч. Таныг ард түмэн харж байгаа. Шүүгч, прокурорууд шударга, өргөсөн тангарагтаа үнэнч байгаач гэж хэлмээр байна. Тагнуул, цагдаагийн байгууллагынхан Б.Булган гэдэг эмэгтэйтэй мэдээж уулзсан байх. Б.Булган энэ хүмүүс биш гэж хэлсэн учраас шүүх хуралд оруулаагүй гэж харж байна. Хэрэв хэлсэн бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр багтаж ядсан мэдээлэл явж байх байсан. Энэ бүхнээс харахад хэргийг хаах гэсэн ичгүур сонжуураа алдсан явдал болж байна. Тагнуулынхан шоронд Ц.Амгаланбаатарыг манай дүү дээр дагуулж очсон байсан. Б.Булганыг ч мөн адил тэдэнтэй уулзуулсан гэж бодож байгаа” гэв.
 
Мөн Б.Содном­даржаа­гийн ээж Б.Жавзмаа “Миний хүү Б.Содномдаржаа С.Зоригийг нас барах үед 22-той байсан. Манайх сүү, ногооны фермтэй байсан. Миний хүү тэр фермийнхээ эзэн болж ажилладаг. Аавтайгаа трактороор өвсөө ачиж явсан. Хүн алагдах үед манай хүү гэртээ байсан. Тэр хүнийг алаад бидэнд юу ногдох юм бэ. Тагнуулын байгууллагын хүмүүс асуулт асуудаг. Миний асуултад л хариулна шүү гэж анхааруулдаг. Миний хүү  тэр өдөр аавтайгаа хадланд явсан. 1998 оны аравдугаар сарын 5-нд Б.Булганы тодорхойлсноор эмэгтэй нь 160 орчим, эрэгтэй нь 150 орчим см өндөртэй гэж мэдээлж байсан. Зургаар нь миний хүүг адилтгаж үзсэн. Миний хүү 180 см өндөртэй, улаан царайтай, туранхай. Ийм байхад миний хүүг ялласан. Хэрэг гарах үед Ц.Амгаланбаатар 16, Чимгээ 20 настай байсан. Энэ бол дээд зэргийн гүтгэлэг гэж бодож байна. Гэмт хэргийн захиалагч нь байхгүй байхад эд нарыг яллаж байна.
 
Яллачихсан хойноо захиалагчийг олно гэж ярьж байна. Захиалагчийг олно гэж хэзээ ч байхгүй. Мөнгө өгье, чи захиалагч нь бол гээд гудамжнаас хүн олоод ирж чадах хүмүүс. Дөрвөн хүн шатаасан гэдгийг дайвар болгож хэлээд байгаа. С.Зоригийг хөнөөсөн хэргээс хойш найман жил зургаан сарын дараа гэр бүлийн хүмүүс шатсан хэрэг гарсан. Цахилгааны утаснаас болоод гал гарсныг тэр айлын улсууд өөрсдөө хүртэл хэлсэн. Миний хүү тэдний оршуулгад оролцсон. Хэрвээ шатаасан бол оролцохгүй шүү дээ. Надад хүсэлт байна. Давж заалдах шатны шүүхэд өргөдөл өгнө. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хү­чин­гүй болгуулмаар байна. Хоёрдугаарт, жил таван сар хүүг маань, биднийг тарчлааж байна. Тэднийг маань батлан даалтад гар­гаж өгнө үү гэж хүсч байна.
 
Түүнчлэн Т.Чимгээ­гийн ээж С.Маруш  “Мон­голын шүүх, прокурор үнэн зөвийг олж өгөх байх гэж найдаж бай­лаа.  Миний охин 24 жи­лийн ял сонсоход би дав­хар ял сонссон.Тухайн үед миний охин Дорноговь аймагт гурван нялх хүүхэдтэй, хөгшин ээжийгээ хараад байж бай­сан. Төрийн том хүний гэрт очоод алчихна гэдэг үнэмшилгүй зүйл. Миний охи­ныг нутаг орныхон маань хүртэл мэдэж бай­гаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гуйх юм байна. Үнэний төлөө үг хэлж өгөөч гэж гуйж байна” гэв.
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: "Зууны мэдээ"сонин