sonin.mn
Зарим жолооч хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон байж болзошгүй нь замын цагдаагийн үзлэгээр илрэх болжээ.
 
Тухайлбал  замын цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, гэрлэн дохио, гарц, тэмдэглэгээг зөрчиж байгаа жолооч нарыг зогсоож шалгахад хүүхэн хараа томорсон, нүүрний хувиралгүй, хэлсэн үг яриа ойлгохгүй байдалтай нь цөөнгүй илрэх болсон тул ЗЦА-аас үүнийг сануулж байна.  
 
Замын цагдаа нар жолооч хар тамхи татсан эсэхийг шууд илрүүлэх боломжгүй,  согтолтын зэрэг шалгадаг багажаараа ч нотлох аргагүй тул ихээхэн чирэгдэл үүсдэг. Бас нэг бэрхшээл нь замын хөдөлгөөнд оролцож байгаа сэжигтэй  жолооч  хар тамхи хэрэглэсэн эсэхийг тогтоох төхөөрөмж буюу “Drager 5000” гэх тандагч багаж улсын хэмжээнд ганцхан байдаг. Дээрх аппаратыг онцгой тохиолдолд буюу өөрчлөлттэй жолооч нарыг замын цагдаагийн байранд авчран шүлснээс нь арчдас авч, шалгаснаар гурван минутын дотор хариу гардаг байна. Энэ аппаратаар хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдвол хуулийн дагуу шүүх эмнэлэг рүү тухайн хариуг шилжүүлэн шинжлүүлнэ. Шүүх эмнэлэг тухайн жолоочийн шээс болон цуснаас дээж авч, ямар төрлийн хар тамхи эм бэлдмэл хэрэглэсэн болох, хувь хэмжээг 14 хоногийн дотор нарийвчлан гаргадаг байна. Замын цагдаагийн алба хуулийн дагуу торгох юм уу тухайн жолоочийн эрхийг хасахаас өөр арга хэмжээ авч чаддаггүй хуулийн цоорхой ч байдаг гэнэ. Саяхан Хан-Уул дүүрэгт нэгэн жолооч хар тамхи хэрэглэсэн нь тогтоогджээ.
 
Тухайн жолоочийг Хар тамхитай тэмцэх тасаг руу л шилжүүлсэн байна. Хэрэв замын хөдөлгөөнд оролцож байхдаа хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдвол Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д  Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна. 27.2. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. 
 
27.3.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна. 27.4. Энэ хуулийн 27.1-д заасан зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаагаар баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулна гэсэн заалтууд байдаг байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг