sonin.mn
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд Зоригийн амийг хөнөөлгөсөн захиалагчийн хэргийг тусгаарлан шалгаж эхэлсэн хэмээн Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал  мэдээлсэн.
 
18 жилийн турш С.Зоригийг хэний захиалгаар хэн ямар зорилгоор хөнөөсөн бэ гэдгийг тагнуул, цагдаа, прокурорын байгууллагынхан нэг хэрэгт хамааруулан хамтран шалгасан. Ингээд нотлох баримтуудыг цуглуулж, хэрэгт холбогдсон байж болзошгүй хүмүүсийг сэжигтнээр татаж байцааж байв. Харин жил дөрвөн сарын өмнөөс С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг захиалгаар үйлдсэн гэх этгээдүүдийг олж, баривчлан шинэ оны өмнөхөн шүүх хуралдаан болсон. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ялын дээд хэмжээ буюу 24-25 жилийн хорих ялыг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарт оноосон билээ. 
 
Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараахан буюу шинэ оны эхний өдрүүдэд Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн тушаалаар Ц.Амгаланбаатар нарын хэргээс аллагын захиалагчийн хэргийг тусгаарлаж, захиалагчийг тогтоох хамтарсан ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчид багтжээ. Харин С.Зориг агсны амь насанд халдсан хэргүүдэд Нийслэлийн прокурорын газар хяналт тавьж, шуурхай шалгаж, шийдвэрлэх үүргийг хүлээсэн байна. Энэ хэргийн шүүхийн шийдвэрт иргэд эргэлзсэн.  
 
Тэгвэл дээрх эргэлзээнд  Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал тайлбар хийлээ. Тэрбээр “Ц.Амгаланбаатар нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж буруутган шалгаж эхлэх тэр үед тэдэнд хэн захиалга өгсөн бэ гэдгийг давхар шалгаж байсан. Хэргийн захиалагч хэн байв гэдэгт ч нотлох баримтууд ч цуглаж байгаа. Гэхдээ Ц.Амгаланбаатар нарын С.Зоригийг хөнөөс үйлдлийг хэргийн захиалагчаас нь тусгаарлан шалгах шаардлага тулгарсан. Энэ дагуу л 18 жилийн өмнө гарсан хүн амины хэргийг цагдаа, прокурор, тагнуулынхан хамтран шалгасаар байна” гэв.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг