sonin.mn
Хүний л амьдрал хойно жаргал, зовлон ээлжилж бишгүй л сайн муу зүйлс тохиолдоно. Гэхдээ ханилан суусан нөхрөө, гурван хүүхдийнхээ аавыг алуулах захиалга өгч, төлбөр болгон 4.5 сая төгрөг өгсөн аймшигтай хэрэг өнгөрсөн жил шуугиан тарьж байв.
 
Тэр эмэгтэй нөхрөө бусадтай нийлж санаатайгаар хөнөөх гэж байсныг мөрдөн байцаалтаар тогтоож, Сонгинохайрхан дүүргийн прокурорт хүнийг санаатай алах гэмт хэрэг буюу 91.2.1 91.2.4, 91.2.11 гэсэн зүйл ангиар яллах саналтай шилжүүлжээ. Тус дүүргийн прокурор мөрдөн байцаалтын ажиллагааг хянаж дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байдаг.
 
Гэвч уг хэргийг шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан ч мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэд хийлгүйгээр прокурорт шилжүүлж, дүүргийн прокурор нь ч урд нь шүүх рүү үйлдэж байсан яллах дүгнэлтээ үгүйсгэн, хохирогчийн шүүх хурал дээр “гомдолгүй” гэж хэлсэн үг, мөн яллагдагч нарын мөрдөн байцаалтын явцад өгсөн тайлбараар хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Ийнхүү захиалгат аллагын хэрэг хэрэгсэхгүй болоод зогсохгүй эхнэр нь заналхийллээ үргэлжлүүлж өөрийг нь онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэх мэдээллийг телевиз, сайтуудаар тарааж эхэлсэн байна.
 
Тиймээс бид хохирогч М.Э-тэй /цаашид Энхээ гэх/ уулзаж ярилцсан юм.
 
-Хулгай хийсэн хүүхдэд олон жилийн ял өгдөг хатуу чанга хуультай гэгддэг Монголын шүүх прокурор яагаад таныг алахаар захиалга өгсөн, хийж өгөхөөр төлбөр мөнгийг нь авсан хүмүүсийг сул чөлөөтэй орхиж, хэргийг хаагаа вэ. Та энэ хэргийн талаар тодорхой ярьж өгөөч?
 
-Бүх зүйл гэнэтхэн нэг өдөр болсон юм биш л дээ. Эхнэрийн “Чамайг унтаж байхад чинь ална”, “Бүх эд хөрөнгөө миний нэр дээр болго” гэх байнгын заналхийлэл хэрээс хэтэрч би 2015 оны нэгдүгээр сарын 20-нд гурван хүүхдээ дагуулаад өмссөн хувцастайгаа гэрээсээ явсан юм. Эцэг эхийнхээ ийм харилцаан дунд хүүхдүүд маань айдастай, буруу хүмүүжилтэй болох вий гэж айхдаа гаргасан шийдвэр. Ингээд бид дөрөв III, IV хороололд байр түрээсэлж амьдарч эхэлсэн.
 
Харин хоёрдугаар сарын 6-ны өдөр ажил дээр Хишигжаргал, Халиунаа гэх эмэгтэйчүүдээс гадна хамт ажилладаг гэх нэг эрэгтэй цуг ирээд надад бичлэг үзүүлсэн. Хишигжаргал өөрийгөө “Би Гандангийн хажууд сууж, юм үзэж, аргалдаг. Чамайг Энхээ гэдэг биз дээ. Ахыг чинь Наранбаатар гэдэг байх аа. Танай эхнэр надад үзүүлж, харуулдаг болоод удаж байна. Ахын чинь болон чиний ажил үйлсийг бүтэмжгүй байлгахын тулд надаар олон удаа юм хийлгэж, сэржим өргүүлдэг байсан. Хамгийн сүүлд ирэхдээ “Манай нөхөрт хараал хийж өгөөч” гэсэн. Тэгэхээр нь “Гурван хүүхдэд чинь тусна.
 
Хараал хийж болохгүй” гэхэд “Хүн алах хүн байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь “Чи чинь ямар аймаар юм ярьдаг хүүхэд вэ” гэсэн. Тэр үед надтай хамтран амьдрагч, шоронд сууж байгаад өршөөлөөр суллагдсан Баярхүү байсан юм. Тэгээд эхнэр чинь гарахдаа “Надад мөнгө бэлэн байгаа шүү” гээд явсан. Гэтэл маргаашаас нь Баярхүү гэртээ ирэхээ больсон. Хүнээс их хэмжээний мөнгөтэй явна гэж дуулсан. Мөнгөтэй болох ямар ч үндэслэлгүй хүн яаж мөнгөтэй болох билээ гээд мэргэлэхэд Бямбацогзолтой холбоотой байгаа нь харагдсан. Тэр даруй Бямбацогзол руу залгаад дуудсан. Ирэхээр нь Баярхүүд мөнгө өгсөн юм уу гэхэд “Энхээг хашраах гээд мөнгө өгсөн чинь алга болчихлоо.
 
Би одоо мөнгөө олж авмаар байна” гэсэн. Тэгээд хэнтэй, яаж уулзаж мөнгө төгрөг өгсөн тухай нь лавлахад найз Анхаатайгаа явж байхад нь эхлээд Саппоро дээр 2.5 сая, дараа нь Баянмонгол хорооллын “Монос”-ын эмийн сангийн дэргэд хоёр сая төгрөг өгсөн гэсэн. Тэгээд Анхаатай утсаар яриулаад энэ бичлэгийг хийсэн юм. Нэгдүгээрт, Өөрийг чинь болгоомжтой байгаасай гэх үүднээс хэлж байгаа юм. Хоёрдугаарт, Надаар арга, засал хийлгэдэг байсан мөртлөө миний амьдралыг хүртэл сүйрүүлж байгааг хараад тэвчиж сууж чадахгүй байна” гэсэн.
 
-Дуу бичлэг байсан уу, видео бичлэг байсан уу. Та бичлэгийг үзээд шууд цагдаад хандсан уу?
 
-Миний эхнэр Бямбацогзол өөрөө Анхболдын дугаар руу залгаад ярьж байгаа видео бичлэг байсан. Мөн надтай амьдарч байхдаа ямархуу ааш авир гаргаж байсан билээ. Чамайг ална гэж удаа дараа заналхийлж байсан. Тиймээс би тэр даруйд нь ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тэр бичлэгийг аваачиж өгсөн юм. Тэд шуурхай арга хэмжээ авч, эхлээд Анхболдыг, дараа нь Баярхүүг барьсан. Мөнгө төгрөгөө өгч, авалцсан газар нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Саппоро төв дээр юм байна. Тийм учраас харъяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт хэргийг шилжүүлсэн.
 
-Мөрдөн байцаалтын ажиллагаанд та ямар бодолтой байгаа вэ. Сэжигнүүд анхны мэдүүлгээрээ хэргээ хүлээсэн гэдэг биз дээ?
 
-Минийхээр мөрдөн байцаалт маш дутуу хийгдэж байсан. Би энэ хүн үнэхээр эд хөрөнгийн шуналтай байж уу, энэ гэрчийг дахин шалгаж өгөөч, хуурамч байж болзошгүй баримтыг дахин нягталж өгөөч гэсэн хүсэлтүүдийг удаа дараа гаргасан.
 
Гэвч хангасан нэртэйгээр хангалттай шалгаж, тогтоож өгөөгүй. Хэрэг шийдэгдэх хүртэл энэ гурван хүнийг хооронд нь уулзуулж, үгсэн хуйвалдах боломжийг мөрдөн байцаалт, прокурорын шатанд нээлттэй байлгасаар ирсэн. Мөн намайг хоёр хүн дагаад байхаар нь мөрдөн байцаалтын явцад эдгээр хүмүүсийг шалгаж, надтай хамтай явсан хүнээр таниулах ажиллагаа хийж өгөөч гэсэн хүсэлт гаргасан боловч хангаагүй. Тэгсэн мөртлөө хэргийг нь шийдэхдээ өөрсдийнх нь тайлбарыг үндэслэл болгоод хэрэгсэхгүй болгосон. Гэтэл хүн өөрийнхөө эсрэг тайлбар өгөхгүй байх эрхтэй байдаг.
 
Мэдээж ийм хэрэг зохион байгуулж, үгсэн хуйвалдсан хүмүүс мөрдөн байцаалтын явцад уулзалдсаар байсан юм чинь үгээ нэгтгэсэн л байж таарах байх. Гэтэл хэргийн гол нотлох баримт болох бичлэг, гэрчийн тайлбар бусад баримт сэлт огт хамаагүй болсон. Хууль хяналтын байгууллага ингэж хөнгөн ажиллаж болохгүй шүү дээ. Ийм аймшигтай хэрэг санаачилж, захиалж чадаж байгаа хүмүүсийн мэдүүлгийг нь зөвшөөрч толгойг нь илээд явуулж байгаа нь харамсалтай.
 
-Эхнэрийг чинь таныг алах захиалга өгөөгүй, таныг эхнэрээ гүтгэсэн гэсэн мэдээлэл яваад байсан. Ямар учраас хэрэг ийн эсрэгээрээ эргэчихэв?
 
-Анхны мөрдөн байцаалтаар тэд намайг алдаггүй юмаа гэхэд бие, эрхтнээр нь хохироохыг оролдож байсныг маш олон зүйлээр баталж, прокурорт шилжүүлсэн байдаг. Прокуророос хүнийг санаатай алах гэмт хэрэг буюу 91.2.1 91.2.4, 91.2.11 гэсэн зүйлээр ял төлөвлөсөн. Тэгэхээр тэд буруу мөрдөн байцааж, шалгаад буруу зүйл заалтаар шийтгэхдээ тулаад байсан хэрэг үү. Харин ч мөрдөн байцаалтын үеэр тэд хоорондоо үгсэн хуйвалдаж, мэдүүлгээсээ буцсан нь харагдаж байгаа юм.
 
Тэд энэ маягаар хэргээс мултарчихаад цаашид ийм аргаар хэнийг ч залилж, доромжилж, хохироож мэднэ шүү дээ. Хууль хяналтынхан эдгээр хүмүүсийг дахин хянаасай, үнэн мөнийг нь олоосой гэж хүсэж байна.
 
Мэдээж худал мэдээлэл цацсан телевизүүд, сайтуудад гомдол гаргасан. Гурван телевиз уучлал гуйж, үнэн зөв мэдээлэл гаргаж өгсөн. Сайтууд ч ташаа мэдээлэл тавьж, хүний нэр төрд халдсандаа уучлал гуйж байгаа.
 
-Гурван хүүхдийн эцэг эх болоод хамтдаа амьдарч байгаа хэрнээ яагаад эд хөрөнгөө булаацалдаад байдаг юм бэ. Эсвэл та хоёр салчихсан байсан хэрэг үү?
 
-Хүн сайн ажиллаж хөдөлмөрлөж чадвал амьдрал ахуй нь дээшилдэг шүү дээ. Энэ жишгээр би амьдралаа дээш нь татах гэж цөөнгүй жил зүтгэсэн. Энэ хэрээр уулзах хүн ч олон болж, ажлын дараагийн шинэ гарц, гаргалгаа, шийдлүүдийг олох гэж хүмүүстэй ярилцлах, уулзалт хийх нь ихэссэн. Үүнийг эхнэр маань төдийлэн сайн ойлгохгүй болсон. Мөн авч байгаа эд хөрөнгө, жижиг сажиг юм бүхэн хараа хяналтад нь байх ёстой гэж үзэх болсон. Ингэж явсаар нэг л мэдэхэд “Бүх хөрөнгөө миний нэр дээр шилжүүлээд зайл” гэдэг болсон.
 
Хамгийн наад захын жишээ гэхэд бид дөрөв гэрээсээ нэгдүгээр сарын 20-нд явсан. Гэтэл 22-ны өдөр гэхэд өөрийнхөө нэр дээр байдаг бүх хөрөнгөө дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн байсан. Хэд хоногийн дараа миний нэр дээр байдаг орон сууцыг зарна гэсэн зар интернэтэд тавьсан байсан. Үүний цаана намайг хэн нэгэнд захиалга өгч алуулчихаар эзэмшлийн бүх зүйл нь өөрийнх нь нэр дээр ирэх учир зарж болно гэж бодсон байх. Бид дөрвийг гэрээсээ явснаас ердөө долоо хоногийн дараа буюу 2015 оны нэгдүгээр сарын 27-нд үзмэрч гэх эмэгтэйнд очиж намайг алуулахаар захиалга өгч, тэр өдрөө Баярхүү гэгчид 2.5 сая төгрөг өгсөн байсан.
 
-Гэхдээ та шүүх хурал дээр эхнэртээ гомдолгүй гэсэн байсан. Яагаад тэр вэ?
 
-Хүн алуулах гэж захиалга өгч, захиалга авч байгаа энэ аймшигтай хэрэг нотлогдсон ч надад гурван хүүхдээ хөтлөөд ээжийг нь шоронд эргэнэ гэдэг төсөөлшгүй санагдсан. Тэгээд ч тэр хүнийг буруу хэрэг хийснээ ойлгож ухаараад засрах байх гэж бодсон л доо. Энэ утгаараа би шүүхэд гомдолгүй гэсэн юм. Гэхдээ цагаатгаж өгөөч гэж хэлээгүй. Өөрөөр хэлбэл, шүүх эдгээр хүмүүсийн бусдыг санаатайгаар бүлэглэн алахаар завдаж, тохиролцож, захиалж, хөлс мөнгөө өгч авалцсан хэргийг хуулийн дагуу шийдэг л гэсэн. Гэвч миний гомдолгүй гэсэн үгийг, тэдний анхны мэдүүлгээсээ үгсэн хуйвалдаж буцсан мэдүүлэг зэргийг хамтатгаад хэргийг нь хэрэгсэхгүй болгочихсон.
 
Хэрэгсэхгүй болгосон тогтоол нь өнгөрсөн есдүгээр сарын 30-нд гарахад арваннэгдүгээр сарын 16-ны өдөр хэвлэл мэдээллийн байгууллагаар гэрч Хишигжаргалтай нийлж эхнэрээ онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн, ээж аавынхаа энэ явдлаас болж охин нь амиа хорлохыг завдсан хэрэг цагдаагийн байгуллагад бүртгэгджээ гэсэн утгатай мэдээллийг телевиз, сайтуудаар тарааж эхэлсэн. Цагдаагийн байгууллагад ийм хэрэг бүртгэгдээгүй байсан төдийгүй хамгийн аймшигтай нь зүгээр яваа охин минь ийм мэдээлэл уншаад би ингэж болох юм байна гэсэн сэдэл авбал яана л гэж их айсан даа.
 
-Та эхнэрээ хүүхдүүдтэйгээ уулзахгүй байх шүүхийн шийдвэр гаргуулсан юм уу?
 
-Гэр бүлээ салгуулах хүсэлт шүүхэд өгсөн. Мөн энэ асуудлыг шийдэгдтэл тэр хүнийг гурван хүүхэдтэйгээ уулзуулахыг хүсээгүй юм. Шүүхээс гэр бүлийн маргааныг шийдвэрлэж дуустал зургаан сарын хугацаанд Бямбацогзолыг нөхөр, гурван хүүхэдтэйгээ уулзахгүй байхыг даалгасан шийдвэр гарсан. Гэтэл үүнийг мушгиад гурван хүүхдийнхээ эх байх эрхийг хасуулсан гэсэн мэдээлэл тараасан.
 
Монгол Улсад хүний эх байх эрхийг нэг хүсэлтээр л шууд шийдчихдэггүй байлгүй дээ. Их л онцгой тохиолдолд эрхийг нь хасдаг байх. Миний хүсэлт дээр эх байх эрхийг нь хасуулах тухай үг үсэг байхгүй, шүүхийн шийдвэр дээр ч тийм агуулга байхгүй. Энэ мэтчилэн миний эсрэг худал гүтгэсэн мэдээллийг захиалж сайтуудаар тарааж нэр хүндэд минь халдаж байна. Энэ бол дахиад л захиалгат аллагын нэг хэлбэр. Тиймээс хууль хяналтын байгууллага үнэн зөвийг тогтоож, миний аюулгүй амьдрах нөхцөл боломжийг бүрэн хангаж ажиллаасай гэж хүсч байгаа юм.
 
-Энэ бүх асуудлын дараа эхнэртэйгээ уулзаж ярилцсан уу. Магадгүй танаас уучлал гуйх юм уу, гомдолгүй гэж хэлсэнд баярласанаа илэрхийлсэн үү?
 
-2016 оны дөрөвдүгээр сарын 21-нд прокуророос яллах дүгнэлт үйлдээд шүүх рүү шилжээд зургадугаар сард шүүх хурал зарлагдсан ч би ажлын шалтгаанаар хүсэлтээ өгөөд хойшлуулсан. Тэгээд долдугаар сард шүүх хурал болоход би өмгөөлөгчгүй оролцсон. Харин би өөрийн зүгээс гомдолгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн юм. 
 
Хурлаас гарч ирээд над руу залгаад баярлалаа гэж хэлэх байх гээд хүлээсэн ч яриагүй. Тэгээд өөрөө залгасан чинь баярлалаа гэх нь бүү хэл “Чи намайг цагаатгаад өг гэж хэлэхгүй яасан юм. Намайг шоронд явуулахыг чинь харнаа, би явсан ч гарч ирнэ шүү” гэх мэтээр заналхийлэл үргэлжилсээр байсан. Түүнээс хойш дахин холбогдож, уулзсан зүйл байхгүй.     
 
-Энэ хэрэг шунахайн сэдэлтэйгээр эхэлсэн. Эхнэр чинь авахыг хүсээд байгаа эд хөрөнгөө авсан юм уу?
 
-Шүүх прокурор толгойг нь илээд байгаа болохоор улам л амтшиж байх шиг байна. Миний нэр дээр байдаг компани, эд хөрөнгийг бүгдийг нь эзэмшээд явж байгаа. Одоо бүр миний ах, дүүгийн эд хөрөнгийг авах гэж улайрч эхэлсэн. Би нэг сийлбэртэй гэрт суугаад зурагаа авахуулсан бол минийх гэнэ, миний ажиллаж байгаа компанийг минийх гэх байдлаар л бүгдийг авах гээд явж байна.
 
Нэг жишээ ярихад, 2015 оны тавдугаар сард би машиныхаа хадгалалт хамгаалалтыг өөр дээрээ байлгах хүсэлт гаргахад шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба надад машиныг хүлээлгэн өгсөн юм. Гэтэл манай ажлын залуу гражид тавих гээд унаад явж байтал эмэгтэй дүүтэйгээ ирээд орилж хашгирч, цохиж зодоод хүчээр аваад явсан байсан. Тиймээс нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн захирамжид саад учруулсан гэсэн асуудлаар Баянгол дүүргийн цагдаад гомдол гаргасан боловч очихгүй замхруулж явсаар байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэрэгсэхгүй болгосон. Энэ мэтчилэн ийм дураараа аргатай зальтай хүмүүсийг хууль хяналт, цагдаагийн байгууллага өөгшүүлсээр хохирогчдыг улам хохироож байгаа нь харамсалтай.
 
-Та цаашид ямар арга хэмжээ авч, юу хийх гэж байна?
 
-Дүүргийн прокурорын дээд шатанд гомдол гаргасан. Хууль хяналтын байгууллагууд хууль журмынхаа дагуу ажиллаасай, үнэн мөнийг хараасай гэж хүсч байна. Дээд шатны прокурор энэ аймшигтай хэргийг маш сайн анхаарч, доод шатны прокурорынхоо ажлыг шалгаж, алдаа дутгадлыг засч миний амар тайван амьдрах нөхцөл боломжийг хангаж өгөөсэй гэж хүсч байна.
 
Х.Хатан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин