sonin.mn
Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн олныг “ангайлгаад” байгаа. Яаж чадсан бол гэмээр гүйлгээ мөн ч их байна гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Өдгөө энэ хэргийг гурван ч улсын хуулийнхан хамтарч шалгаж байж шийдэхээр болсон гэх мэдээлэл бий. 
 
Өнөөдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат энэ хэргийн сэжигтнээр хоригдож байгаа. Сайд асан Н.Батбаяр нар ч энэ хэргээр, гэхдээ хоригдолгүй шалгагдаж байгаа ажээ. Явсаар гол буруутан нь Н.Мөнхбат л болж үлдэж болзошгүйг эх сурвалж хэлж байгаа. Учир нь Н.Мөнхбат гүйцэтгэх захирлын хувьд бүх гүйлгээг зөвшөөрч, гарын үсэг зурсан. Тиймээс одоо хамт нэр нь яригдаж байгаа албан тушаалтнууд мултраад үлдэхийг үгүйсгэх аргагүй ажээ.
 
Уг нь гүйцэтгэх захирал гэдэг гүйцэтгэдэг л хүн. Н.Мөнхбат ч тийм эрх мэдэл, үүрэгтэй байсан. Түүнд Хөгжлийн банкны ТУЗ болон Эдийн засгийн хөгжлийн яамнаас үүрэг чиглэл өгнө. Тэр хэзээ ч тэр олон тэрбумаар тоологдох хөрөнгө, мөнгийг дур мэдэн зарцуулахгүй. Тэгээ ч үгүй байх.
 
Гэвч эцэст нь гарын үсэг зурснаараа тэр л хамаг “ачаа”-г нуруундаа үүрч магадгүй болоод байна. Өөрөөр хэлбэл, Н.Мөнхбат Хөгжлийн банкны хэрэг гээчээр золигт гарч байна гэвэл хатуудахгүй л болов уу.
 
УИХ-ын сонгуулийн дүн гарсны дараахан “Гудамж” төслийн захирал Б.Батболд нэгэн хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Тэр ярилцлагын гол санаа нь “...Би ямар ч мөнгө захиран зарцуулдаггүй. Хөгжлийн банк л гүйцэтгэгчидтэй гэрээ байгуулж мөнгийг нь олгодог” гэсэн тайлбарыг хэнд ч юм хүргэхийг зорьсон байсан. Гэтэл энэ төслийн хөрөнгө оруулалт буюу Б.Батболд захирлын захиран зарцуулах хөрөн­гийг Хөгжлийн банкнаас улирал тутамд шилжүүлдэг л юм байна лээ.
 
Энэ бол зүгээр л жишээ. Энэ мэтээр Хөгж­­лийн банкаар дамж­сан хөрөнгүүдийн зарцуулалтыг шалгах сургаар албан тушаалтнууд амиа хаацайлж эхэлсний ганцынх нь л жишээ юм.
 
Одоо энэ бүхнээс Н.Мөнхбатыг салгах аргагүй. Боловсролтой, ажил хэрэгч нэг залуугийн карьерт цэг тавьж байна.
 
Яг үнэндээ Н.Мөнхбат тэр үед эрх барьж байсан АН, дарга нь байсан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан, өөрийг нь энэ албанд зүтгүүлсэн Н.Батбаяр нарын үгээр л ажилласан байж таарна. Баруун солгойгүй цацаж, хонинд орсон сүрэг чоно шиг сүйдэлсэн гээд байгаа бондуудын хөрөнгө дээр нэр дурдсан улс төрийн хүчин, улстөрчтэй л холбоотой. Н.Мөнхбат бол зүгээр л халхавч.
 
Тэгвэл тун саяхнаас маш эвгүй мэдээлэл дахиад яригдаад эхэллээ. Н.Мөнхбатын дараа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар очсон Б.Батбаярын гараар өмнөхөөс дутуугүй гүйлгээ, зарцуулалт хийгдээд эхэлсэн гэнэ. Тодруулбал, Хөгжлийн банкны гадаад дотоод томилолт, хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ, зарим зардал зэрэг нь эргээд Б.Батбаяр захирлыг “юм”-нд унагаж мэдэхээр байгаа аж. Өнөөдөр Б.Батбаярт энэ үг тун хатуу, бүр муу ёрын үг шиг сонсогдож магад. Гэхдээ тэр сонсох ёстой. Дөрвөн жилийн өмнө яг өөр шиг нь боловсрол мэдлэгтэй, элдэв хар бараанаар сэвтээгүй Н.Мөнхбат гэдэг залуу гүйцэтгэх захирлаар томилогдож байлаа.
 
Тэр бас л өдөрт хэдэн арван гэрээ, гүйлгээнд гарын үсэг зурж, дээрээс ирэх үүргийг нэр төртэй биелүүлсээр 2016 оны сонгуультай золгосон байдаг. Харин сонгуулийн дүнгээр МАН ялж “дарга нар” нь суудлаасаа бууснаар Н.Мөнхбат өнөөдрийн хувь заяатайгаа нүүр тулсан юм. Товчхондоо, Б.Батбаяр ч өнөөдөр үүрэг өгч буй нам, дарга хоёрынхоо үгэнд авах, гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Эс тэгвээс хэдхэн жилийн дараа Н.Мөнхбат захирлынхтайгаа адил зам туулахыг  үгүйсгэх аргагүй.
 
Б.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин