sonin.mn
Хуульч М.Ичинноровыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах заналхийлжээ. Энэ тухай М.Ичинноровын ил захидлыг хүргэж байна.
 
Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж,
МАН-ын дарга М. Энхболд нарт 
Иргэд, олон түмнийхээ сонорт хүргэх хүсэлт, уламжлал надад байна:
 
Хууль зөрчин, эрүүгийн гэмт үйлдэл хийн, түүнийг нь өмнөөс нь хэн нэгэн үүрээд өөрөө ард нь үлддэг, үлдээд эрх мэдлийн өндөр сэнтийд дураараа залардаг нэг хүн сонгуулиас сонгуульд давтан үйлдсээр дээшээ тэмүүлсээр.... Хэний тухай, юу яриад байгааг минь та бүхан хамгийн сайнаар мэдэж байгаа.
 
Энэ хүн бол Ч. Хүрэлбаатар. 2012 оны сонгуулиар мөнгө тараан туслахууд нь үйлдэл дээрээ баригдаад эрүүгийн хариуцлага хүлээсэн. 2016 оны сонгуулиар мөн л шадар туслах нь мөнгө тарааж, улмаар нялх балчир үрийн алтан амь алдагдах хэмжээнд нөлөөлсөн үйлдлээр дамжуулан тэр бас л УИХ-ын гишүүн боллоо.
 
Ийм үйлдлүүдийг өөгшүүлэн УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татдаггүй, хуулийн хариуцлага үүрүүлдэггүй байдал даамжирч, угжирах нь ямар том хор хөнөөл авчирч болохыг энэ удаагийн хар үйл явдал харууллаа.
 
Амь үрэгдсэн бяцхан үр бол Монгол улсын иргэн. Түүний амь Монголын үнэт өмч. Түүний амийг нэхэх, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх үүрэг нь төрд бий.
Монгол улс хуультай орон юм бол, ардчилсан орон юм бол та хоёр энэ удаа жинхэнэ удирдагчийн шийр заан энэ хүний нэрийг нь татуулан ёс зүйн, хууль эрх зүйн, цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх арга хэмжээг авч ажиллаж чадах эсэхийг тань бид харж сууна.
 
Бид зүгээр суугаагүй. Үгээ хэлж, хууль эрх зүйн үндэслэлүүдийг гаргаж, процессын дагуу бүхий л боломжоороо ажиллаж байна. Харин хууль, шүүхийн байгууллагууд нөлөөнд автах магадлалтай байгааг бас анхааралдаа авна уу?
 
Миний амь насанд нь Ч. Хүрэлбаатарын зүгээс \түүний ах Ч. Ганболд гэгч\ ална хэмээн заналхийлсэн болохыг дуулгамаар байна. Амь насаа алдсан хүүгийн хэрэг хуучрахгүй гэдгийг сануулья. Мөн Хүүхдийн эрхийн конвенцийн 3.1-д заасан хүүхдийн эрх хөндөгдсөн аливаа асуудалд төрийн байгууллага, хууль, шүүхийн байгууллага хүүхдийн дээд арх ашгийг хангаж ажиллана гэсэн зарчмын бөгөөд нөлөө бүхий заалт байдгийг сануулж, энэ хэрэг эх орондоо зөвөөр шийдэгдэхгүй бол олон улсад ч хүрэх боломжтой гэдгийг хэлмээр байна.
 
Иргэд бид ч өөрсдөө ийм юманд дүлий Дүмбэ царайлж, дуугүй өнгөрч болохгүй. Номхон тэмээ ноолоход амар гэдэг үг байдгийг санахад илүүдэхгүй биз. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны дуу хоолой байх ёстой хэвлэл мэдээллийнхэн бас тэмцээрэй.
 
Хуульч М. Ичинноров