sonin.mn
Ойрын өдрүүдэд нийт нутгаар бороо их орсноос болж үер, усны аюул ихэсч байгааг албаныхан хэлэв. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Туяагаас тодруулсан юм.
 
-Ойрын үед бороо хур ихтэй байна. Хөдөө орон нутагт байдал ямар байна вэ?
 
-Энэ сард нийт нутгаар бороо их орсон. Хөдөө орон нутагт голуудын усны төвшин их нэмэгдсэн. Зарим нэг ширгэсэн гол, горхи буцаж урсаж эхэлсэн учир бороо орох үед үерийн аюул ихэссэн. Үүнтэй холбогдуулаад Онцгой байдлын ерөнхий газраас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар харьяа, салбар нэгжүүддээ үүрэг өгч ажилласан. 
 
Гэхдээ иргэдийн хайхрамж болгоомжгүй байдлаас болоод усанд осолдох тохиолдол гарсаар байна. Өнөөдрийн байдлаар гэхэд нийтдээ 28 иргэн усанд осолдож амь насаа алдсан тохиолдол бүртгэгдээд байгаагийн арав нь бага насны хүүхэд байна.
 
-Швейцарь улсын иргэн Завхан аймагт ор сураггүй болсон. Энэ талаар шинэ мэдээлэл байгаа юу?
 
-Одоогоор шинэ мэдээлэл ирээгүй байна. Сураггүй болсон гэсэн дуудлагаар Онцгой байдлын ерөнхий газар Завхан аймгаас эхлээд Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Завьтайгаа явж байхыг нь харсан,таарсан гэх зарим иргэдийн мэдээлэл байгаа учир хайлтын ажиллагааг үргэлжлүүлсээр байна.
 
-Хур бороо ихтэй байгаа энэ үед иргэдэд анхааруулж хэлэх зүйл юу байна вэ?
 
-Ойрын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газар ачаалал ихтэй ажиллаж байна. Хөдөө орон нутгаар ихэнх голууд үертэй байгаа гэсэн мэдээлэл бий. Гарам гарцтай газраар зорчих талаар иргэдэд мэдээлж,сэрэмжлүүлж байгаа боловч усны төвшин их байгаагаас шалтгаалаад гармаар гарч болохгүй нөхцөл байдлууд үүссэн. 
 
Үүнээс болж усанд суусан,машинтайгаа урссан гэх дуудлагууд их ирж байна. Тиймээс иргэд.тээврийн хэрэгслийн жолооч нар анхаарал болгоомжтой явах хэрэгтэй. Мөн бороо их орж байгаатай холбогдуулан тогтоол ус их бий болсон.
 
Тогтоол усанд хоёроос гурван насны нярай хүүхдүүд унаж амь насаа алдсан тохиолдол их гарч байна. Энэ тал дээр эцэг, эх асран хамгаалагчид анхаарал болгоомжоо өндөржүүлээсэй гэж хүсч байна.
 
Эх сурвалж: