sonin.mn
УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үйл ажиллагааны явц болон зөрчил, гомдол мэдээллийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
 
-Хөдөө орон нутгийн зарим хэсгийн хороодод саналын хуудас дууссан гэх мэдээлэл гарч байна. Энэ талаар?
 
-Энэ мэдээллийг бид өдөр хүлээж авсан. Учир нь 1.912.901 сонгогчийн нэрийн жагсаалтыг УБСЕГ-аас гаргаж СЕХ-нд ирүүлсэн. Энэ тоогоор саналын хуудсыг 100 хувь хэвлэж хэсгийн хороодод хүргэсэн. Гэтэл УБСЕГ-аас 84000 сонгогчид “түр хасав” тэмдэглэгээ хийсэн, 18000 сонгогч шилжилт хийлгэсэн байна. Нийт 100 гаруй мянган сонгогч дээрх нийт нэрийн жагсаалтын тоонд ороогүй, санал хэвлэгдээгүй гэсэн үг. Эдгээр сонгогчдоос өөрийн биеэр ирсэн сонгогчдын “түр хасав” тэмдэглэгээр хасч санал өгүүлсэн зэргээс шалтгаалж саналын хуудас дутсан байна. Зарим аймгийн хэсгийн хороодоос 10, заримаас нь 30 гэх мэт саналын хуудас дутсан тухай хүсэлт ирсэн. Тиймээс СЕХ яаралтай хуралдаж дутсан саналын хуудсуудыг нэмж хэвлэхийн аймаг, сумдын сонгуулийн хороодод чиглэл өгсөн. Одоо үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.
 
-Саналын хуудас нөөцөлж илүү хэвлээгүй гэсэн үг үү? 
 
-Энэ жилийн саналын хуудсыг нөөцгүй хэвлэсэн. 
 
-Яагаад нөөцлөөгүй юм бэ? Буруу бөглөвөл саналын хуудас дахиж авах эрхтэй шүү дээ. 
 
-Асуудал яагаад үүссэнийг дээр хэлсэн. "Түр хасав" тэмдэглэгээтэй 84000 хүн байгаа. Энэ хүмүүс очиж саналаа өгч байгаа учраас хуудас дутаж байна. Үүнээс гадна 14000 шилжсэн нь өмнөхөөсөө их байна. Хотод саналын хуудас дутах асуудал гараагүй. Яагаад гэвэл хөдөө рүү чиглэсэн шилжилт их байсан.
 
-Хөдөө рүү маш олноороо нүүдэллэсэн гэх асуудал нөлөөлж байгаа юм биш үү? 
 
-Энэ асуудал тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж болно. 
 
-МАХН-аас бөглөсөн саналын хуудас тарааж байна гэж мэдэгдсэн. Ийм асуудал байна уу?
 
-Ийм асуудал гараагүй. Бөглөсөн саналын хуудсыг машин унших ямар ч боломжгүй. Яагаад гэвэл саналын хуудас бүр өөр баар кодтой. Зэргэлдээ сумын саналын хуудсыг нөгөө сум уншихгүй. Стандартын бус саналын хуудсыг мөн уншихгүй. 
 
-АН-аас зарим нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл бүрдсэн гэх мэдээлэл хийсэн. СЕХ-нд энэ талаар ирсэн мэдээлэл, гомдол байна уу?
 
-СЕХ-н нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасах тухай гурван хүсэлт СЕХ-нд ирснийг өнөөдөр хуралдаж, шийдвэр гаргасан. Нэгдүгээрт УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Оюунсайхан сонгуулийн сурталчилгаандаа шашны холбогдолтой авиа дуу, зураг хэрэглэсэн нь шүүхээр тогтоогдсон. Нэр дэвшигч өөрөө шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, торгуулиа барагдуулан, давж заалдахгүй гэж мэдэгдсэн учир үүнийг үндэслэн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан. Хоёрдугаарт 14 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Болорчулуун зөвшөөрөлгүй газар самбар байрлуулж хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон. Гэвч Х.Болорчулуун шүүхийн шийдвэрийг давж заалдана гэж тайлбар өгсөн учир энэ асуудлыг шийдвэрлэхээ хойшлуулсан. Гуравдугаар 49 дүгээрт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах н.Энхзаяа сонгуулийн санал авах зорилгоор мөнгө тараасан нь мөн шүүхээр тогтоогдсон. н.Энхзаяа СЕХ-нд ирүүлсэн тайлбартаа шүүхийн шийдвэрийг гар дээрээ аваагүй, давж заалдана гэсэн учир мөн энэ асуудлыг хойшлуулаад байна.
 
-Эдгээр хүмүүсийн нэр саналын хуудаст бичигдсэн байгаа. Тэгэхээр иргэд саналаа өгөөд явж болно гэсэн үг үү? 
 
-Нэрийн жагсаалтаас хасагдаагүй, нэр дэвшигч хэвээр байгаа учир иргэд саналаа өгч, санал нь тоологдоно. Сонгогдсон тохиолдолд хасах үндэслэл гарч ирвэл нэр дэвшигчийг татах заалт бий. 
 
-Санал хураалт дууссаны дараа техникийн тооллого явуулахад СЕХ-ноос бусад сонгуулийн хороодод 10-20 хувьтай тоол гэсэн чиглэл өгч байна гэж улс төрийн намууд мэдэгдсэн. Техникийн тооллогын хувийг хэрхэн тогтоох юм бэ?
 
-2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар бүх сонгуулийн хороодод саналын хайрцгийг задалж, тулгаж тоолсон. Энэ удаагийн Сонгуулийн тухай хуульд "Сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголтоор 50 хүртэлх хувьд техникийн тооллого хийнэ. Техникийн тооллого хийх журмыг СЕХ батална" гэж заасан. Өөрөөр хэлбэл хэдэн хувьд техникийн тооллого хийх хувийг тогтоох эрхийг сум, дүүргийн сонгуулийн хороодод олгосон. СЕХ журам батлахдаа хуулийн дагуу явуулах нь зүйтэй гэж баталсан. 
 
Н.Гантуяа
 
Б.Чадраабал 
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг