sonin.mn
Сонгогч та сохор байна.  Хэрэв та төрөлхийн хараа муутай хүн бол бодит байдлыг хэлснээрээ би таныг доромжлоогүйд тооцогдох уу! эсвэл эсрэгээрээ хараа сайтай хүнийг сохроор нь дуудсанаараа би доромжилсон болох уу?  Энэ хоёр үйлдлийн аль нь чухам хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж байна вэ? 
 
Хэрэв бодитой, үнэн байдлыг тэр чигээр нь нийтэд хүргэх нь халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчөөгүйд тооцогдох бол сохрыг сохроор, доголоныг доголонгоор, халзаныг халзангаар нь дуудах, хочлох нь халдашгүй, чөлөөтэй байх хувь хүний эрх, эрх чөлөөнд халдсан үйлдэл  болохгүй юу?  
 
Сонгогч та мэргэн сонголт хийх хэрэгтэй.  Үүний тулд үнэн, шударга мэдээллийг олж авах эрхтэй.  Харин тэрхүү үнэний эрэлхийлэл нь бусдын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж болох уу?  Аливаа мэдээлэл нь бодитой, үнэнд нийцэж л байвал бусдын халдашгүй байх эрх зөрчигдөх эсэх нь танд хамаагүй юу? 
 
Тийм бол ямар нийгэмд амьдрахаар тэмүүлж байгаагаа та түр умартсан бололтой.  Өнөөдөр бусдын яриаг тарааж, таны сонголтод нөлөөлөх гэж буй үйлдэл нь маргааш таны яриаг хурааж, таны эрхэд халдах эхлэл юм.  Зөвхөн шударга, бодитой үнэнийг илчилж буй нь халдашгүй, эрх чөлөөтэй байх таны эрхийг зөрчих хууль ёсны зөвтгөл мөн үү!  Үнэнийг хэлж байна, шударга ёсыг хайж байна, хувилдагчдыг илрүүлж байна гээд бусдын яриаг хууль зөрчиж хураагаад байж болох уу?  Чухам хаана хязгаар байна вэ?
 
Төрийн албан тушаалыг мөнгөөр үнэлж буй, эрхэм гишүүний архидан согтуурч буй бичлэг олон нийтэд цацагдлаа.  Нууц бичлэг, нууц яриа хаа сайгүй тархах боллоо.  Үнэн дүр төрхийг нь илчилж байна гээд нууцаар, бичсээр, тараасаар, зөвтгөсөөр байх уу?  
 
Бид халдашгүй, эрх чөлөөтэй байх эрхтэй.  Аливаа үнэн, шударга ёс нь хуульд нийцсэн үйл ажиллагааны үр дүнд тогтоогдох ёстой.  Энэ зарчим л халдашгүй, эрх чөлөөтэй байх эрхийн хязгаар юм.  Энэ зарчмыг давсан аливаа шударга, үнэнийг эрэлхийлсэн Робингүүд гүйцэтгэл нь бидний сонгосон ардчилсан нийгмийн үзэл санааны эсрэг юм.  Үүнийг Дэлхий нийтэд зохих ёсны процессийн зарчим гэж нэрийднэ.  
 
Энэ зарчим нь төр иргэдийн хооронд итгэлцлийг бий болгож, шударга, үнэнийг тогтоож байдаг.  Харин энэхүү зарчмыг давсан аливаа үйлдэл нь тэрхүү итгэлцлийг эвдэж, нийгмийг хагалдаг.  Ялалт ийм өндөр үнээр олдох ёсгүй. 
 
 
Д.Баяр