sonin.mn
Хамаг чадлаараа хаалга балбах дуунаар сэрдхийн босч гүйн гарвал туг, далбаа барьсан ухуулагчид хээв нэг инээмсэглэн угтаж ухуулах хуудас, сонин, сэтгүүл сарвайсаар 12 хонож байна. Гэртээ байхад эдлэх энэ мэтийн “зовлон” гудамж, талбайд ч ялгаагүй. Зам дагуу бол замбараагаа алдсан. Инээсэн, гар барьсан, амлалт өгсөн нэр дэвшигчийн сурталчилгааны өндөр, нам самбарууд замын хажуугаар хөглөрөөстэй.
 
2016 оны УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 498 нэр дэвшигч өрсөлдөж байна. Нэг нэр дэвшигч л гэхэд зурагт хуудас, сэтгүүл тус бүр 5000-10000 хувь хэвлүүлж байгаа гээд бод доо. Сурталчилгааны самбарыг ч хэдэн зуугаар нь “үйлдвэрлэж”, хаана хүн харчихаар хэсэгхэн газар байна, тэнд уралдан өрж байна.
 
Ийм байдлаар 498 хүний сурталчилгааны материал дөрвөн уулын дундах Улаанбаатарын газар нутгийг бараг бүрхэх нь.
 
Энэ хэрээр сурталчилгааны хэдэн зуу, мянгаар хэвлэсэн сурталчилгааны материалынх нь бүрэн бүтэн байдал алдагдсан гомдол цагдаагийн дуудлагын утсыг амраах шинжгүй. Өдөр ирэх тусам энэ төрлийн гомдлын нэмэгдсээр байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
 
Сонгуультай холбоотой гомдлоор өнгөрсөн баасан гариг хүртэл гэхэд цагдаад хандагсдын тоо 604-т хүрээд байна. Эдгээрийн 174 нь сурталчилгааны материалыг нь эвдэж, сүйтгэсэн тухай гэнэ.
 
Бас дээр нь сонгуулийн хууль зөрчиж дайллага цайллага хийсэн, нэр дэвшигчийн нэр хүндэд халдсан мэдээ, мэдээлэл түгээсэн, сонгуулийн байранд нь танхайрсан зэрэг гомдол үлдсэн хувийг эзэлж байгаа аж.
 
Шийдвэрлэлтийн хувьд гурван хэрэгт захиргааны арга хэмжээ ногдуулжээ. Түүнчлэн 72 хэргийг шүүхэд шилжүүлж, 16 гомдолд эрүү үүсгэхээс татгалзсан бол 37 нь зөрчил болох нь тогтоогдоогүй байна. Одоогоор 469 гомдлын шалгалтын ажил үргэлжилж байна гэв.
 
Нэр дэвшигчдээс гаргасан гомдлын багагүй хувийг эзэлж байгаа сурталчилгааны самбар, зурагт хуудас, бусад эд зүйл гэмтээсэн гэх асуудалд нуулгүй хэлэхэд өрсөлдөгчийн явуулга гэсэн хардлага дийлэнх гэнэ.
 
Гэвч одоогийн байдлаар санаатайгаар өрсөлдөгчийнхөө сурталчилгааны материалыг эвдэж, сүйтгэсэн тохиолдол цагдаад бүртгэгдээгүй байгааг онцолж байна. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад мөргөж, шүргэж гэмтээсэн, эсвэл хүүхдүүд тоглож байгаад эвдсэн зэрэг санамсаргүй байдлаар хохирол учруулсан болох нь тогтоогджээ.
 
Түүнээс гадна олон зуун нэр дэвшигчдийн тоолж баршгүй сурталчилгааны материал бүрт хяналт тавих боломжгүй учраас эзэн холбогдогчид олдохгүй тохиолдол ч дийлэнх байгаа ажээ. Зарим нэр дэвшигч самбар, зурагт хуудасныхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөө цагдаад худлаа дуудлага ч өгөх тохиолдол гарсан гэнэ.
 
Б.ЗАЯА
Эх сурвалж: