sonin.mn
Иргэний Зориг Ногоон Намын дарга Цэрэндоржийн Ганхуягийн Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах гомдол гаргаж хэлсэн үг
 
 
2016 оны 05 дугаар сарын 30 УБ хот, Улсын Дээд шүүхийн байр
 
Улсын Дээд шүүхийн эрхэм шүүгчид ээ,
 
Өнөөдөр Та бүхний өмнө Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д заагдсан төрийн ээлжит сонгуульд сонгогдох эрхээ хууль бусаар хасуулаад байгаа Иргэний Зориг Ногоон нам түүний дарга Ц. Ганхуяг зогсож байна.
 
Юуны өмнө сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа ид явагдаж байгаа энэ цаг мөчид манай гомдлыг шийдвэрлэхээр хуралдаж байгаа Та бүхэнд талархсанаа илэрхийлье.
 
Хууль тогтоох байгууллагын хараан дор ажилладаг Сонгуулийн ерөнхий хороо уг нь төрийн үйлчилгээ үзүүлэх, зөвлөн туслах чиг үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ умартан хууль тайлбарлагч, хуулийг хэрхэн хэрэглэхийг заагч, өөрийн гаргах шийдвэр, хүсэл сонирхолдоо нийцүүлсэн үйл ажиллагаа явуулсны улмаас манай нам өнөөдөр хохирогч болоод байна.
 
Манай намын зарим нөхдийн гаргасан техникийн шинжтэй алдааг тэд ашиглан сонгуульд оруулахгүй байх зорилгодоо хүрлээ.
 
Зүй нь СЕХ нь төрийн сонгуулийг шударгаар явуулахын тулд ажиглагдсан алдаа, зөрчлийг арилгуулах, улс төрийн намын шийдвэрт эргэлзэж байгаа бол шийдвэр гаргасан байгууллагын ядахдаа тэмдэглэлийг нь ч аваад үзэхийг хүссэнгүй.
 
Намыг төлөөлөх эрх, түүний бүртгэлтэй холбоотой зохицуулалт сул байдаг, ялангуяа Улс төрийн намуудын тухай хуульд энэ талаар онцгойлон заагаагүй байдаг. ИЗНН-ын дүрэмд зааснаар намын даргаар сонгогдсоноор намаа төлөөлөх бүрэн эрх шууд хэрэгжиж эхэлдэг.
 
2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ээлжит Их хурлаасаа намын даргаар нууц санал хураалтаар сонгогдсон миний бие 4 хоносны дараа буюу 03 дугаар сарын 13-ний өдөр намын дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхийн хуралдаанд намаа төлөөлөн оролцож УДШ дүрмийн өөрчлөлтийг бүртгэн авсан билээ.
 
Нам төлөөлөх бүртгэлтэй холбоотой зохицуулалт сул байдгийг МАН-ын дарга М. Энхболд 2013 оны 10 дугаар сард намын даргаар сонгогдсон хэрнээ 2016 оны 1-р сард бүртгүүлснээр жишээлж болох юм.
 
Нам төлөөлөх эрхгүй гэж намайг буруутгасан аливаа мэдэгдэл, эсэргүүцэл нэг жил гаран хугацаанд гараагүй байхад СЕХ харин албан ёсны дарга, албан ёсны бус дарга гэсэн нэр томъёо зохион намын хамт олны шийдвэрийг албан бус гэж тэд үзлээ. СЕХ улс төрийн нам, эвслийг сонгуульд оруулах тэр өдөр ИЗНН-ын дарга нарыг сонгосон Их хурлын мандатын комиссын тогтоолыг авсан хэрнээ ийм үйлдэл гаргасанд бид их харамсч байна.
 
Төрийн сонгуулийг шударгаар удирдан зохион байгуулах үүрэг бүхий СЕХ улс төрийн намын бичиг баримтыг хянан баталгаажуулах, зөвлөн туслах чиг үүргээ биелүүлсэнгүй. Энэ халдвар нь Сонгуулийн бусад шатны байгууллагуудад хэрхэн тархаж тэд дур зоргоороо авирлан гаргасан шийдвэртээ эргэж буцаж байгааг харж болно.
 
Монгол Улсад чөлөөтэй, тэгш, шударга сонгууль явагдаасай гэж хүсч байна.
 
Сонгуульд нэр бүхий тодорхой субъектууд хоорондоо өрсөлдсөн нэр зүүх бус гэмт хэрэг үйлдээгүй, төрийн эсрэг аливаа гэмт үйл ажиллагаа явуулаагүй л бол Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д заагдсан төрийг удирдах эрхээ олж авахын тулд сонгох, сонгогдох эрхээр улс төрийн нам хангагдах ёстой.
 
СЕХ Үндсэн хуулийн энэ заалтыг эрхэмлэн дээдэлж, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д заасны дагуу үйл ажиллагаандаа хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх зарчмыг баримтлан ажиллах ёстой.
 
Эрхэм шүүгчид ээ,
 
СЕХ-ны буруутай үйл ажиллагааг зөвтгөсөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан манай нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
 
Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу Сонгуулийг удирдан чиглүүлэх үүргээ биелүүлж, ИЗНН-ыг УИХ-ын ээлжит сонгуульд дангаар оролцуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгахаар давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авна уу.