sonin.mn
“Зууны мэдээ” сонин “Leaderships forum” булангаараа хөгжлийн олон гарцыг тодорхойлсоор байна. Энэ удаагийн дугаарт Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгийг урилаа. Түүнтэй хууль зүйн салбарын хүрээнд ярилцлаа.
 
ЭРХ ЗҮЙН ХӨГЖИЛ 31 ХУВИАР УХАРСАН
 
Хууль зүйн салбар бол нийгмийн бусад салбарын тусгал. Хууль зүйн салбарын хөгжлийн илрэл нь бусад салбарын хөгжлийн үзүүлэлт байдаг. Эрх зүйн шинэчлэл хийгдэж байна, сайн сайхан боллоо, эсвэл муудаж байна гэдгийг төсөөлж хэлэхээс илүүтэй тодорхой баримтад тулгуурлах ёстой. Улс орны эдийн засгийн байдал, гэмт хэргийн гаралтын тоо зэрэг үзүүлэлтийг харвал манай салбар сайхан хөгжиж байна гэж хэлж чадахгүй.
 
Эдийн засаг ямар байгааг та бид мэдэж байгаа. Гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд байнга өсч байна. Тухайлбал, 2011 онд улсын хэмжээнд 19197 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2015 онд 27757 болж өсчээ. Эрх зүйн салбарын хөгжлийн гол үзүүлэлт нь 31 хувиар өссөн учир криминологийн ухаанаар бол манай улсын эрх зүйн хөгжил 31 хувиар ухарсан гэсэн үг. Тэр хэрээр энэ салбарт, бидний өмнө маш их зүйл тулгамдаж байна.
 
Юуны түрүүнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэж хүн бай­на. Тэр хүн маш олон гоё зүйл санаа­чил­даг. Монголын хуульч­дын холбоо Ерөн­хий­лөг­чийн санаа­чил­сан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу байгуулагдсан. Сайн яривал Ерөнхийлөгчийн санаачилсан байгууллага. Тэгсэн хэрнээ Монголын хуульчдын холбооны дуу хоолойг сонсч, тавьж бай­гаа шаардлагад хариу өг­дөггүй. Тухайлбал, Ерөн­хийлөгч шүүгч нарыг томилдог. Тэр журмаар 12 шүүгчийг өөрт нь мэдэгдэхгүйгээр нэг өглөө ажилдаа ирэхэд нь чөлөөлчихсөн байсан. Энэ талаар бид Ерөнхийлөгчид хандахад хууль зүйн үндэслэлтэй хариу өгдөггүй. 
 
Одоо Шүүх байгуулах тухай хууль дахиад өөрчлөгдөх гэж байна. Энэ хуулийг өөрчлөхөөр дахин Ерөнхийлөгчийн зар­лиг гарч, шүүгч нарыг томилно. Шүүгч нар бүгд айдастай болчихсон. Болчихсон юу байхав, айл­га­чихсан. Шүүхийн ерөн­хий зөвлөлийн гишүүдийг өнгөрсөн удаа сонгохдоо “Энэ хүнийг танай шүүхээс дэмжээрэй” гээд цаанаас нь команд өгсөн гэж байна. Түүнийг нь дэмжилгүй “Ийм сонгууль байж таарахгүй. Шударгаар өрсөлдье” гээд нэрээ дэвшүүлсэн анхан шатны шүүгчийг ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн. Яагаад чөлөөлсөн шалтгаанаа хэлээгүй. Энэ тун ноцтой асуудал. Болсон процессыг сонсоод энэ улс чинь ямар улс болчихоод байна вэ гэж уулга алдмаар. Одоо шүүгч нар ажлаасаа халагдахгүйн тулд элдэв янзын зүйлд орооцолдохоо болъё гээд дуугарч чадахгүй байна. “Хуульчдын холбоо бидний эрхийг хам­гаалаач” гэж хүний нүднээс далдуур хүсэхээс өөр юм хийж чадахгүй байна. Шүүх байгууллага ардчилалтай байхгүй бол тэднээс гарч байгаа шийдвэр ямар ардчилалтай байх вэ. Энэ янзаараа үргэлжилбэл, шүүхийн шинэтгэл нэртэй шүүгчдийн хувьчлал болох гээд байна. Энэ их эвгүй шүү.
 
  
23 ОРНЫ ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ УЛААНБААТАРТ ЧУУЛНА
 
Хуульч гэдэг нэрийн дор шүүгч, прокурор, өмгөө­лөгч, мөн бусад ажил эрхэлж буй хууль­чийн гэрчилгээтэй эрх зүйчид нэгддэг. Мон­голын хуульчдын холбооны хамгийн гол зорилго бол бид хуульч нарынхаа нийтлэг эрх ашиг, хуулийг өөрийг нь хам­гаалах яв­дал юм. Ингэснээр иргэдээ хамгаалж чадна. Мэргэжлийн үйл ажиллагааг хөгжүүлэхийн тулд бид гишүүдээ юун түрүүнд Хуульчдын холбоондоо итгэдэг, түүнтэйгээ ха­рилц­даг соёлд сургах шаардлагатай. Үргэлжилсэн сургалтыг сонир­холтой, шинэ сэдвээр зааж, өмгөөллийн нөхөр­лөлийн хөгжлийг дэм­жиж, хамтын хүчээр аливаа эрх зүйн үйлчилгээ үзүү­лэх байдлыг хангахаар хэлэлцүүлгүүд эхлүүлсэн. Гадаад харилцааны чиглэлээр АНУ, Герман, Канад, Австрали зэрэг улсын эрдэмтэн, хуульч нар манайд үргэлжилсэн сургалтын хичээлүүдийг ирж заалаа. Ирэх долдугаар сард Ази Номхон далайн 23 орны 34 хуульчдын холбооны ерөнхийлөгч Улаанбаатарт чуулга уулзалтаа хийхээр бэлтгэж байна.
 
Хуульч хүн ёс зүйтэй байх ажил хуулийн салбарын удирдлагуудын ёс зүйгээс ихээхэн шалтгаалдаг юм байна гэдгийг маш сайн ухаарч байна. Мэдээж манайд ёс зүйгүй аашилсан хуульч нарт хариуцлага тоо­цох механизм бий. Хуульчдын холбооны дэргэд Мэргэжлийн хариуцлагын хороо ажилладаг. Тэд хэнээс ч хараат бусаар ажиллаж, хуульчдын зөрчлийг арилгах үүрэгтэй. Энэ хороо ачааллаа дийлэхгүй шахуу ажиллаж бай­на. Мэргэжлийн хариуц­лагын хороо, түүний ажлын албаны үйл ажил­лагаа 2014 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн. Одоогийн байдлаар 39 хуульчид хариуцлага тооцсон. Иргэд хуульч нарын талаар маш их өргөдөл, гомдол өгч, хянаж шалгуулж байгаагаас харахад олон сайн хуульч нар дотор овоо хэдэн муу хуульч байна гэсэн үг. Тэр муу хуульч нараасаа салахыг эрмэлзэж байна. Гэхдээ гомдолд дур­дагдсан хуульч бүр муу биш. Шүүх дээр маргаж буй хоёр талын нэг нь ялж, нөгөө нь гомддог. Гомдсон болгоны үгээр хуульчийг муу гэж хэлэх боломжгүй.
 
ХУУЛЬ ЭЦСИЙН БҮЛЭГТ ҮР ДҮНТЭЙ БАЙХ ЁСТОЙ. МАНАЙД АЛГА
 
Сүүлийн үед бат­лагдсан хуулиуд Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Цэц тогтоочихсон. Бодит үнэн. Эрх бүхий байгууллага нь УИХ-ын үйл ажиллагаанд дүн тавиад болохгүй юм хийгээд байна гэдгийг хэлж байна. Үүнээс болж хэдий хэмжээний хөрөнгө, цаг хугацаа, хүч, хуульчдын амьдрал хохирч байгааг эдийн засагч нар тооцоолох ёстой. Ийм хариуцлагагүй улстөрчдийн алхмуудаас болж хамгийн түрүүнд ард түмэн хохирно. Тухайлбал, Шүүх байгуулах тухай хуулийг хэд өөрчлөв. Энэ нь шүүгч нарын болон шүүхээс үйлчилгээ авч буй иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлсэн. Энэ бол хуулийн завхрал. Хуулийн завхрал толгойноосоо эхэлдэг. Хууль эцсийн бүлэгтээ функциональ зарчим буюу үр дүн байх ёстой. Гэтэл манайд алга. 
 
Яахав шүүгчдийн цалингийн асуудал олон нийтийн анхаарлыг татсан. Төр өөрөө бусад байгууллагын цалинг нэмж чадахгүй байгаа учраас шүүгч нарын цалин сонин, содон хараг­даад байгаа. Түүнээс биш шүүгч нарын цалинг нэмсэн нь буруу биш. Эрүүгийн хуулийг шинэчилсэн найруулгатай холбогдуу­лаад эмч нарын хариуц­лагын тухай асуудал яригдаж байна. Шүүгч нар өндөр цалин авч байгаа юм чинь эмч нар ч авах ёстой гэцгээж байна.
 
Нэг хүн ингэж бичсэн байна лээ. “Улстөрчид баян учраас гадаад руу яваад эмчлүүлчихдэг. Харин гадаадад очиж шүүлгэх боломжгүй учраас шүүгч нарыг цалинг нэмэхээс өөр яахав” гэсэн утгатай хоржоонтой зүйл. Тэр хүн нэг бодлын хоржоонтой хэлж байгаа ч шүүх байгууллагын үйлчилгээг хаанаас ч авч болдоггүй. Тиймээс тэднийг тордож, цалинг нь баталгаажуулан шударга, хараат бус байдлыг хангах ёстой гэсэн санааг хэлж байна. Тэгээд ч Монголд 500 орчим л шүүгч байна. Бусад мэргэжлийнхэн бол хэдэн мянгаар яригдана. Бүгдийнх нь цалинг нэмэх нь зөв. Харин шүүгчээ онцолж шүүмжлэх нь буруу.
 
Эхний удаа тэдний цалинг нэмсэн. Зөв байсан гээд бүгд гараа өргөсөн. Төсөв хүндрээд ирэхээр шүүгч нарын цалинг багасгах тухай ярьж эхэлсэн. Үүнд шүүгч нар нэлээд бухимдсан. Манай холбооноос ч эсэргүүцсэн. Төсөөлөөд үзье. Та өмнө нь нэмэгдэлгүй цалин авч байсан. Гэтэл цалинг тань гурав, дөрөв дахин нэмэгдүүлсэн тул машин, байрны зээл авсан. Дандаа ийм цалин авна гээд итгэчихсэн, бүр хуульчилсан байхад цалинг нь багасгахаар болоход олон асуудал үүссэн. Өөрийнхөө авах цалингаас илүү банкны хүү төлөх болчихсон. Банкинд өртэй хүн юугаараа гэр бүлээ тэжээх билээ.  
 
Төсвөөс цалинжиж байгаа байгууллагуудын цалинг сүүлд хоёр удаа нэмсэн. Тэгэхэд прокуроруудыг тэр хоёр тохиол­долд орхисон. Одоо энэ хүмүүс хамгийн хүнд нөхцөлд байна. Шүүгч нар шиг нэмээч гэж ярихаас илүү бусад төсвийн байгууллагынхантай адил хувьд хүргээд өгөөч гэж хүсч байна. Харин өмгөөлөгчдийн хувьд зах зээлд чөлөөтэй ажиллаж байгаа учраас чадвал чад, боливол боль гэсэн хууль үйлчилдэг. Цаашид гэмт хэргийн хөнгөн, хүнд, үйлчилгээний төрлөөс шалтгаалж өмгөөлөгчийн хөлсний жишиг тогтоох нь зүйтэй. Үүний цаана ялгамж, авлигын янз бүрийн асуудал гарч болзошгүй.
 
Өмгөөлөгч нэг хүнийг өмгөөлөөд явлаа гэхэд шүүх өөрөө тэр хүнийг хохироосон гэм хорыг арилгахдаа өмгөөлөгчийн хөлсийг олгодог зарчим олон улсад байдаг. Япон зэрэг оронд ийм төрлийн хэрэгт ийм жишиг байна гээд Хуульчдын холбоо нь гаргаад өгчихдөг. Тэгэхээр шүүгч “Танай өмгөөлөгч өндөр үнэтэй байж болно. Гэхдээ Хуульчдын холбооны стандартын дагуу үйлчилгээний хөлсөнд нь ийм дүнг гаргуулах нь зүйтэй” гэж шийд­нэ гэсэн үг. Ин­­гэхээр иргэн хохир­сныхоо төлөө өөрийнхөө хармаанаас эрх хамгаалуулах гэж мөнгө өг­дөг одоогийн тогтолцоо өөрч­лөгдөх юм.
 
Өмгөөлөгчдийн хувьд өнөөгийн эрх зүйн хүрээнд асуудлууд бий.  Тэдний эрх ашиг, тэдний мэргэжлийн ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчин тодорхойгүй байгаа. Бодит амьдрал дээр өмгөөлөгч нотлох баримт бүрдүүлэх эрхгүй, хавтаст хэрэгтэй чө­лөөтэй танилцах боломж­гүй байна гээд олон бэрхшээлийг ярьдаг. Өмгөөллийн тухай хууль, эсвэл Өмгөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль байх ёстой гээд олон хувилбартай хуулийн төслүүд бэлэн болоод Холбооны гишүүдээр хэлэлцэгдсэн байгаа.
 
ЭНГИЙН ЮМ ОЙЛГОХГҮЙ ХҮМҮҮС НАРИЙН ЗҮЙЛ ХИЙНЭ ГЭДЭГТ ИТГЭДЭГГҮЙ
 
Хуулийн салбар өөрөө маш олон эрэг, шургатай. Нэг эрэг нь буруу ажиллахад бусад нь ажиллаж чадахгүй доголдоно. Хуулийн завхрал хууль тогтоогчид болон хэрэгжүүлэгч нараас эхэлдэг. Манай улсад эдийн засгийг удирдаж байгаа хүмүүс эрх зүйн эрэмбээ мэддэггүй. Эмнэлэгт хүүхдүүд коридорт хэвтээд байна, эмнэлгийн тоноглол хомсдоод байна, энд хүн үхээд байна гээд байхад мөнгө хуваарилж байгаа хүмүүс юу ч болоогүй юм шиг хогийн уут, замын боржуур, дарга нарын уулзалтад мөнгө хуваарилаад байдаг. Хүний эрх чинь өөрөө дотроо үндсэн, хоёрдахь гээд эрэмбэтэй шүү дээ. Тэнэг хүн ч ойлгомоор энэ энгийн зүйлийг улс төрчид ойлгохгүй байдаг нь сонин.
 
Нэгдүгээр хэрэгцээгээ хангаагүй хүн хоёр дахь хэрэгцээ рүүгээ хөрөнгө оруулвал сөнөнө гэдэг чинь нийг­мийн гэхээсээ илүү байгалийн жам шүү дээ. Миний хувьд энэ сэдвээр олон жил ярьж байна. Эн­гийн юм ойлгохгүй хү­мүүс нарийн зүйл хийнэ гэдэгт итгэдэггүй.
 
Б.Энхзаяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин