sonin.mn
Монголын тэшүүрчдийн төлөөлөл өнөөдөр “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж Монголын тэшүүрийн холбоо/МТХ/-ны ээлжит бус Их хурлыг хууль бусаар аудитын дүгнэлт гаргахаас өмнө хуралдуулсан талаар мэдээлэл өгөв.
 
Тус хуралд МТХ-ны Хүндэт ерөнхийлөгч, ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн тэшүүрийн холбооны дэд ерөнхийлөгч зэрэг албыг 20 гаруй жил хашсан О.Эрдэнэ-Өлзий, МТХ-ны Удирдах зөвлөлийн дарга Д.Болормаа, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Нармандах, Монгол Улсын УГЗ, спортын мастер Ж.Вандандорж, дасгалжуулагч Ж.Долгорсүрэн, Б.Сансарбилэг зэрэг тэшүүрийн спортын үе үеийн төлөөлөл болсон 20 орчим тус холбооны гишүүд оролцлоо.
 
Тэд, МТХ-ноос бүх гишүүдийн ээлжит бус их хурлыг хуралдуулах зорилгоор 2010-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт оруулж дүгнэлт гарсаны дараа холбооны Үндсэн дүрмийг хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулсаны дараа ээлжит бус их хурлын товыг албан ёсоор зарлахыг гишүүддээ мэдэгдсэн.
 
Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хууль бусаар хурлыг аудитын дүгнэлт гарахаас өмнө хуралдуулж хууль бусаар МТХ-ны Логог ашиглаж, тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж байгаа нь Монголын тэшүүрчдийг хагалан бутаргасан үйл ажиллагаа болж байна гэв.
 
Мөн Ц.Даваасүрэн нь МТХ-ны ерөнхийлөгч байсан 2010-2014 онд нэг ч амлалтаа биелүүлээгүй. Тухайлбал, МТХ хэмээх ТББ-ыг улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн эрхгүй, татварын хэлтэст бүртгэлгүй, регистрийн дугаар, бүртгэлгүй тамга ашиглаж үйл ажиллагаа явуулсан.
 
Холбооны санхүүгийн үйл ажиллагаанд зөрчил байсан учраас 2014 оны МТХ-ны Их хурлаар аудитын дүгнэлт гаргуулаагүй. “Сочи-2014” өвлийн олимпод тэшүүрийн төрлөөр нэг ч тамирчингүй байж, өөрийн биеэр очсон нь монголын тэшүүрчдэд харуусал төрж байв. Сочигийн олимпийн эрх аваагүйн улмаас үндэсний шигшээ багийг татан буулгуулсан хэмээн шүүмжилж байв.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг