sonin.mn
Үндсэн хуулийн Цэц жагсаалтаар сонгогддог тогтолцоог Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнээд буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.ДЭМБЭРЭЛТЭЙ ярилцлаа.
 
-Ердөө хоёрхон сарын дараа сонгууль болох гэж байхад хуулиа өөрчлөх нөхцөл үүсчихээд байгааг та хэрхэн харж байна вэ?
 
-Монгол Улс долоо дахиа УИХ-ын сонгууль явуулах гэж байна. Энэ хугацаанд сонгуулийн тогтолцоо нэг мөр болох болсон. Гэтэл тогтолцоогоо байнга өөрчилж байгаа нь төр тогтворгүй байгааг харуулаад байгаа юм. 2008 оны сонгуулийн дараа ялагдсан намууд МАН-ыг монопольдож, луйвардаж ялсан гэж үймээн самуун дэгдээсэн. 
 
Сонгуульд оролцсон намууд сонгогчдоос санал авч чадаагүй учраас л тийм үймээн дэгдээсэн. С.Баяр “Таван төгөлдөршил”-ийн асуудал Бага хуралд оруулж ирснийг санаж байгаа байх. Түүний нэг нь сонгуулийн төгөлдөршил байсан бөгөөд тэр дундаа сонгуулийн тогтолцоонд пропорционалын элементийг оруулах санал байсан. Долдугаар сарын 1-ний хэрэг явдал их ноцтой байдлын илэрхийлэл гэж үзсэн. Үүнээс сонгуулийн тогтолцооны өөрчлөлт гарцаагүй болж байгаа юм байна гэж ойлгогдож холимог тогтолцоог дэмжихэд хүрсэн юм.
 
Нийгмийн хандлага, олон намуудын хөгжил, нийгмийн байдал сонгуулийн өөрчлөлтийг шаардах болсон. 2008 оныг хүртэл АН мажоритар тогтолцоог пропорционалийг холимог болгох асуудлыг байнга тавьсаар байсан. МАН УИХ-д олон намын төлөөллийг хангах, хүйсийн болон залуучуудын оролцох боломж, саналыг гээгдүүлдэг дутагдал улс төрийн тогтворгүй байдалд хүргэхийг харгалзан хувь дүйцүүлэх элемент оруулахыг зөвшөөрсөн.Хууль ч тэгж гарсан юм. Одоо холимог тогтолцооноосоо буцах нь олигтой ч юм биш дээ.
 
-Намуудыг өмнөх бодлогоосоо ухрах алхам руу Цэц түлхчих шиг боллоо. Гэхдээ 2012 онд яг ижил утгатай гомдол Цэцэд хүрэхэд яагаад өнөөдрийнхөөс өөр шийдвэр гаргасан юм бол. Цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргалаа гэх шүүмжлэл их гарч байна л даа?
 
-2012 онд л Цэц одоогийн шийдвэрээ гаргах байсан. Тухайн үед Үндсэн хууль зөрчигдөөгүй юм шиг яриа болгож олон улсад нийцсэн жишиг мэт өнгө аяс гаргаж өнгөрөөсөн. Одоо болохоор УИХ-ын 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгоно гэж заасан Сонгуулийн хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ.
 
Гэтэл өнөөдөр сонгуулийн бэлтгэл эхэлчихсэн хойно унтаад сэрж байгаа юм шиг Цэц ийм шийдвэр гаргаж байгаа нь энэ төрийн ажилд хүндрэлтэй. Нөгөө талаар Цэц үнэхээр ийм шийдвэр гаргаж байгаа юм бол сонгуулийн тогтолцооноос ухрах бус харин нэр дэвшигчийг жишээ нь намууд жагсаалтаар нэр дэвшигчдийг сонгох боломжтой талыг олж харж дэмжих боломж байсан. Үндсэн хуулийн Цэц төрийн тогтолцоог будилуулж ойлгомжгүй байдал үүсгэж байна. Сонгуулийн тогтолцоо нь өөрөө төрийн тогтолцоонд багтах зүйл. Намын жагсаалтад орсон хүмүүст сонгогчид санал өгөх хувилбар бий л дээ.
 
-Тэгэхээр сонгогчид жагсаалтад орсон хүмүүсийн нэрийг дугуйлна гэсэн үг үү?
 
-Тийм. Жагсаалтад орсон нэр дэвшигчийг сонгож саналаа өгөх боломжтой. Цэц хэрвээ энэ утга агуулгаар шийдвэр гаргасан бол пропорционал нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн өмнөх байр суурин дээр байх байлаа. Монгол Улсын Үндсэн хуульд жагсаалт, хувь тэнцүүлж суудал хуваарилж болохгүй гэсэн заалт угаасаа байхгүй. Гишүүнийг шууд сонгоно л гэж байгаа.
 
-Одоо Сонгуулийн хуулийг өөрчлөхөөр зохион байгуулалттай холбоотой хүндрэл хэр гарах бол?
 
-Монголын төрийн бодлого тогтворгүй байна. Аль ч нам нэгэнт гаргасан бодлогоо ард түмэнд ойлгуулж авч явах ажлаа хийж чадахгүй байна. АН бүр 2008 он хүртэл порпорциональ хэрэгтэй гэж хашгирч байснаасаа одоо 180 хэм эргэжээ. МАН-ын хувьд төрийн тогтвортой байдлыг хангах ёстой гэдгээ бас олон түмэнд ойлгуулж чадсангүй. Багагүй бэрхшээл хүндрэл гарна. Гэхдээ улс төр аливаа хүндрэлийг давж хариуг гаргадаг болохоор өөр болох биз.
 
-Үндсэн хуулийн Цэц өмнөх шийдвэрээсээ ухарсан нь улс төрийн захиалгатай гэж дүгнэх хүн олон байна. Харин та үүнийг яаж харж байна вэ?
 
-Цэц ийм шийдвэр гаргасанд Цэцийн гишүүдийг шууд буруутгаж болохгүй. Яагаад гэвэл, бүх зүйлд улс төрийн дарамт орчихоод байна шүү дээ. Зөвхөн Цэц ч биш, хэвлэл, хуулийн байгууллагууд, бүр бизнес эрхлэгчид дарамтлагдаад байгаа нь нууц биш гэдгийг хүн болгон ойлгохтойгоо болж байна. Жишээлбэл, хэвлэлийнхэн улс төрийн дарамтад орчихсон байлаа гэхэд бүх сэтгүүлчийг буруутгаж болохгүй. Тэнд шүүх, улс төрийн дарамтад ороод асуудал шийдлээ гэхэд шүүгчийг буруу гэж шууд хэлэхэд бас л хэцүү. 
 
Нөгөө талаар Цэц дампуураад байгаа бус, Цэцийг дампууруулаад байгаа юм шүү дээ. Юу гэвэл улс орны хэмжээнд мөнгө, улс төрийн дарамт 'хуулиас дээгүүр төрхөд амилж хэлбэржих боллоо. Тэрэнд нь тохирсон аястайгаар ажил, амьдралыг зохион байгуулах явдал гарч байна. Монголын улс төрийн хамгийн том гажуудал бол энэ. Цэцийн гишүүд төдийгүй төрийн албан хаагчид өөрсдөө ч өртөж байна. Хэрвээ улс төрийн энэ дарангуйллыг том сууриар нь өөрчлөх бодлого явуулахгүй бол хууль гууль болоход хүрнэ.
 
-Нэгэнт мажоритар тогтолцоогоор сонгуулиа явуулахаар болчихвол жижиг 76, том 26 тойргийн аль нь дээр хувилбар вэ? 
 
-Сонгуулийн тойргоо жижиг 76 болгох уу, том 26 тойргоор явуулах уу гэдэг Цэцийн асуудал биш. УИХ хэлэлцээд нэг талд нь багтааж шийдвэрээ гаргаж таарна. 76 тойрогт санал хураахаар үр дүн яаж гардгийг мартчихаагүй бол манайхан санаж байгаа байх. Том тойргоос том гар, жижгээс бол жижиг гар л гарах магадлал өндөр. Аль ч бай мөнгөний сонгууль болчихлоо гэж дахин улиглах вий. 
 
Мөнгөтэй нь голдуу гарна. Энэ бол жижиг тойргийн хандлага. Жагсаалтаар халхаллаа гэдэг шүүмжлэлийн оронд мөнгөтэй олигархиуд өөртөө хууль тохирууллаа, өөрсдөө гарах боломж олж авлаа гэдгийн алийг сонгоно тэр талд шүүмжлэл өрнөх болдог. АН энэ асуудлаар манай намтай байнга маргаж, сонгогчдын эрх ашиг хохирч, санал олноор гээгдлээ гэх зэргээр яриа гаргаж, дайралт хийдэг байсан одоо зогсоно биз.
 
-Жагсаалтад орсон хүмүүст сонгогчид санал өгөх нь бэрхшээлтэй юм биш үү?
 
-Тойргийг бүсчлэн томсгосон байдлаар зохион байгуулбал болно. Бүх хүмүүст санал өгөх боломжгүй нь үнэн. Тийм учраас бүсчилсэн байдлаар жагсаалтаа гаргаад сонгуулах боломжтой. Түүнээс биш улсыг нэг гэх нь хүндрэлтэй. Одоо 2012 оны өмнөх сонгуулийн тогтолцоогоор сонгуулиа зохион байгуулахаас өөр аргагүй боллоо.
 
-МАН долдугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа пропорционалийг хуульд оруулахаар бодлогоо тодорхойлсон гэж та хэллээ. МАН-ын бодлого юм бол сая яагаад Цэцийн шийдвэрийг хүлээгээд авчихав?
 
-Манай намын язгуур зарчим бол Үндсэн хуульдаа нийцүүлэх. Сонгогч нэр дэвшигчдийг заавал өөрөө сонгох явдал. Сонгуулийн хуулийн заалт Үндсэн хуультай зөрчилдсөн гэж үзэх үндэс байсан уу гэвэл байсан. Олон ч асуудлыг ярьсан. Цэцийн шийдвэр өнгөн талаасаа зөв юм шиг боловч агуулгаараа буруу байна. Эх хүүхдээ угаагаад угаадастайгаа хамт асгав гэдэгтэй адил зүйл болжээ. Намуудын нэрсийн жагсаалтад орсон нэр дэвшигчдийг иргэд өөрөө сонгох боломжтой гэдэг утгаар, сонгуулийн тогтолцоог олон өөрчлөх нь зохисгүй, улам бататгах ёстой гэдэг утгаар бий ярьж байна. 
 
Гишүүнийг сонгож санал өгүүл гэдгийг ярихдаа тэнцүүлж буюу пропорциональ тогтолцоо байж болохгүй юм шиг дүгнэлт гарч байна. Ямар тогтолцоог сонгох нь Үндсэн хуулийн зөрчил биш, харин нэр дэвшигчийг дугуйлж санал өгөөгүй гэдэг зөрчил мөн. Хооронд нь хутгаж, гүйцэд ойлгоогүйгээс асуудал үүсч байна. Одоо мэтгэлцэж суух цаг нэгэнт байхгүй учраас хэлбэр талаас ч бай дүгнэлтийг хүлээн авч сонгуулиа хуучин системээр явуулахаас өөр аргагүйд хүрсэн гэж үзэж байна.
 
-Ер нь мажоритар тогтолцооны давуу болон сул тал нь юу юм бэ?
 
-Ард түмэн хүнээ сонгоно гэдэг зөв. Мажоритар бол хоёр намын төлөвшлийг дэмждэг тогтолцоо. Бараг 25 жилийн өмнө 1992 онд Улсын Бага хурлаар сонгуулийн хууль баталж байх үед мажоритар систем нь хоёр намыг төлөвшүүлэх систем болохыг бид ярьж байсан. Үнэхээр ч хоёр том намыг гаргаж төлөвшүүлсэн. Гэтэл өнөөдөр Монголд хүний тоотойгоо харьцуулахад маш олон нам бий болсон.
 
 Хэрвээ олон нам хэрэггүй гэвэл улс төрийн намын хуулиараа нэлээд чамбай хашиж өгөх ёстой. Нэгэнт олон нам бий болсон болохоор тэдний оролцоог яах вэ гэдэг асуудалд мажоритар хариу өгөхгүй. Эмэгтэйчүүд, залуучуудын төлөөллийг УИХ-д оруулах боломж ч муудна. 2008 он хүртэл УИХ-ын таван удаагийн сонгууль мажоритартогтолцоогоор явсан юм.
 
Тэгвэл 20 жилийн явцад гарсан тэр дутагдлыг дахин давтах болно. Давуу тал нь сонгогч өөрөө нэр дэвшигчийн төлөө санал өгч байгаа явдал. Сонгогчдод сонгосон гишүүн нь ойр. Сонгогчид хяналт тавих боломжтой. Цэвэр мажоритар том савалгаатай хоёр том нам руу ээлжлэн санал урсдаг онцлогтой.
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин