sonin.mn
Олон улсын “Нарантуул” худал­дааны төвд өнгөрсөн сарын эхээр гал гарч тэнд бөс бараа­ны худалдаа эрхэлдэг олон арван хүн хохирсон.  
 
Гал гарсны маргааш “Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуу түрээслэгчдийн хохирлыг барагдуулах боломжгүй гэж мэдэгдсэн. Тэгвэл сүүлийн үед хохирол амссан түрээслэгчдийг гом­долгүй гэж хэлэхийг шаардаж байгаа талаар худалдаачид ярьж байна. Тодруулбал, “Нарантуул”-ын эзэд эд бараа нь галд өртөж шатсан түрээслэгчдийг “Хэрвээ гом­долгүй гэсэн бичгийг цаг­даагийн газарт хийж өгөхгүй бол ажлын байраар хангахгүй” хэмээн дарамтлах болсон аж. Энэ захад гарсан галын улмаас торго бөс бараа худалдаалдаг хэсгийн 200 орчим түрээслэгчийн бараа материал галд шатсан юм. Тэд уг шаардлагыг хүлээж авахгүй хэмээн багагүй эсэргүүцсэн боловч аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрчээ.
 
Өөрөөр хэлбэл, түрээслэгчид уг шаардлагыг хүлээн зөвшөөрч, захын захиргаанаас гаргасан “гомдолгүй” гэх бичгийн заг­варыг хуулан бичиж өгс­нөөр “Нарантуул”-ын захир­гаанаас лангууг нь битүүлэн  төмрөөр гагнасан байс­ныг хөрөөдөн авч, түрээслэгчид худал­­даагаа хийж эхэлжээ. Мөн тэд хэвлэлийнхэнд ярилц­лага өгөхөөс татгалзаж бай­сан юм.
 
Учир нь, хэвлэл мэдээллийнхэнд яриа өгсөн хүний ажлын байрыг хураан авах вий гэсэн айдастай байв. Тэдний хэлж буйгаар тэндхийн түрээслэгчид бүгд л их бага хэмжээгээр банкны зээлтэй учир ажлын байраа алдахгүйн тулд захын удирдлагуудын аманд багтаж, чимээгүй байсан нь дээр гэцгээж байв. Түрээслэгч М: “Би дөрвөн лангуутай. Миний лангуунд 20 тоннын нэг бүтэн, мөн тал чингэлэг бөс бараа байсан. Тэргээр /хоёр метрийн өргөнтөй/ зөөхөд зургаан тэрэг болдог барааны ихэнх нь шатсан. Үнийн дүнг хэлэх шаардлага алга. Бид бүгд л банкны зээлтэй. Дээр нь үр хүүхдийн сургалтын төлбөр, хоол унд гээд эдийн засгийн асуудал хүнд болчихоод байна. Өнгөрсөн мягмар гариг хүртэл бид захын гадаа хохирлоо нэхэмжилж зогслоо. Хохирлоо нэхэхээр наймааг чинь хийлгэхгүй гээд лангууг төмөр тороор гагначихсан. Тэгэхээр бид хохиролгүй гэж бичиж байж л наймаагаа хийж, амьдралаа залгуулахаас өөр арга алга” гэв. Бөс бараа худалдаалдаг түрээслэгчдийн гэрээ 2014 онд дууссан аж.
 
Түүнээс хойш гэрээгээ ахиж сунгаагүй ч сар бүрийн түрээсээ төлсөөр ирсэн байна. Харин захын удирдлагууд тайлбарлахдаа “Бидний зүгээс худалдаачдад түрээсийн гэрээний зүйл заалтыг биелүүлээч гэсэн шаардлага тавьсан. Бид­ний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол гэрээ бай­гуулах боломжгүй гэсэн шаард­лагын дагуу одоог хүртэл түрээсийн гэрээ байгуулаагүй” гэсэн юм.
 
Ямар­тай ч бөс барааны түрээс­лэгчид гэрээгүй ч өнгөр­сөн лхагва гаригаас худалдаа, наймаагаа хэвийн үргэлжлүүлж эхэлсэн юм. “Нарантуул” худалдааны төвийн Хяналт зохион бай­гуулалтын албаны дарга А.Баттулга “Түрээслэгчид гал гарснаас хойш бидний ажлын байрыг хурдан гаргаж өгөөч гэсэн шаардлага тавьсан. Бидний зүгээс шатсан лангууг бүгдийг шинэчилж, тавьж өгсөн. Тэгээд түрээслэгчид “Байгууллагадаа гомдол санал байхгүй. Биднийг ажлын байранд хурдан оруулж өгөөч” гэсэн санал тавьсан. Бид түүнийх нь дагуу албан ёсны бичгээр хүсэлтээ гаргаж өг, түүнийг нь цагдаагийн байгууллагад уламжилъя гэсэн.
 
Ингээд 100 гаруй хүний олонх нь хүсэлтээ бичиж өгсөн. Гэтэл гадуур байгууллага түрээслэгчдийн гомдолгүй гэдэг хүсэлтийг хүчээр бичүүлэн авч, ажлын байрыг нь олгож байна гэсэн яриа гарч байна. Тийм зүйл байхгүй” гэв.  Одоогоор галын дүгнэлт гараагүй байгаа аж. Харин хохирлын хэмжээ нь нэг тэрбум гаруй төгрөг хэмээх дүгнэлт гарчээ. Харин “Нарантуул”-ын удирдлагууд галын дүгнэлт болон хэн буруутайг тогтоогоогүй учир хохирлыг барагдуулахгүй гэсэн байр сууртай байна.
 
М.Энх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин