sonin.mn
УИХ-ын гишүүн Х.Баттулгын  эзэмшлийн "Баянгол" зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг "Баялагийн хувь", "Түмэн хишигтэн" гэх хоёр компанид энэ сарын 11-ны өдөр ЦЕГ-ын газраас санхүүгийн шалгалт хийсэн билээ.
 
Уг  шалгалтын талаар  ЦЕГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 
 
Хэвлэлийн хуралд Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Оргил, Тусгай ажиллагааны газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Алтанбагана, Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү нар оролцсон.
 
Шалгалтын үеэр хуулийн байгууллагад саатуулагдан шалгагдаж буй түүний туслахууд  эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум төгрөгийг уг компаниудаас авч, захиран зарцуулсан болох нь тус тус илэрчээ.
 
 
 
Мөрдөн байцаагч Б.Оргил : " "“Түмэн хишигтэн”, “Баялгийн сан” хоёр компанид УИХ-ын гишүүн Х.Баттулга хувь эзэмшдэг болох нь тогтоогдсон. Шалгалтын явцад эдгээр аж ахуйн нэгжийн захирал, нягтлан бодогчийн нэрээр эх үүсвэр нь тодорхойгүй 10 гаруй тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь тогтоогдсон. Гишүүний туслахаар ажиллаж байсан хүмүүс хууль бус шийдвэр гаргахад нөлөөлөх хэмжээний албан тушаалд ажиллаж байсан" хэмээв.
 
Мөн Гашуун сухайт-Ухаа худаг чиглэлийн 267 км төмөр замтай холбоотой хэргийн хувьд  Улсын ерөнхий прокурорын тушаалаар, АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм байна. Уг  төмөр замын ажлыг хэрэгжүүлэх төслийг Монголын төмөр зам ТӨХК-д концессын гэрээгээр хэрэгжүүлэх эрхийг олгосон юм. Гэтэл Зам тээврийн яам, Монголын төмөр зам ТӨХК-ийн албан тушаалтнууд Монгол улсын хууль тогтоомжийг зөрчиж, ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын хөрөнгө оруулалттай компаниудыг сонгосон байна.Улмаар  ерөнхий гүйцэтгэгч компани нь  хуурамч бичиг баримт үйлдэж,  20 гаруй сая ам. долларын хохирол учруулсан нь үндсэндээ тогтоогдоод буй ажээ.
 
 
 
П.Мандах