sonin.mn
Өнөө үеийн Монголын нийгэм нэг л биш дээ. Хулгай зэлгий, худал үгээр бүр дүүрчихэж. Яагаад ийм байгааг жаахан тунгааж бодвол Монголын төр, засгийн эрх баригчид эх суурийг тавьдаг бололтой юм. Тэд худлаа ярих нь дэндүү. Тэр нь УИХ, Засгийн газраас гаргаж буй шийдвэрт тусгалаа олдог. Хэн нэгнээ буюу өрсөлдөгчөө “намнах"-ын тулд үгээр алах нь бүр мэргэжлийн мэт болсон.
 
Өнгөрсөн жилийн сүүлчээс эхлээд УИХ-аас гаргасан хууль, шийдвэрт үл итгэм санаа, биелэхгүй нь тодорхой заалт их байгаа. Ганцхан жишээ хэлэхэд "Хамтын тэтгэврийн тухай хууль” гээд нэг саарал хууль баталсан.
 
Яагаад саарал гэв гэвэл тархиа гашилгах хэрэггүй юм. Уг хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа нь 1917 оны нэгдүгээр сарын нэгнээс гэж заасан бий. Үүнийг сонгууль угтсан худлаа пиар гэж олон түмэн ойлгодог. Тэгж тайлбарладаг.
 
Хууль хэрэгжихийг горьдож хүлээх хүн ч цөөн байгаа. Учир нь сонгууль болно. Дараа нь ямар их хурал байх, Засгийн газар нь ямар болохыг одоо төсөөлшгүй шүү дээ. Аль намын засаг тоггохов мэдэхгүй. АН-ын хувьд өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөрөө бодож уг хуулийг батлуулахдаа заль зохиосон шиг байгаа юм.
 
Саяхан бас нэг шинэ шийдвэр сонсогдсон. Тэр нь газрын тос боловсруулах үйлдвэр барьж эхэлнэ гэж. Тэгсэн хэрнэ ээ үйлдвэр барих сонгон шалгаруулалтыг энэ оны гурав дөрөвдүгээр улиралд явуулна гэсэн байналээ. Яг энэ бол үнэн шүү, бас худлаа шүү гэсэн санаа мэт. Сүүлийн үед Г.Шийлэгдамба гэдэг хүний хэлсэн үг бөөн сенсаац болоод байгаа. Тэр юу гэж хэлсэн бэ? гэвэл намын дарга Н.Энхбаяр намдаа санхүүжилт ол гэж шахалт үзүүлсэн учир танил ахаасаа мөнгө авч түүнд өгсөн гэж ярьсан.
 
Гэтэл Н.Энхбаяр дарга нь би түүнээс ямар ч мөнгө аваагүй гэсэн байна лээ. Бас Ц.Оюунбаатар надаар намын ерөнхий нарийн бичгийн дарга, сайдын суудлаасаа татгалзах бичигт гарын үсэг зуруулсан гэсэн. Тэгсэн зуруулсан гэх эзэн нь “би зуруулаагүй” гэж мэдэгдэв. Тэгэхлээр миний баруун талд үнэн. зүүн талд худлаа гэсэн хоёр туйл байна. Ёстой л хадны завсар хавчуулсан халиуны зулзага хөөрхий гэдэг шиг л. Өдөр тутмын нэг сонинд нэрээ нууцалсан болов уу нэг сэтгүүлч,
 
-Г.Шийлэгдамбаын ярьснаас ширхэг ч худлаа юм байсангүй гэж бичжээ. Тэр шарсан мах анддаггүи зурхайч л биш бол хэн нэгний даалгавар биелүүлэх гэж тэгж бичээ дээ. Г.Шийлэгдамба гэдэг хүн хэргээс хар толгойгоо авч гарах мэх нь тэр байсан ч юм билүү. Ямартай ч тагнуулд хамт явж болохгүй хүн санагдсан даа тэр. Үнэн, худлын хооронд хэлэх үг ч олдохгүй зовох минь. Цаг хугацаанд л итгэж суухаас...