sonin.mn
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг өнгөрсөн оны долдугаар сард баталж, есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлсэн. Хуулийн хүрээнд баталсан Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг хоёрдугаар сарын 1-нээс албан ёсоор мөрдөж эхэлсэн юм.
 
Журмын хэрэгжилтийн талаар өчигдөр Хууль зүйн яам, Лицензийн төв, ЗЦГ-ын мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Журмыг хэрэгжүүлж эхэлснээр жолооч арван оноотой замын хөдөлгөөнд оролцож, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 18 тохиолдолд зөрчлийн оноо хасуулахаар хуульчилжээ. Ямар тохиолдолд оноо хасч, жолоо­ны эрхийг хэрхэн сэргээх талаар Лицензийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Ганбатаас тодрууллаа.
 
-Зөрчил гаргасан жолооч нар оноо, эрхээ яаж сэргээлгэх вэ. Зөрчил гаргаагүй жолоочид урамшуулал бий юү?
 
-Тусгайлсан 19 зөрчилд тус бүр 1-10 хүртэлх оноо хасна. Оноо дуусах үед жолооны эрхийг хязгаарлаж, жолоочийг хоёр цагийн сургалтад хамруулна. Дараа нь замын хөдөлгөөний дүрмийн арван асуулт бүхий тестээр цахим шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд жолооны эрхийг сэргээж, арван оноог олгоно. Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцсон жолоочид хамгийн сүүлд оноо хасуулснаас хойш нэг жил оноо хасуулаагүй бол сүүлийн хасуулсан оноог нэмж олгоно. Хоёр жил замын хөдөлгөөний зөрчил гаргаагүй жолооч арван оноотой болох урамшууллын зохи­цуулалт бий.
 
-Жолоочид олгож байгаа торгуулийн хуудаст зөрчлийн онооны талаар тэмдэглээгүй байна гэсэн гомдол байна. Жолооч хэдэн оноотой байгаагаа хэрхэн мэдэх боломжтой вэ?
 
-Цагдаагийн алба хаагчдын шал­гах төхөөрөмжид  ЗЦГ-т бүртгэлтэй  жолооч нарын мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, жолоочид торгуулийн хуудас олгоход тухайн жолооч хэдэн оноо хасуулж байгаа нь алба хаагчдын төхөөрөмжид харагдана. Цаашид техникийн шинэчлэл хийж жолоочийн гар утсанд зөрчлийн онооны талаар мэдээлэл очих ажлыг хийнэ.
 
-Ямар зөрчил гаргасан тохиолдолд жолоочоос таван оноо хасах вэ?
 
-Замын хөдөлгөөний аюулгүй бай­далтай холбоотой хууль тогтоом­жийг зөрчсөнөөс зам тээврийн осол үйлдсэн болохыг  албан тушаал­тан тогтоосон тохиолдолд буруутай жолоочоос таван оноо хасна. Согтуурсан үедээ автомашин жолоодох, урсгал сөрж, хурд хэтрүүлсэн тохиолдолд оноог шууд тэглэж, эрхийг хасахаар журамд тусгасан. Нэг оноог гэрлэн дохио, цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон болон замын хөдөлгөөнд оролцохдоо зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй зэрэг долоон тохиолдолд хасахаар зохицуулсан.
 
-Журам хэрэгжүүлж эхэлснээс хойш хэдэн жолооч зөрчлийн оноогоо хасуулсан бэ?
 
-Нийслэлийн хэмжээнд хоёр­дугаар сарын  2-ны 09.30 цагийн байдлаар 476 жолооч зөрчил гаргаж, оноогоо хасуулсан байна. Үүний 400 тохиолдол нь нэг оноо, 74 дохиолдол хоёр оноо, хоёр жолооч гурван оноо хасуулсныг бүртгэсэн.
 
-Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочид зөрчлийн оноо тооцоод мөн торгууль ногдуулж байгаад хүмүүс бухимдалтай байна. Журамдаа ийм зохицуулалттай юу?
 
-Жолооч зөрчил гаргаад тор­гуулийн арга хэмжээ авахуул­чихаад дахин  зөрчил гаргаад яваад байдаг. Шинэ баталсан хуулиар энэ байдлыг таслан зогсоох зорилготой. Жилд 600 гаруй иргэн зам тээврийн ослоор амь насаа алдаж байна шүү дээ. Энэ бүхэн жолоочийн хариуцлагыг дээшлүүлэхээр авч байгаа арга хэмжээ юм.
 
Б.Дэлгэр
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин