sonin.mn
“Машинаа гараждаа тавьчихаад ирье” хэмээн энэ сарын 20-ны өдөр гэрээсээ гарсан 27 настай Л гэгч байгаль хамгаалагч, биологич залуу Хөвсгөл далайд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. 
 
Тэгвэл энэхүү учир битүүлэг хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн баасан гарагт “Ирвэс хамгаалах төв”, “Аргаль судлал” ТББ, “Мэргэжлийн анчдын холбоо” ТББ Монголын байгаль орчин иргэний зөвлөлөөс мэдээлэл хийлээ.
 
Тодруулбал, дээрх байгууллагуудын зүгээс байгаль хамгаалагч залууг бусдын гарт амиа алдсан асуудыг шалгаж, гэмт этгээдийг олох, мөн байгаль хамгаалагчийн эрхийн хамгаалалт муу байдгийг төр засгаас анхааралдаа авахыг хүссэн юм. Мөн талийгаач Л-ийн хэргийг улстөржүүлж, илрүүлэхгүй хав дарж, сонгуулийн шоу болгоод өнгөрөөхгүй байхыг ч мөн хүссэн юм.
 
Тэдний хэлж буйгаар халдлага болсон даруйд цагдаа, тагнуулын байгууллагад удаа дараа хандаад байхад асуудлыг шалгадаггүй цалгардуулдаг тэдний уршгаар өнөөдөр байгаль хамгаалагч залуу учир битүүлгээр амиа алдсан асуудлыг төр ажлаа хийхгүй байна. Монгол Улсын нүд чих болсон газрууд ажлаа хийж чадахгүй байна. Тэд сайн ажиллаж байсан бол өнөөдөр тэр хүүхэд амиа алдахгүй байсан.
 
Тиймээс хуулийн байгууллагын удирдлагууд нь хэргийг даруй татаж шалгахыг хүсч байна. Ардчиллын эцэг гэгдэх С.Зоригийн хэрэг шиг илрүүлэхгүй замхруулах вий гэхээс болгоомжилж байна хэмээсэн юм. Хамгийн хачирхалтай нь талийгаач Л өмнө гурван удаа халдлагад өртөж байжээ.
 
Гэтэл цагдаагийн байгууллагаас талийгаачийг амиа хорлосон гэх дүгнэлтийг гаргасан учраас дээрх нэр бүхий ТББ-ын удирдлагууд энэхүү дүгнэлтийг бодит үнэнд нийцэхгүй байна хэмээн үзэж байгаа аж. Тиймээс тэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокурор нарт хандаж өргөх бичиг барихаа мэдэгдлээ. 
 
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"