sonin.mn
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг баталжээ. УИХ-ын ээлжит бус чуулганаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан. Энэ хуулийг улстөрчид болоод эдийн засагчид нийгэмд гол ач холбогдолтой хууль гэж үзэж байгаа.
 
Эдийн засгийн салбарт өөрийнхөө орлогыг тодорхой хэмжээгээр нуун дарагдуулсан, бусдын нэр дээр бүртгүүлсэн, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, түүнтэй адилтгах орлогыг ил болгох зорилготой хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээллээ.
 
Тэрбээр, Нуун дарагдуулсан эд хөрөнгөө сайн дурын үндсэн дээр ил тод болгож, санхүү татварын байгууллагуудын нийгмийн даатгалд мэдээлэх, гаальд нөхөн бүрдүүлэлт хийсэн тохиолдолд Эрүүгийн хариуцлага болон татвараас чөлөөлөхөөр хуульд заасан. Хуулийг хэд хэдэн үе шаттай хэрэгжүүлэхээр журамд тусгасан байгаа.
 
Эхний ээлжинд иргэд, аж ахуйн нэгжүүд дунд хуулийг сурталчилан таниулах ажил зохион байгуулна. Мөн гааль, татвар зэрэг төрийн байгууллагууд хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах ёстой.  Түүнчлэн нуун дарагдуулсан эд хөрөнгийг ил болгосон тохиолдолд  улсын бүртгэлд хэрхэн бүртгэх, нууцлалыг хэрхэн хангах талаар журамд тусгаж өгсөн.
 
Хуулийг богино хугацаанд үр ашигтай, хурдтай явуулах үүднээс  нуун дарагдуулсан эд хөрөнгийг бүртгэх ажлыг энэ оны 12 дугаар сарын 31-ний 24 цаг хүртэл цахимаар бүртгэх болно. Мөн дүүргийнхээ холбогдох байгууллагуудад цаасан баримтаар материалаа ирүүлсэн ч болно.
 
Энэхүү журамыг 7-10 хоногийн дотор ёсчилж, Ерөнхий сайд гарын үсэг зурах ёстой. Үүний дараа ямар цахим хуудсаар, хэрхэн бүртгэх зэрэг нь тодорхой болох юм. Хуулийн хэрэгжилтэд Хууль  зүйн яам, ХАХНХХЯ, Сангийн яам болон ГЕГ, ТЕГ, УБЕГ, НДЕГ тус тус хяналт тавьж ажиллана” гэлээ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг