sonin.mn
Хазара гэж би урьд нь мэддэг, сонсож л байсан л даа, гэхдээ нэг их анхаарч сонирхолгүй л явж. Харин хоёр жилийн өмнө ажил дээр болсон нэгэн явдал надад Хазара хэмээх энэхүү өвөрмөц хувь заяатай хүмүүсийн талаар илүүтэйгээр сонирхох эрмэлзлэл төрүүлсэн юм. Би нэгэн технологийн компанид шинээр ажилд орж, надтай хамт зэрэг шахуу бас нэгэн Афганистан гаралтай залуу ч тус компанд ажилд оров. 14 настайдаа дайн дажинтай Афган орноос гэр бүлийн хамт дайжин гарч Америкт ирж суурьшсан энэ залууг Дауд (Daoud) гэх бөгөөд 1.86 метр орчим өндөртэй, бухан эрээн нүдтэй, үс сахал болсон “сүрлэг” эр байв. Даудын аав нь 1970-80 оны Афганистаны засгийн газрын нэгэн сайд байж байгаад Зөвлөлтийн цэрэг Афганистанд орж ирэх үед Америкт дүрвэн гарч ирсэн гэнэ. Афганистаны хүн амын ихэнхийг эзэлдэг гэх Паштүн (Pushtun, Pashtun, Pakhtun гэж өөр өөрөөр дууддаг аж) гаралтай энэ эр надтай танилцаад: “Өө, чи бол яг л Хазара байна” гээд, ер нь Хазара болон Монголчууд бол нэг л хүмүүс шүү дээ гэж надад ойлгуулхыг хичээж байсан юм. Үнэндээ түүний хувьд Хазара болан Монголын талаар онцгойлон сонирхох, энэ талаар мэдлэгтэй байх нухацтай шалтгаан байсныг би сүүлд нь ойлгосон юм. Тэгээд ч Хазара болон Монголчуудын гарал үүслийн талаар түүний хэлсэн нь үнэхээр тийм ч хол зөрөөтэй үг биш бололтой.
 
Хачирхалтай нь, тэр намайг Монгол гэж мэдсэнээсээ хойш надтай нэг л үл тоомсорлосон шинжтэй харьцаад байх шиг надад санагдаад байв. Мэдээж түүний энэ хандлага миний сониуч занг зүй ёсоор татаж байв. Хазара хүмүүсийн талаархи мэдэх бага зэрэг мэдлэгтээ түшиглэн би түүнтэй зарим үед яриа дэлгэж бага багаар Паштүн Хазара гэх хоёр өөр үндэстнүүдийн зөрчлийг яриулж аль болох их зүйлийг мэдэхийг оролддог байв. Тэрвээр Монголын талаар санаанд оромгүй их мэдлэгтэй ялангуяа Монголын түүхийг ихэд сонирхон судалдаг нэгэн байв. Нэгэн удаа шинээр хэвлэгдээд удаагүй байсан Жак Вэдэрфордын “Genghis Khan and the Making of the Modern World” ном түүний ширээн дээр байхыг би харсан юм. Түүний хувьд Монголчууд түүхэнд хэн байсан нь сонирхолтой гэвч одоо хэн байгаа нь илүү ач холбогдолтой байсан байж ч болох. Ямартай ч бидний хувийн харьцаа тийм ч найрсаг биш байв. Уг нь нэг их сүртэй биш л дээ түүний зүгээс “чи өнөөдөр яасан их гангараа вэ” ч гэх юмуу, тийм нэг ажлын байранд үл зохицолдох сул үг хэлэх, эсвэл асуусан асуултанд үл тоомсорлосон маягаар хандах хандлага гаргаад байх шиг санагдаад байв. Ер нь ажил дээр хаа нэг иймэрхүү зүйл байж л байдаг. Тэгээд ч үл шалих асуудлыг тэгэсгээд тоомсорлолгүй өнгөрөөж болох. Миний хувьд түүнтэй байнга харьцаад байх шаардлага байгаагүй. Гэвч гол нь түүний зүгээс надад иймэрхүү төдийлөн үл тоомсорлосон байдлаар хандах харьцааны үндэс шалтгаан нь ердөө би Монгол (Хазара) хүн байсанд байна уу? Чухам энэ л асуудал надад нэг жаахан “юм” бодогдуулаад байв. Ажилд ороод удаагүй байтал зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж ажил үүргийн хувьд Дауд надаас зарим талаар хамааралтай болов.
 
Мань хүн үнэндээ ажил мэргэжлийн хувьд тийм ч гаргууд нэгэн байсангүй, тиймээс ч манай босс түүний ажилд тийм ч сэтгэл ханамжтай байдаггүй байсан нь түүний гол дутагдал байсан юм. Хэдийгээр би хүнд муугаар хандья гэж боддоггүй түгээмэл, Монгол “тэнэгдүү” зантай нэгэн боловч, энэ удаа би түүний бүдүүлэг авир, шалихгүй ихэмсэг занг нь өөгшүүлэхгүй байхаар шийдэж над руу ирсэн Даудын ажлуудыг голж буцаан босс-доо давхар сс-дэн и-мэйл явуулж мэдэгддэг болов. Гэхдээ би үүнд мэргэжлийн үүднээс хандсан, өөрөөр хэлбэл Даудын ажилд мэргэжлийн чангахан шаардлага тавьснаас бус хүний хөдөлмөрийг үгүйсгэсэн хэрэг бус, тийм боломж ч угаасаа мэргэжлийн орчинд үгүй юм. Мань хүн ч даргаас хэд, хэдэн удаа банга хүртэж эвгүй байдалд орсон бөгөөд би ч завшааныг ашиглаж нэг удаа түүний өрөөнд нь орж хаалгыг нь хааж байгаад “чи жаахан аятайхан байгаарай” гэж хэлээд ажил төрлийнх нь талаар ч, бас хувийн харьцааных нь талаар ч түүнд сануулга өгсөн юм. Ямартай ч тэрвээр бид Афганистанд биш Америкт байна, тэр Афганистаны Хазара биш харин Монгол хүнтэй харьцаж байна гэдгийг сайтар ойлгосон гэдэг нь тун эелдэг болон өөрчлөгдсэн түүний харьцаанаас тод харагдаж байсан юм.
 
 
Өнгөц харахад бид хоёрын харьцааны энэ асуудал ажил дээрээ таардаггүй хоёр нөхөрийн зөрчилдөөн мэт боловч үнэндээ тийм биш, нэлээд гүн гүнзгий агуулгатай, Паштүн Хазара хэмээх хоёр үндэстний гүнзгий зөрчилдөөний нэг хувилбар байсныг би тэхэд мэдэж билээ. 1890 он орчмоос Хазара үндэстнүүд Афганистаны засгийн эрхийг барих Паштүнүүдэд бүх эрх мэдлээ алдан боолчлогдсон бөгөөд, өнөөг хүртэлх 110 гаруй жилийн турш дарлал, доромжлол, харгислалын дор хоморголон устгах аймшигт бодлогод өртсөөр иржээ. 21-дүгээр зуун, 2008 он гэх өнөө үед ч ихэнх Хазара нарын хувьд өнөөгийн нийгмийн “боолын” гэж болох хөдөлмөр эрхлэн амь зогоох нь сонголтгүй, ганцхан хувь заяа байсаар ирсэн юм. Тиймээс ч Паштүн Хазара нарын хооронд зөвхөн “эзэн, албат” – ын харьцаа л байдаг аж. Ингээд бодохоор Афганистан дахь Хазара нарын бодит байдал ямар байгаа бол гэж бодогддог байв. Хэдийгээр Америкт багаасаа өсч барууны боловсрол олсон боловч Дауд яг л тэр Афган сэтэгэхүйнийхээ өнгө аясыг энд Монгол хүн надад гаргах гэсэн нь үнэхээр тэнэгдүү оролдлого бөгөөд үүнийг тэдний зүгээс Хазара хүмүүсийг хэрхэн үздэгийн илрэл гэж үзэж болно. Бодвол тэдний хувьд Хазара (Монгол) хүн л харах юм бол ингэж үл тоомсорлон харьцах нь зүгээр л “сураар боож болдоггүй сурсан зан” байсан байх л даа. Харин энэ удаа Даудын аз дутхад түүнтэй таарсан Хазара нь нэн зөрүүд мугуйд нэгэн Монгол байсан ба Монгол хүн өөрийг нь үл хүндэлсэн асуудлыг зүгээр нэг анзаараагүй мэтээр өнгөрөөдөггүй юм байна гэдгийг тэр ойлгосон юм.
 
 
Ингээд би энэ нийтлэлийнхээ үндсэн агуулга болох Хазара хэмээх өвөрмөц бас өрөвдөлтэй хувь заяатай ард түмний талаар товчхон өгүүлье. Олны дундах хамгийн түгээмэл ойлголтоор бол Афганистаны төвөөр нутагтай Хазара хэмээх энэхүү Ази төрхтэй хүмүүс нь манай эзэн Чингэс хааны байлдан дагуулалтын үеэр дундад Ази, Перст (Иран) үлдсэн Монгол гаралтай хүмүүс ажээ. Эдгээр хүмүүсийн талаар барууны эрдэмтэд 19-р зууны дундаас бага зэрэг судалж байсныг эс тооцвол дорвитой судалгаа хийгдээгүй бөгөөд энэ нь харьцангуй цөөн тоотой, улс төр эдийн засгийн хувьд нэн хавчигдмал байдалтай оршин тогтож буй эдгээр хүмүүсийг үл хайхрах, тэднийг бусдын нүднээс далд байлгах, түүх гарал үүслийг нь мартагнуулах гэсэн улс төрийн зорилготой Афганистаны засгийн газар, эрх баригчидын цэгц нягт, төлөвлөгөөт бодлогын үр дүн юм. Дундад ази, ойрх дорнодын бүс нутгийн хүн амын түгээмэл хэв шинж болсон өндөрдүү хамар, бухан эрээн нүд, үс сахал болсон нөхдүүдээс Монголжуу дүр төрхөөрөө эрс ялгарах Хазара нарын гарал үүслийн талаарх судалгаа нь үндсэндээ хоёр чигийг заадаг аж.
 
 
Үүнд: 1. Хазара нар нь 13-р зууны эзэн Чингис хааны байлдан дагуулалтын үеэс үлдсэн цэргүүдийн удам. Хазара хэмээх үг нь Мянга гэсэн Перс үг бөгөөд энэ нь Монголын армиас тухайн үеийн Хорезмийн нутагт үлдсэн Мянгат цэргийн нэгж гэж тайлбарлажээ. Ихэнх судлаачидын үзэж буйгаар Хазара нь Монгол болоод Түрэг угсааны хүмүүс аж.
 
2. Одоогоос 2000 гаруй жилийн өмнө одоогийн Афганистаны нутагт Буддын шашинтай Ази дүр төрхтэй хүмүүсийн Кушан хэмээх гүрэн оршин тогтнож байсан бөгөөд эдгээр хүмүүсийн удам угсаа нь 13-дугаар зуунд Монголын байлдан дагуулагчидын эсрэг тулалдаж ялагдан улмаар Монголчуудтай холилдон Хазара үндэстнийг бий болгосон. Дашрамд дурдахад, 2001 онд Афганистаны Бамьяанд талибанууд 2000 жилийн настай гэгдэх дэлхийн хамгийн том Будда хөшөөг их буугаар буудан устгасан бөгөөд учир нь энэ хөшөө Хазара хүний гадаад төрхтэй төстэй байснаас болсон гэдэг. Юутай ч гэлээ өөрсдийн гарал угсаагаа заахдаа энэ онолыг баримтлах нь Хазара нарт эрх зүйн хувьд нэлээд ашигтай юм. Учир нь хүн амын ихэнхийг эзэлдэг Паштүн, Тажик нарт “гадныхан” хэмээн хавчигддаг тэд өөрсдийгөө нутгийн уугуул иргэд гэж үзэх үндэслэлийг бий болгодог хэрэг.
 
Сонирхолтой нь, Афганистаны түүхэнд Паштүн үндэстнүүд нь бүүр сүүлд 18-р зуунаас эхлэн өмнөөс зүгээс, Пакистан, Энэтхэгийн нутгаас хойшоо нүүдэллэж одоогийн Афганистанд ирж суурьшсан аж. Хазара нар Хазаражи хэмээх хэлээр ярих ба энэ нь дари хэлний нэг аялга мэт бөгөөд, перс, Монгол, Турк үгсийн сангаас бүрдсэн өвөрмөц хэл аж. Энд сонирхолтой нэгэн явдлыг дурдахад: Халимагын Үнэн сонинд мэдээлсэнээр (”Хальмг Yнн” № 66-67; 03.04.2003) Зөвлөлт Афганы дайны үед Афганд цэргийн алба хааж байсан Халимаг эр Петр Кукудаев 1981 оны 10 сард нөхдийн хамт ууланд тагнуулаар яваад нэгэн Хазара сууринд ирсэн бөгөөд тэдэнтэй нутгийн ямар ч хэлээр яриад ойлголцоогүй атал эх Халимаг Монгол хэлээрээ ярьж харилцан ойлголцож байжээ. Ганцхан энэ жишээ ч бус, мөн Оросын “Незавысимая Газета” (2007) сонинд уулын бөглүүд тосгоны Хазара нар үүн дундаа гадныхантай харьцдаггүй, харьцах шаардлагагүй эмэгтэйчүүд нь Монгол хэлээр ярьдаг, эмэгтэйчүүд хөгшид нь уугуул хэл соёлоо тээгч нар болох талаархи нийтлэл гарч байсныг би уншиж байсан.
 
Хазара Хэл: Хазара хэл нь хэл судлаачдын хувьд үнэлж баршгүй олз бөгөөд чухам Хазара хэлнээс л эртний Монгол хэл, аялгыг сонсож болох боломж байж болох юм. Би Афганистанд амьдарч байсан нэгэн Америк хүнтэй захидлаар харьцдаг байсан бөгөөд түүний хэлж буйгаар 1990 оны эх хүртэл Афганистаны Херат уулын бэлээр Монгол хэлээр ярьдаг 60 орчим гэр бүл байсаар байсан аж. Миний бодлоор бол эдгээр гэр бүл, хүмүүс одоо болтол байсаар байх боломтой бөгөөд тэднийг олж 13-дугаар зуунаас хойш нэг их өөрчлөгдөлгүй үлдсэн байж болзошгүй тэр эртний Монгол хэл, соёлыг судлах нь нэн сонирхолтой бөгөөд чухал асуудал юм гэж үзэж байна.
 
Хазара Шашин: Хазара нарын ихэнх нь лалын шашны Шиа урсгалыг шүтдэг бөгөөд энэ нь Афганистаны бусад ихэнх үндэстнүүдийн шүтдэг Суни урсгалтай зарим талаар зөрөлддөг аж. Паштүн нар Хазара нарыг аймаглан устгах бодлогоо хэрэгжүүлэхдээ Хазара нар буруу шашинтай “шиа” нар хэмээн шалтаглаж бусдыг турхирдаг аж.
 
Хазара Газар Нутаг: 1880-аад оныг хүртэл Хазара нар Афганистаны нутгийн ихэнхийг эзлэн нутагладаг байсан боловч Паштүнүүдэд газар нутгийнхаа ихэнхийг алдаж өөрсдөө Афганистаны уулархаг үржил шим муутай газар луу шахагдан суурьшжээ. Тооны олноор түрий барих Паштүн үндэстнүүд Хазара нарын газар нутгийг булаан авах явдал үргэлжилсээр байгаа ба яг өнөөдрийн байдлаар Паштүний Кучи (Kuchi, Koochi) овгийн нүүдэлчид Хазара Бэсүд овгийн нутагт түрэн орж ирээд газар нутгийг нь булаалдан маргаан дэгдээж зарим нэгэн хэсэгээр зэвсэгт мөргөлдөөн болсон байна.
 
 
Хазара Хүн Ам: Хазара хүн амын тоо нь яг тодорхой бус бөгөөд улс төрийн шалтгааны улмаас Афганистаны хүн амын 8-9% гэгддэг байсан боловч яг үнэндээ 16-25% хувь орчим буюу 4-7 сая хүн бий гэж үздэг аж. Үндсэндээ Афганистаны төв, баруун, хойд зах болох Кабул, Мазари Шариф, Хератаар тархан суурьшсан. Одоог болтол овгийн зохион байгуулалттай байдаг ба Монгол хэлэнд шууд ойлгогдож болох, Найман, Боржигон, Хэрэйд, Барлус, Жалайр, Бэсүд гээд овгуудын нэр яг л хэвээрээ хэрэглэгддэг. Хэл, угсаатны зүй судлаачдын хувьд маш сонирхолтой байж болох Дай Занги, Дай Чопан, Дай Кунди, Жагури (Цахар ч юм билүү smile emoticon ) зэрэг олон овог аймгуудын талаар энд дурдаж болох боловч сонирхогчийн хэмжээнд үзэх миний мэдлэг хүрэхгүй нь харамсалтай.
 
Хазара гэж нэрлэгддэггүй боловч, Хазарануудтай нэг төрөл болох Аймаг (Aimaq), Найман (Naiman) хэмээх Монгол угсаатай гэж тооцогддог хүмүүс бас байдаг аж. Энэ нь Хазара нарын үзэж буйгаар 1880-1890 ээд онуудад Паштүн Хазара нарын дайнд Хазараг ялж засгийн эрхийг авсан Паштүн нар Хазара нарын эв нэгдлийг сарниулахын тулд овог аймгуудыг бүгдийг нь Хазара гэж дуудахгүй өөр, өөр нэрээр дуудах болсонтой холбоотой гэнэ. Юутай ч гэлээ, судлаачдын үзэж буйгаар Афганистан дахь Хазара нар нь Перс дахь Ил хааны хэмээх Толуйн хүү Хулэг хааны Монголчууд, мөн дундад Ази дахь Цагаадай хааны Монголчууд гэсэн хоёр хаант улсын Монголчуудаас бүрдсэн бололтой.
 
Х.Батсуурь