sonin.mn
УИХ-ын дарга З.Энхболдыг хууль зөрчсөн гэж үзсэн хэсэг иргэн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргахаар болжээ. Спикерийн өнгөрсөн сарын 28-нд гаргасан захирамж Үндсэн хуулийн гурван зүйл, заалт болон Улсын Их Хурлын тухай, Улсын их хурлын чуулганы Дэгийн тухай хуулийг зөрчсөн гэж тэд үзэж байгаа юм. Гэхдээ Үндсэн хуулийн Цэцийнхэн амарсан учраас гомдлоо өргөн барьж чадаагүй байгаа гэнэ. Иргэн З.Энхболд, Я.Эрдэнэсайхан нар ямар үндэслэлээр гомдол гаргаж буйгаа ийнхүү тайлбарлалаа. 
 
1.УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулган хуралдуулж Засгийн газрын зарим гишүүнийг огцруулж, томилох тухай асуудлыг хэлэлцэхээ хаврын чуулганы хаалтын үеэр мэдэгдсэн. Энэ дагуу долдугаар сарын 28-нд 156 тоот захирамж гаргажээ. Гэхдээ УИХ- ын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж, хэлэлцэх асуудлыг Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүд өргөн мэдүүлдэг байна.
 
Гэтэл эрх бүхий хүмүүс өргөн мэдүүлээгүй байхад захирамж гаргаж баталсан нь Улсын Их Хурлын тухай хуулийн 16.3 заалтыг зөрчжээ. Мөн Үндсэн хуульд заасан “Хууль дээдлэх нь төрийн үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг ч зөрчиж байна гэж үзжээ. 
 
2.Засгийн газрын зургаан ги- шүүнийг огцруулах, тэдний оронд томилох сайд нарын асуудлыг хэ- лэлцэнэ гэж зарласан нь Засгийн газрын тухай хуулийг зөрчихөөс гадна Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан хэрэг гэлээ. Учир нь, Ерөнхий сайд, сайд нараа томилох, огцруулах асуудлыг өргөн барих талаар хуульд тодорхой заасан.
 
Гэтэл хэрэгжүүлээгүй, өргөнбариагүй асуудлыг хэлэлцэхээр зарласан нь Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан, түүнд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайд нараа огцруулах талаар ямар нэгэн санал гаргахгүй гэдгээ өмнө нь тодорхой хэлсэн. Харин УИХ- ын даргын энэ үйлдэл нь түүний баримталж буй чиглэл, бодлогод халдаж байгаа хэрэг гэлээ. 
 
3.Чуулганаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталдаг. Даргын дэргэдэх зөвлөлд УИХ дахь намын бүлэг, Байнгын хорооны дарга нар багтдаг бөгөөд одоогоор энэ зөвлөл хуралдаагүй байгаа аж. Тиймээс УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн эсэх, хэрвээ зөрчсөн бол эргүүлэн татах үндэслэл байгааг тогтоож өгөхийг Цэцээс хүсчээ. Цэц наймдугаар сарын 20-ны үеэс ажиллаж эхлэх сурагтай байгаа бөгөөд хойшлуулах шаардлага гарахгүй бол гомдол хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдэх журамтай.
 
Цэцэд гомдол гаргасан иргэн Я.Эрдэнэсайханаас дараах зүйлийг тодрууллаа.
 
-Хэрвээ Үндсэн хуулийнЦэц УИХ-ын даргыг хууль зөрчсөн гэж тогтоовол одоо хуралдаж байгаа ээлжит бус чуулган хууль бус болох уу?
 
-Хэрвээ З.Энхболдын захирамж хууль зөрчсөн гэж тогтоовол өнөөдөр /өчигдөр/ эхэлсэн ээлжит бус чуулганыг хууль бус гэж үзнэ. Мөн хэлэлцэж байгаа асуудал, баталсан хуулийг ч хууль бус чуулганаар хэлэлцсэн гэж дүгнэх ёстой.
 
-Тэгвэл баталсан хуулиийг нь хүчингүй гэж үзэх үү?
 
-Хууль батлах процессын алдаа болно гэв. УИХ-ын дарга гэдэг Монгол Улсын хууль тогтоох, хэрэгжүүлэх, хяналт тавих хамгийн эрх мэдэл бүхий байгууллагыг толгойлдог. Ийм эрх мэдэл бүхий хүн өөрөө Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж байгаа нь Монгол Улсад эрх зүйт төр байна уу, үгүй юү гэдгийг хөндөхөөс аргагүйд хүргэж байна.
 
Тэгээд ч УИХ-ын дарга З.Энхболд хуульч мэргэжилтэй. Тиймээс түүний хууль зөрчиж гаргасан шийдвэрийг дагаж мөрдөх нь хууль бус үйлдэл болно. Эцэст нь харахад Засгийн газрын зургаан гишүүнийг огцруулах асуудал төрийн дээр нам гарсны баримт гэж болно. Ардчилсан нам “Төрийн эрхийг нам барина” гэсэн Үндсэн хуулийн заалтыг хасуулж байсан.
 
Харин тэд 1990-ээд оны үед баримталж байсан зарчим бодлогоосоо ухарсан үйлдлийг өнөөдөр өөрсдөө хэрэгжүүлж байна. Энэ нь Ардчилсан намын асуудал мэт байвч хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдэл бие биедээ халдахгүй байх төрийн эрх мэдлийг хуваарилах дэлхий дахинд баримталдаг онолыг Монголын төр зөрчиж буйн том жишээ юм.
 
Ч.Сайханбилэг Ардчилсан намын биш, Монгол Улсын Ерөнхий сайд. Хууль тогтоох байгууллагын тэргүүн нь Гүйцэтгэх засаглалаа “буланд шахаж” хөндлөнгөөс нөлөөлөхөөр тулган шаардаж байгаа нь иргэдээ доромжилж буй хэрэг гэдгийг ч тэд мэдэгдлээ. 
 
М.Алтанцэцэг
Эх сурвалж: "Монголын" үнэн