sonin.mn
Мэдэгдэл
 
Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танаа
                                                                                            Шаардлага хүргүүлэх тухай
 
Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нь тендер будлиантуулан төсвийн мөнгөөр буюу татвар төлөгчдийн хөрөнгөөр хувьдаа 4 өрөө байр болон өндөр үнээр Landcruiser-200 автомашин худалдан авч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр Бараа бүтээгдхүүн худалдан авах тухай хуулийн 6.1 дэх заалтыг зөрчсөн, өөрийн эхнэрийн толгойлдог Дарханы эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын байрны дээврийг зассан, Дарханы ГХХБГ-ын дарга, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Нийтийн ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга, Од цогцолборын захирал зэрэг албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр хамаатан саднаа томилох зэргээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 16.2.3 дахь заалтыг удаа дараа зөрчсөн болно,
 
Мөн Төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан журмууд, Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2014 оны 147дугаар тогтоолыг зөрчин, АМЗХ-ны "Мөнгөн сарнай” гэх зэрэг баяр ёслолын арга хэмжээ, төрийн бус байгууллагуудыг ивээн тэтгэх, сургалт зөвлөгөө зэрэгт Засаг даргын нөөц хөрөнгөнөөс төсвийн 120 гаруй сая төгрөгийг зарцуулан, санхүүгийн олон зөрчлүүдийг гаргасан болно.
 
Засаг дарга С.Насанбатын удаа дараа, илтэд ноцтойгоор хууль зөрчсөн үйлдлүүдийг ИТХ-аар авч хэлэлцэхээр 2015 оны 05-р сарын 04-нд ИТХ-ын 11 төлөөлөгч, 2015 оны 6-р сарын 04-нд ИТХ-ын 12 төлөөлөгч гарын үсэг зуран ИТХ-д өргөн барьсан боловч гарын үсэг зурсан төлөөлөгчдийн заримых нь нэрийг татуулах, төрийн албанд ажиллаж буй төрөл төрөгсдийг нь ажлаас халах зэргээр албан тушаалаа урвуулан ашиглаж байна. Хууль зөрчсөн үйлдлээ хууль зөрчин хаацайлж хамгаалахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн албыг хувийн, улс төрийн зорилгодоо ашиглах хэрэгсэл болгож байгаа болно. 
 
Гарын үсэг зурсан МАХН-ын хорооны дарга Бат-Эрдэнийн ээж Хүүхдийн төлөө төвийн дарга, МҮАН-ын дарга Сүхээгийн ах хяналт шалгалтын хэлтсийн дарга нарыг хууль зөрчин, хувийн эрх ашгаа хамгаалан халсан. Улс төрийн эрхээ эдэлсэнийх нь төлөө, төсвийн хөрөнгийг хамгаалах үүргээ биелүүлэхээр ажилласных нь төлөө ИТХ-ын төлөөлөгчдийн гэр бүлийг хоморголон халж буй нь өмнөх нийгмийн үеийн хилс хэрэг, хэлмэгдүүллийг өнөө цагт давтсан, хүний эрх, эрх чөлөөг үл хүндэтгэсэн, Монголын ардчилалд хортой үйлдэл болж байна.
 
2012 оны орон нутгийн сонгуулийн дараа Дархан-Уул аймгийн ИТХ-д МАН-аас 18 төлөөлөгч, АН-аас 11 төлөөлөгч, МАХН-МҮАН-ны “Шударга ёс” эвслээс 2 төлөөлөгч, Бие даагч 2 төлөөлөгч тус тус сонгогдсон болно. Гэвч 2013 оны 10 сард болсон ИТХ-ын төлөөлөгчийн нөхөн сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн нэр дэвшигч Сонгуулийн хууль зөрчсөн нь Дээд шүүхээр тогтоогдсон тул уг МАН-ын төлөөлөгч хасагдан АН-аас 1 төлөөлөгч хуулийн дагуу ИТХ-д орж ирэхээр болсон. Мөн Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийг зөрчин сонгогдсон МАН-ын З төлөөлөгчийг ИТХ-аас эргүүлэн татах талаар Дээд шүүхийн эцсийн шийдвэр гарсан болно.
 
Сонгуулийн Ерөнхий хорооны 2015 оны 03-р сарын 31-ны өдрийн 24 тоот Арга хэмжээ авах тухай албан бичигт Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 52-р тогтоолыг биелүүлж Үндсэн хуулиар олгосон сонгох сонгогдох эрхийг ханган, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэгт заасны дагуу Нөхөн сонгуулийг товлон зарлаж зохион байгуулах арга хэмжээ авахыг даалгасан билээ. 
 
С.Насанбат нь өөрийн засаг даргын эрх мэдэл, аймгийн МАН-ын даргын албан тушаалаа ашиглан ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэнг дарамтлан ажлыг нь өгүүлсэн төдийгүй ИТХ-д Тэргүүлэгчээр ажилладаг өөрийн намын хүмүүсийг айлган сүрдүүлэх замаар тэдний эрхэнд халдан, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг зарлуулахгүй, Улсын Дээд Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр, ИТХ-ын үйл ажиллагааг гацааж байна.
 
Иймд Үндсэн хуулийн 38-р зүйлийн 2 дахь хэсгийн 1-д "Үндсэн хууль бусад хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж хангах ",38-р зүйлийн 2 дахь хэсгийн 5-д“ ...нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх ”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7-р зүйлийн 7,1 -д “... нутгийн захиргааны байгууллагаас хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах арга замыг тодорхойлон уул ажлыг нэгтгэн удирдана ”, мөн хуулийн 20-р зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтад “ Монгол улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга нь орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт , удирдлага Засаг даргын үйл ажиллагааг удирдлага , зрхицуулалтаар хангах асуудал болон ИТХ-ын хуралд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлыг эрхэлнэ” гэсэн Засгийн газарт хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатад хариуцлага тооцож, огцруулж өгнө үү.
 
Дархан-Уул аймгийн шударга иргэд, ИТХ-ын төлөөлөгчид, АН-ын жирийн гишүүд Аймгийн захиргааны өмнө улс төрийн суулт зарлаад удаж байгаа бөгөөд асуудал шийдэгдэхгүй энэ хэвээр үргэлжилбэл тэмцлийн дараагийн хатуу хэлбэр өлсгөлөнд шилжихээр бэлтгэж байна. Шударга үнэн ялж, шүүх хуулийн засаглал бэхжихийн төлөө, татвар төлөгчдийн хөлс хөдөлмөр шингэсэн хөрөнгийг хамгаалахын төлөө бидний тэмцлээс үүдэн гарах аливаа хохирлыг засаг дарга С.Насанбат нарын зэрэг шийдвэр гаргагчид хариуцах болно.
 
 
Шударга ёс ялах болтугай. 
 
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМ                   ДАРХАН-УУЛ АЙМГИЙН МАХН             ДАРХАН-УУЛ АЙМГИЙН МҮАН