sonin.mn
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Булган аймагт ажиллаж гарсан зөрчил дутагдлыг засуулах шаардлагыг тус аймгийн Засаг даргад өгсөн байна. Гэвч Засаг дарга уг шаардлагыг биелүүлээгүй байгааг АТГ-ын мэдээнд дурджээ.
 
Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Л.Алтангэрэл нь Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг хавсран гүйцэтгэж буй нь авлигын эсрэг хууль тогтоомжид заасан давхар ажил эрхлэлттэй холбогдох хязгаарлалтыг зөрчиж буй асуудлыг аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт танилцуулж, уг зөрчлийг арилгуулах талаарх албан бичгийг хүргүүлжээ.
 
Уг албан бичгийн мөрөөр аймгийн ИТХ-ын даргаас зургаадугаар сард болох ээлжит хуралдаанаар Л.Алтангэрэлийг өөрийнх нь хүсэлтийн дагуу иргэдийн Төлөөлөгчөөс чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх болсноо тус газарт албан бичгээр мэдэгдсэн байна. 
 
Харин аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн захирамжаар Худалдан авах ажиллагааны газрын даргаар Л.Алтангэрэлийг томилсон нь авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн болохыг АТГ-аас удаа дараа мэдэгдсээр байтал уг асуудлыг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээ одоог хүртэл аймгийн Засаг дарга аваагүй байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг