sonin.mn
Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын их хурал /УИХ/-ын чуулганаар энэ сарын 19-ний өдөр хэлэлцэн баталсан. Улмаар тус хууль ирэх долдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Иймээс өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шинэ хуулийнхаа талаар өөрийн байрандаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
ШЕЗ-ийн нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан мэдээлэхдээ, Шүүх байгуулах тухай шинэ хуулийн дагуу хүн амын нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр давж заалдах шатны 19 шүүх, дүүргийн анхан шатны 8 шүүхийг дагнан байгуулахаар болжээ.
 
Өөрөөр хэлбэл Булган, Сэлэнгэ аймагт шинээр захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулах юм. Харин Сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах, харин Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Ховд аймгийн Булган сум зэрэг найман Сум дундын шүүх байгуулахаар төлөвлөжээ.
 
Шүүхийн нэрийг тухайн шүүхийн харьяаллын засаг захиргааны нэгжийн нэрээр нэрлэнэ. Учир нь одоогийн шүүхийн нэршлүүд иргэдэд ойлгомжгүй байсан тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан мэдэгдлээ.
 
Шүүх доторх дотоод бүтцэд өөрчлөлт хийж, шинэчилэхэд 50 орчим сая төгрөг шаардлагатай. Гэхдээ энэхүү хөрөнгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвөөс гаргана гэсэн юм. Шинэ хуулийг хэрэгжүүлэхэд шүүхийн тамгын газар шинээр нэмэгдэхгүй, шүүхийн дэд бүтцэд өөрчлөлт орохгүй, шүүх, шүүгч, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, нүүлгэн шилжүүлэлтийг дахин хийхгүй, их хэмжээний хөрөнгийн нэмэлт зардал гарахгүй зэрэг давуу талтай гэдгийг шүүхийн ерөнхий зөвлөл онцолж байна. Хамгийн гол нь шүүхийн үйлчилгээ иргэдэд ойртож, шүүгчид тухайн орон нутагт очиж, хэрэг маргааныг шийдвэрлэдэг болно гэлээ.
 
Сум дундын шүүхийг дагнан байгуулахтай холбогдуулан 21 ерөнхий шүүгч, 15 шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг Булган, Сэлэнгэ аймагт шинээр байгуулахтай холбогдон хоёр ерөнхий шүүгч, зургаан шүүгч тус тус нэмэгдэнэ. Гэхдээ энэ тоо нь УИХ-ын 2013 оны 12 дугаар тогтоол “Шүүгчийн орон тоог батлах тухай”-оор баталсан орон тооны хязгаарт багтаж байгаа юм байна.
 
Түүнчлэн эдгээр нь 2015 онд батлагдсан шүүхийн төсвийн хэмжээнд санхүүжигдэх боломжтой тул нэмэлт төсөв батлах шаардагдахгүй аж.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг