sonin.mn
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран тамхины хууль бус худалдаатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийг эрсдлээс хамгаалах зорилгоор энэ сарын 27-ны өдөр төлөвлөгөөт бус шалгалт хийлээ.
 
Хяналт шалгалтад төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явууулдаг 45 аж ахуйн нэгж, 389 иргэнийг хамруулсан байна. Зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдах зөрчил нийтлэг байгаа нь илэрсэн бөгөөд орон сууц, сургуулийн ойролцоох хүнсний дэлгүүр, түргэн үйлчилгээний цэг болон гар дээрээс ширхэглэн худалдаж байгаа нь тогтоогдлоо.
 
Шалгалтын явцад 1053 хайрцаг тамхи хураан авч улсын орлого болгон, дөрвөн аж ахуйн нэгж, 22 иргэнд гурван сая гаруй төгрөгийн торгууль ногдуулжээ. Шалгалтын дүн хараахан гараагүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ жилийн тавдугаар сарын 31-нийг “Тамхины хууль бус худалдаалалттай тэмцэх өдөр” болгон зарласан юм.