sonin.mn
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт
 
 
 
 
Хар нүдтэй, даруухан бор хүү хэрэгтний ширээнд толгой гудайн сууна. Түүнийг хүний өмч хөрөнгөнд хохирол учруулсан хэргээр яллаж буй. Хохирол нь машины хагарсан цонхны шилний төлбөр болох 60 мянган төгрөг. Хүү 16 настай байв. Гэвч түүнд хохирлоо барагдуулах мөнгө байсангүй. Түүний төлөө санаа зовж гүйх аав ээж, ах дүү, найз нөхөд алга. Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн шүүхээс 16 настай А.Г-д  Эрүүгийн хуулийн 145.4 зүйлээр 10 жил зургаан хоногийг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан юм. Энэ бол 2013 онд шийдэгдсэн хэрэг. Хүү одоо Хүүхдийн хорих 411 дүгээр ангид хоёр дахь жилдээ ял эдэлж байна. Хэн нэгэнд хохирол учруулсан бол барагдуулах ёстой, хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Гэхдээ 16-хан настай хүү 60 мянган төгрөгийн төлбөрөөс болж амьдралынхаа хамгийн чухал 10 жилийг торны цаана өнгөрүүлж байна гэдэг эмгэнэл юм. 
 
 
 
ӨВЧТЭЙ ЭЭЖ, ГУРВАН ДҮҮГЭЭ ТЭЖЭЭХ НЬ ХҮҮГИЙН ҮҮРЭГ БАЙЖЭЭ
 
 
 
Аав нь 2009 онд нас барснаар 12 настай хүүгийн нуруун дээр амьдралаа авч явах ахадсан ачаа ирж. Ээж нь тал цус харвасан учир ажлын чадамжгүй хэвтэрт байдаг нэгэн. Хүүг ухаан орохын л өлөн зэлмэн амьдрал угтсан бөгөөд бусад айлын хүүхдүүд шиг сургуульд ч сурах боломж түүнд олдоогүй байна. Тиймээс хүү юухэн хийхэн хийж хоногийн хоолоо залгуулна. Амь зуухын тулд Зүүнхараагийн хөрөө рам дээр ажиллаж олсон мөнгөөрөө өвчтэй ээжийгээ, гурван дүүгээ тэжээнэ. Гурван бяцхан дүү нь ахыгаа үмх талх, аяга хоол барьж ирэхийг хүлээн суудаг гэх. Энэ айл өөрийн гэсэн орон гэргүй учраас ногооны хашаанд харуулын байранд амьдардаг юм байна. Хүү дээрээ ганц эгчтэй ч нөхөр хүүхэдтэйгээ тусдаа амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй учраас энэ хэддээ нэмэр болох нь бага. Ийм л нэг айл Сэлэнгэ аймгийн Зүүнхараад амьдардаг байж.
 
Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, зайлшгүй хэрэгцээт зүйлсээр хангах эцэг эхийн үүргээ биелүүлж чадахгүй байгаа өвчтэй эмэгтэйд туслахаар тухайн орон нутгийн засаг захиргаа ямар алхам хийсэн нь тодорхойгүй. Хүүхэд хөдөлмөр эрхлээд гэр бүлээ тэжээж байхад ч анзаарч харсан хүн байдаггүй. Уг нь хүүхэд хамгааллын хуулиар орон нутгийн засаг захиргаанд хүүхдийн эрхийг хамгаалах эрх мэдэл, үүрэг байдаг. Гэтэл энэ хүү ямар ч хараа хяналт, тус дэмгүйгээр амьдарч явсаар хэрэгт орсон нь харамсалтай.
 
 
 
ХҮҮХДЭД ХҮНДЭДСЭН ЭРҮҮГИЙН ЗААЛТ
 
 
 
Үг дуу цөөтэй, ааш зан нь эвдрээгүй хөөрхөн хүү хэмээн ойр тойрныхон нь үнэлдэг. Тэрээр найзуудтайгаа дарвиж яваад өмнө нь хэрэгт холбогдон Эрүүгийн хуулийн 147.2-оор хоёр жил зургаан сарын тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн байна. Гэвч тэнсэнтэй байх хугацаандаа 60 мянган төгрөгийн хулгайн хэрэгт оролцжээ. Тэрээр хэргийнхээ тухай ярихдаа “Тэр өдөр ажлаа тараад явж байхдаа найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэн хэдэн шил шар айраг хувааж уусан. Би дэлгүүр орчихоод иртэл хамт явсан найз маань нэг машины цонхыг хагалан дотор нь байсан цүнхийг аваад ирсэн байсан. Тэгэхээр нь би айгаад ингэж болохгүй гээд цүнхийг нь буцааж аваачиж хийгээд эргэтэл машины эзэн гарч ирээд намайг хулгай хийж байсан гээд цагдаад өгсөн” гэжээ.
 
Ингээд шүүхээс түүнд давтан хэрэг үйлдсэн гээд Эрүүгийн хуулийн 145.4 гэсэн заалтаар 10 жил зургаан хоногийг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр шийтгэжээ. Эмзэг бүлгийн хүүхэд учир өмгөөллийн хөлс төлж чадахгүй. Тиймээс ч үнэгүй ажилласан өмгөөлөгч нь давж заалдсангүй орхиж. Энэ зүйл заалт бол хүүхдэд хэтэрхий хүнд гэдгийг өмгөөлөгчид ярьдаг. Эрүүгийн хуулийн 145 гэсэн заалтыг өөрчлөхгүйгээр өнөөдөр хүүхдийн эрх гэж мянга хашгираад нэмэргүй гэдгийг хуулийнхан хэлж байна.
 
Өмнө нь 20 мянган төгрөгийн үнэтэй гар утас хулгайлаад 12 жилийн ял авсан хүү, 6950 төгрөг хулгайлаад 10 жилийн ял авсан бүсгүйн талаар бид хэсэгтээ шуугисан. Гэвч манайд хулгайн гэх тодотголтой Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл заалтаар хохирол багатай ч давтан гэсэн шалтгаанаар олон жилийн ял авч буй хэргүүд байсаар байна.
 
 
 
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УУЧЛАЛ ХҮҮГИЙН ХУВЬ ЗАЯАГ НЬ ӨӨРЧИЛНӨ
 
 
 
Энэ хүүгийн хувь заяанд санаа зовсон Хүүхдийн хорих ангийн дарга хүүхдийн өмгөөллөөр мэргэшсэн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэтэй холбогдож хүүтэй уулзаж өгөөч гэсэн хүсэлт тавьснаар энэ хэрэг ил болжээ. Хэдийгээр хэрэг нь шийдэгдээд хоёр жил болчихсон бүх шатны давж заалдах боломж өнгөрсөн учир Ерөнхийлөгчийн тухай хууль, Эрүүгийн хуулийн нэг боломжийг барин 2014 онд хүүгийн хүсэлт, баримтуудыг хавсаргаад уучлал хүссэн өргөдөл гаргажээ. Өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ өнгөрсөн нэг жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн тамгын газар руу хоёр удаа холбогдоод хариу авч чадаагүй байна. Хүү энэ жил 18 нас хүрч байгаа. Тиймээс насанд хүрэгчдийн шорон руу шилжих ёстой. Шилжихээс нь өмнө хүүг гаргаад авчих чин хүсэлтэйгээ өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ ярьж байв.
 
Энэ хүү 10 жил шоронд суугаад ямар хүн болж нийгэмд гарч ирэхийг бид таашгүй. Магадгүй өнөөдрийн Ерөнхийлөгчийн уучлал маргааш хүүгийн амьдралыг гэрэл гэгээтэй, сайн сайхан болох эхлэл ч байж мэдэх. Түүний хувь заяаг өөрчлөх цор ганц боломж энэ юм. Удахгүй Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болно. Хүн бүр хүүхэд насаа санагалзаж, үр хүүхдээ баярлуулах гэж хичээдэг. Тэгвэл нэг ч болов хүүхэд нарсанд бус наранд баяраа тэмдэглээсэй. А.Г хүүд ууттай чихэр биш эрх чөлөөт амьдрал бэлэглээсэй.
 
Х.МОНГОЛХАТАН
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин