sonin.mn
“Г.Дэнзэн иржээ”. Ийм мэдээ өдөр тутмын сонинуудаар тарав. Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга байсан энэ залуу маш олон асуудалд орооцолдож, хэл аманд өртсөнийхөө дараагаар ажлаа өгч Герман улс руу сурахаар явсан юм. Түүнийг явсны дараагаар гадаадад нэг хэсэгтээ бүгж байгаа гэх мэдээлэл гарч, хуулийн байгууллагаас шалгаж байгаа гэж байв.
 
Чухам иймээс Г.Дэнзэн ирсэн нь олны анхаарлыг татаж, одоо яах бол гэсэн хүлээлт үүсгэжээ. Түүнийг ЗГХЭГ-т ажиллаж байснаар нь бус “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөв­лөлийг тэргүүлж байс­ных нь хувиар хэрэгт холбогдуулан шалгасан гэх мэдээлэл гарсан.
 
Бүр тодруулбал  “Говь повер” гэдэг компанийг эхнэрийнхээ  нэр дээр  байгуулж, Хятад руу  нүүрс экспортлох  эрх бүхий тендерт ялуулснаар 17 тэрбум төгрөгийн урсгалыг  өөртөө нээсэн гэж буруутгасан гэдэг. Харин “Монгол Улсын иргэн Г.Дэнзэн” гэсэн хаягтайгаар тэрээр хилийн чанадаас  захиа бичихдээ “ Ямар ч  хууль хяналтын байгууллагаас намайг шалгаагүй, гүтгэж байна, би удахгүй хичээлээ дуусгаад эх орондоо очно” гэсэн байв. Ямарч байсан хүргэн дүү Г.Дэнзэн хэлсэн амандаа хүрч эргээд ирж. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор түүнийг барьж, байцаах тухай албан ёсны мэдээлэл одоогоор алга. Гэхдээ Г.Дэнзэн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга байхдаа Хяналт, шалгалт,үнэлгээ ,дотоод аудитын газрыг  удирдаж байсан нь, үүнийхээ  дагуу төрийн мөнгөөр тансаглаж  байсан хүмүүсийг илрүүлсэн нь зарим  хүмүүст таалагдаагүй учир өөрийнх нь эсрэг ажиллагаа явуулахад хүрсэн гэж мэдэгдэж байсан билээ. Түүний удирдсан газрынхан 2012 оны аравдугаар сараас 2013 оны тавдугаар  сар хүртэлх хугацаанд нэлээд хэдэн ноцтой зөрчил илрүүлсэн гэж үздэг юм байна.
 
 
 
1.Дуусаагүй объект
 
 
 
-Ерөнхий сайдыг баруун аймгуудад ажиллаж байхад орон нутгийн удирдлага, иргэдээс хамгийн их анхаарал хандуулахыг хүссэн зүйл бол 3-4 жил баригдаж байгаа мөртлөө ашиглалтад ордоггүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байсан. Уг асуудлыг нарийвчлан судалж улсын хэмжээнд авч үзтэл ихэнх аймгууд, Улаанбаатар хотод нийтлэг зүйл байсан бөгөөд гол зөрчил нь компани тендерт ялчихаад ажлаа хийж дуусдаггүй, жил болгон төсөвт өртгөө нэмж батлуулдаг, ажлаа хийгээгүй байж санхүүжилтээ авдаг зэрэг онц ноцтой зөрчлүүд илэрсэн. Жишээ нь Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилга юм.
 
 
 
2.Төрийн банкны ТУЗ-ийн асуудал
 
 
 
Төрийн банкны удирдлагууд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж мөнгөн урамшуулал хэлбэрээр 90 сая төгрөг, ашиг хуваарилалт хэлбэрээр 15 сая төгрөгийг шууд авсан. Мөн орон сууцны хөнгөлөлттэй зээл хэлбэрээр 110-160 сая төгрөгийг шууд гаргуулж авсан ноцтой зөрчлүүд гарсан.
 
 
 
3.”Эрдэнэс-Тавантолгойн” асуудал
 
 
 
Тус компанид олон зөрчлүүд байсны энгийн хэдэн жишээ нь тус компанийн гадаад захирлууд жилд 300 гаруй сая төгрөгийн цалинтай, гадаад руу гэр бүлээрээ зорчих онгоцны билетээ даалгуулах, Зайсанд сарын 4000 ам.долларын байр хөлслөх зэрэг өөрт давуу талтай гэрээг хийсэн байсан. Санхүү эрхэлсэн захирал нь Харвардад сурах төлбөр 32 мянган ам.долларыг компаниас төлүүлэх, өөрийн хуучин ажиллаж байсан судалгааны компанид давуу эрхтэйгээр ажил гүйцэтгүүлэх зэрэг ноцтой зөрчлүүд байсан. Гэтэл компанийн санхүүгийн байдал хүнд, ажилчдын цалин сарын 600 мянган төгрөг л байсан.
 
 
 
4.Агентлаг, Засаг даргын Тамгын газарт хийсэн шалгалтын асуудал
 
 
 
Татварын ерөнхий газар аялал зугаалга хэлбэрээр 521 сая төгрөг, Газрын тосны газар гадаад сургалтад 5.3 тэрбум төгрөгийг зарцуулдаг зэрэг зөрчлүүд гарсан.
 
Дээрх зөрчлүүдийг ийнхүү хураангуйлжээ. Эдгээр нь одоогоос жил гаруйн өмнө олон нийтэд мэдээлэгдэж байсан. Дуусаагүй барилгуудын хувьд Сангийн яамнаас санхүүжилтээ авсан боловч барилгаа ашиглалтад өгдөггүй, жил бүр санхүүжилт нэмж авдаг байж. Бараг бүх аймаг, нийслэлийн дүүрэг бүрт  ийм даварсан компаниуд байжээ. Харин  Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн есөн хүнд тус бүр 90 сая төгрөгийн урамшуулал олгосон, мөн ашгийн хуваарилалт гэж 14 хүнд 221 сая төгрөгийг хувааж  өгсөн, дээрээс нь ТУЗ-ийн гишүүд орон сууцны хөнгөлөлттэй зээл авсан зэрэг зөрчлүүд байна. Агентлагуудын гаргасан зөрчлийн тухайд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Татварын ерөнхий газрын дарга асан Б.Баттөмөрийн тушаалаар “Нийгмийн асуудлыг сайжруулахдэд хөтөлбөр” нэрээр 19.5 сая төгрөгөөр ажилчдаа Чэжү аралд амраасан гэх мэт зөрчлүүд байна.
 
Эдгээр нь Г.Дэнзэнгийн дэлгэсэн баримтууд. Харин түүнийг өөрийг нь “ороож” мэдэхээр байгаа “Говь повер”  компанитай холбоотой асуудлыг одоогоор аль ч  зүгээс дахин гаргаж ирээгүй байна. Г.Дэнзэн ирснээр иргэдийн сонирхлыг татаж эхэлсэн бас нэгэн асуудал нь яах аргагүй төрийн албан хаагчдын тансаглалтай  холбоотой дээрх баримтууд юм.  Тухайн үед гарч байхдаа ч, одоо  ч энэ баримтуудтай холбоотойгоор хэн нэгэн хүнийг буруутгаагүй, эсрэгээр нь Г.Дэнзэнг ч “оролдоогүй” юм. Тэгэхээр энэ бүхэн хоорондоо ямар нэг уялдаатай эсэх, хүргэн дүү Г.Дэнзэн буруутай юу эсвэл эрх  ашиг нь хөндөгдсөн хүмүүс түүнийг хэрэгт унагах төлөвлөгөө зохиосон уу гэдэг нь олон нийтэд сонирхолтой байж таарна. Одоо Г.Дэнзэн өөрийн биеэр ирсэн учир үйл явдлын өрнөлөөр учиг нь тайлагдаж  эхлэх биз ээ.
 
Ө.СОНОР
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин