sonin.mn
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны гуравдугаар шүүх өнгөрсөн сарын 7-ны өдөр Э.Сүрэндуламд холбогдох хэргийг хянан хэлэлцжээ. Ингээд шүүх бүрэлдэхүүн түүнд Эрүүгийн хуулийн 220.2-д (Бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргах, жолоодох эрхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулах) зааснаар 2.1 жилийн хорих ял оноосон байна.
 
Гэхдээ яллагдагчийн ар гэрийнхэн нь шүүх бүрэлдэхүүн нэг талыг барьж, шийтгэх тогтоол үйлдсэн гэж үзээд Дүүргийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргаад байгаа юм байна. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаас илүү “гомдол” ар гэрийнхэнд нь байгаа учраас хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандахаар болсон аж.
 
Тиймээс бид Э.Сүрэндуламын хүү Ч.Баярын хүсэлтийг хүлээн авч, ярилцлаа.
 
-Ээж тань ял эдэлж байгаад харамсаж байна. Гэхдээ бидэнд шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэрийг зөв, буруу гэж дэнслэх эрх байхгүй. Тиймээс хэргийн талаар ярихдаа хэт нэг талыг буруутгалгүй болсон процессын талаар үнэн, зөв ярихыг хичээгээрэй гэж танаас хүсмээр байна?
 
-Надад ч гэсэн нэг талыг барьж, хэн нэгнийг хүчээр буруутгах гэсэн хүсэл сонирхол байхгүй. Арга ядахдаа л хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ханддаг юм байна. Миний ээжтэй холбоотой хэрэгт олон нотлох баримтыг үнэгүйдүүлж, мөнгөтэй хүмүүс ял завшиж байна гэдгийг би биеэрээ мэдэрч, гэрч нь болсон учраас үнэнийг хэлэх хэрэгтэй гэж бодсон юм. Үнэхээр ээжийнхээ нэр усыг “цоллуулаад” олон нийтэд дэлгэхийг хүсэхгүй байгаа ч үүнийг би үнэний төлөө золиос гэж бодож энэ шийдвэрийг гаргасан. 
 
-Тэгвэл хэргийн талаар тодруулаад ярихгүй юу. Та яг ямар гомдолтой байгаа юм бэ?
 
-2014 оны зургадугаар сарын 13-ны өдөр Багануур дүүргийн Их дөтлүүр гэдэг газар “Тээвэр-Ачлал” компа­нийн хот хоорондын зорчигч тээврийн автобус техникийн бүрэн бус байдлаас шалтгаалан онхолдож, дөрвөн хүн бэртсэн харамсалтай хэрэг гарсан. Харин манай ээж “Тээвэр-Ачлал” компанид тээвэр зохицуулагчаар ажилладаг байсан. Техникийн бүрэн бүтэн байдлыг нь хянана гэсэн үг л дээ. Гэвч тухайн осол гардаг өдөр миний ээж ажил дээрээ байгаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн осол гаргасан автобусны техникийн үзлэгийг хийгээгүй гэсэн үг. Учир нь, ээжийн төрсөн дүү Норжмаа гээд эгч маань цус харвасны улмаас Өвөрхангай аймгийн Хархоринд нас барсан. Тиймээс бид зургадугаар сарын 10-ны өдөр санд мэнд Хархорин явсан байсан. Миний ээж явахдаа “Тээвэр-Ачлал” компанийн захирал Д.Баатарнямаас албан ёсоор чөлөө хүссэн өргөдөл бичиж өгсөн. Мөн зургадугаар сарын 12-нд компанийн зүгээс “компанийн ажилчдын буцалтгүй тусламж” гээд ажил явдалд нь зориулан 100 мянган төгрөгийг ээжийн маань дансанд шилжүүлсэн. Ингээд ээжийг байхгүй хооронд хийх ёстой ажлыг нь компанийн менежер Н.Батноргай болон тээвэр зохицуулагч П.Даваажаргал нар хариуцан ажиллаж байсан юм байна лээ. Тэгсэн мөртлөө шүүх хурал дээр хариуцлага хүлээх болохоороо миний ээжийг ажил явдалд яваагүй, ажлаа хийгээд байж байсан мэт хуурамч нотлох баримт бүрдүүлж буруутгасан. Мөн Багануур дүүргийн Цагдаагийн ахмад, мөрдөн байцаагч н.Ууганбаяр гэж хүн хэрэг гарсан өдрөөс эхлээд хэргийн материалдаа нэр ус, он сар нь засвартай, хуурамч материалыг үндэслэн хэргийг прокурорт шилжүүлсэн. Гэтэл  Хяналтын прокурор Ж.Бүрэнжаргал нь дутуу ирүүлсэн материалыг хянаж үзэлгүйгээр шүүхэд хэргийг шилжүүлсэн. Харин Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны гуравдугаар шүүхийн шүүгч А.Бямбажав мөрдөн байцаагч болон прокурорын хуурамч, хагас дутуу нотлох баримтыг сайн нягталж үзээгүй, бидний хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлтийг хүлээн аваагүй. Ингээд л яллах дүгнэлт үйлдчихсэн.
 
-Өвөрхангайд нас барсан дүүгийнхээ ажил явдалд оролцож байсан хүнийг Багануурт гарсан осолд буруутгасан гэж үү. Өвөрхангайд байснаа нотолж чадаагүй юм уу?
 
-“Тээвэр-Ачлал” компани болон манай ээжийг Д.Барсүрэн өмгөөлөгч өмгөөлж байсан. Энэ хүн дээрх хэргийг эхнээс нь өмгөөлсөн. Бид ар гэрийнхэн нь болохоор өмгөөлөгчөөсөө ээжийгээ болон хохирсон иргэдийн байдлыг байнга асууж лавладаг байсан. Тэгэхэд энэ хүн “Та нар санаа зовох хэрэггүй. Танай ээж ямар ч буруугүй. Хэлмэгдчихээд байгаа юм. Битгий сандраад бай. Компани жолооч хоёрын хоорондох асуудал” гэдэг байсан. Мэдээж өмгөөлөгч маань ингэж хэлсэн болохоор бид харьцангуй тайван байлаа. Гэтэл өмгөөлөгчид баймгүй ёс суртахууны зөрчил гаргаж, зөвхөн компанийн талд ажиллаж эхэлсэн байна лээ. Ингээд хэрэг прокурорт шилжсэн даруйд бидэнд “Ээжийн чинь байдал эвгүйдлээ. Та нар өөр өмгөөлөгч ав” гэсэн. Өмгөөлөгч хүн ингэж болохгүй биз дээ. Тэгэхээр нь бид  сандраад Х.Даваахүү гээд өмгөөлөгч авсан. Харин тэр “Нотлох баримтууд хуурамч байна. Он сар өдөрт засвар оруулсан байна. Төрсөн дүүгийнхээ ажил явдалд явсан байна. Компанийн зүгээс ч гэсэн “ХААН” банкаар дамжуулан Э.Сүрэндуламд ажил явдалд зарцуулах мөнгө шилжүүлсэн байна…” гээд олон нотлох баримт бүрдүүлж, хяналтын прокурор Бүрэнжаргалд хүсэлт гаргаж өгсөн. Гэвч прокурор хүсэлтийг авч хэлэлцэхгүй гээд хэргийг шүүхэд шилжүүлсэн. Бид энэ гомдлыг шүүхэд гаргасан ч шүүх бас л авч хэлэлцээгүй, энэ хэргийг маш хурдан шийдчихсэн.
 
 
 
 
 
 
 
 
-Тэгвэл хэрэг гардаг өдөр тээврийн хэрэгслийг хэн шалгаж, зорчигч тээвэрлэх зөвшөөрөл өгсөн юм бэ?
 
-“Тээвэр-Ачлал” компа­нийн менежер Н.Батноргай миний ээжийн ажлыг орлож байсан. Энэ компани Дархан, Багануур гэсэн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг. Дархан тал руу үйлчилгээнд гарсан тээврийн хэрэгсэлд явах зөвшөөрлийг Батноргай, Багануур чиглэлд нь Даваажаргал гарын үсэг зуруулаад автобуснуудыг тээвэрт нь гаргасан байдаг юм билээ. Бас шүүхээр, “Шалгах механикийн буруутай үйл ажиллагааны улмаас энэ осол гарсан” гээд байгаа. Өөрөөр хэлбэл, техник бүрэн бус байсан. Харин хавтаст хэрэгт шинжээчдийн дүгнэлтэд “Жолооч болон механик инженер энэ эвдрэлийг тодорхойлох боломжгүй” гэсэн байдаг. Юу гэвэл, тусгай зориулалтын өргөгчөөр автобусыг өргөж, хиймэл доргилт үүсгэж байж онхолдсон автобусанд гарсан гэмтлийг мэдэх боломжтой байсан юм байна лээ.
 
Нэмж хэлэхэд, тухайн осолдсон автобусны жолооч нь “Тээвэр-Ачлал” компанитай хөдөлмөрийн гэрээгүй ажилладаг байсан. Тэгсэн мөртлөө миний ээжийг ажил үүргээ хийгээгүй, бүх автобуснуудыг үзлэг оношилгоонд хамруулаагүй гээд бас буруутгаад байгаа юм. Гэтэл манай ээж “Ундрал” плаза дээр 2014 оны тавдугаар сарын 18-нд (осол гарахаас сар орчмын өмнө) бүх автобуснуудаа оношилгоонд оруулсан баримт байгаа. Харин тэр осол гаргасан жолооч автобусаа энэ үзлэгт оруулаагүй, өөрөө ирээгүй юм байна лээ. Яагаад гэвэл, энэ хүн компанитай эрх зүйн харилцаагүй буюу хөдөлмөрийн гэрээгүй. Энэ бол нөгөө талаараа хууль бус бизнес. Татвараас зайлсхийсэн үйлдэл гэж би хардаж байгаа. Нэг автобус хүн тээвэрлэж гарахад компанид 50 мянган төгрөгийн шимтгэл төлдөг юм билээ. Ингээд компанийн нэр дээр бус автобусны орлогыг хэн авах уу, захирал л авна биз дээ. Хичнээн автобус ингэж явж захирлын халаасыг зузаатгаж байгаа бол гэхээс илүүтэй дахиад ийм осол гарах вий гэсэн болгоомжлол байна. Миний ээжтэй холбоотой хэргийг түргэн шийдвэрлэсэн нь ч үүнтэй холбоотой байж магадгүй. Шударга өмгөөлөгч, шударга прокурор, шударга мөрдөгч, шударга шүүгч таарсан бол энэ компани л буруутах байсан. Эргээд энэ компанийг шалгасан бол Баатарням буруутаж, түүний хууль бус бизнес, хууль бусаар хүн тээвэрлэж байгаа үйлдэл илрэх байсан. Магадгүй өөр ямар ч бизнес нь илрэх юм билээ. Тааварлашгүй.
 
Би үнэхээр гайхаж байна. Үнэхээр энэ хүн Өвөрхангайн Хархоринд ажил явдалд оролцож байсан эсэхийг нь шүүх яагаад шалгачихаж болохгүй гэж. Хархорины Цагдаагийн хэлтэс рүү ажлын шугамаар харилцаад шалгаж болдоггүй юм байх даа л гэж бодсон. Таван хүүхэдтэй өрх толгойлсон, ядарсан эмэгтэйд ингэж ял тохож болохгүй.
 
-Прокурор таны ээжийг яллах ямар нотолгоо гаргаж ирсэн юм бэ?    
 
-Прокурор “Замын хуудас”-ыг гол нотлох баримтаа болгосон. Замын хуудас гэдэг нь тухайн тээврийн хэрэгслийг тухайн өдөр үйлчилгээнд гарахыг зөвшөөрсөн бичиг л дээ. Тэр замын хуудас дээр миний ээжийн гарын үсэг байдаг. Гэхдээ ээж тэр гарын үсгийг минийх биш гэж хэлсэн. Тиймээс гарын үсэг үнэхээр жинхэнэ үү гэдгийг холбогдох шалгалтын байгууллага нь шалгах байх. Мөн замын хуудас дээр тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар, жолоочийн нэр байх ёстой байдаг. Гэтэл тэр он сар өдөр, жолоочийн нэр, автобусны улсын дугаар зэргийг нь дараад, осол гаргасан жолоочийн нэр, тээврийн хэрэгслийн дугаарыг нь бичсэн байсан. Багануур талыг хариуцсан Х.Даваажаргал гээд би түрүүн хэлсэн. Тэр шүүх хурлын үеэр “2014 оны зургадугаар сарын 12-ны өдөр буюу осол гардгаас нэг хоногийн өмнө “Сүрэндулам надад энэ засвартай хуудсыг өөрийн биеэр өгсөн”” гэж хэлсэн. Шүүх дээр зөвхөн үнэнийг ярина гэж тангараг өргөчихөөд ингэж ярьж болох уу даа. Хаа байсан 350 км-ын цаана ажил явдалд оччихсон, уй гашуу тохиолдсон, өөрийнх нь төрсөн дүү нас бараад хоёрхон хонож байхад ажлаа хийгээд явна гэж яаж ч бодсон байхгүй биз дээ. Гэтэл тийм муухайгаар хүний зовлонгоор жаргал хийж болох уу. Ингэж шүүх байгууллагыг, биднийг доромжилсон энэ үйлдлийн гэмтнүүдийг шударгаар шүүх хэрэгтэй. Холбогдох хүнд нь хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэж би хувь хүнийхээ үүднээс бодож байна.
 
Монголын цагдаа, прокурор шүүх үнэхээр итгэхэд хэцүү болж. Ялангуяа, сум, аймаг жижиг учраас шүүхүүд нь хэн нэг эрх мэдэлтэн, мөнгөтэй хүнтэй хамааралтай байх боломж өндөр байна. Бид нар байгаагүй юм чинь энэ хэрэгт хамаагүй гэж бодож байтал хамаатай болчихдог л юм байна. Шүүх дээр хүртэл захирал нь хүн чанаргүй үйлдэл гаргасан. Юу гэвэл захирал нь “Чөлөө авсан билүү, яалаа би санахгүй байна” гэж байсан. Харин мөнгө шилжүүлсэн менежер ээжийн данс руу ажил явдалд зориулан 100 мянган төгрөг шилжүүлснээ хүлээн зөвшөөрсөн мөртлөө “чөлөө авсан үгүйг нь мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн. Юу гэсэн үг вэ, ажлаа тасалсан хүнийг урамшуулж мөнгө шилжүүлсэн гэсэн үг үү. Ажилтан нь бүтэн тав хоног байхгүй байхад, байгаа үгүйг нь мэдэхгүй царайлаад явж байсан гэсэн үг үү. Ийм хүний үнэргүй байж болохгүй.
 
Эцэст нь хэлэхэд, миний ээж Э.Сүрэндулам гэм буруугүй. Түүний таван хүүхэд ач, зээ болон саяхан бурхан болсон аав маань тэнгэрээс биднийг харж байгаа байх аа. Үнэнийг тогтоож, миний ээжийг үр ач зээ нарт нь эргүүлэн өгнө гэдэгт би итгэж байна. Ард түмэн минь, хүн чанар, хүний мөс чанараа битгий гээгээрэй. Худал хуурмаг, мөнгөний боол болсон дээрх хүмүүс бидэн шиг, миний ээж шиг ядарсан хүмүүсийг дахин бүү хэлмэгдүүлж гүтгээсэй гэж бодож байна.
 
Б.ШИРНЭН
 
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин