sonin.mn
 Онцгой байдлын ерөнхий газрын ОНХХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Дуламсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Ой хээрийн түймрийн нөхцөл байдал өнөөдрийн байдлаар ямар байна вэ. Он гарсаар иргэд түймрийн аюулд нэлээд өртлөө шүү дээ?
 
-Өнгөрсөн өвөл манай улсын нийт нутаг дэвсгэрээр өвөлжилт өнтэй сайхан байсан. Цас бага орж эрт дулаарсан болохоор нутгийн ихэнх хэсэг үндсэндээ гурван сарын 15 гэхэд цасан бүрхүүлээсээ салсан. Дулаарал, хуурайшилтын нэн аюултай зэрэглэлд ой хээрийн түймэр хамгийн их гардаг. Ийм бүс нутагт Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймгийн хойд хэсэг болон зүүн талын Сүхбаатар, Дорнод аймгийн сумууд хамардаг. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ жил түймэр гарах нь их байна. 2015 он гарсаар одоогийн байдлаар 117 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Дорнод аймгийн Булган суманд гарсан түймэрт тус аймгийн онцгой байдлын албан хаагчид, сум орон нутгийн иргэд нийтдээ 60 гаруй хүн ажиллаж байна. Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд дөрөвдүгээр сарын 29-ний өдөр түймэр гарлаа. Энд аймгийн онцгой байдлын болон аврах тусгай ангийн арав, Зэвсэгт хүчний ангийн 70 гаруй албан хаагч нийт 400 гаруй хүн ажилласан. Уг түймрийн улмаас хоёр малчин бага зэрэг хайрагдсан. Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар зэрэг аймагт гарсан галыг бүрэн унтраахаар иргэд болон албан хаагчид ажиллаж байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэд гарсан түймэр хөвч тайгад гарсан учраас гал унтраах ангийнхан 80-90 км явж очлоо. Очихдоо шууд шулуун замаар явахгүй шүү дээ. Машин техник явж хүрэх боломжгүй учраас мориор явах зэрэг хүндрэл бэрхшээл манай албан хаагчдад цөөнгүй тохиолдсон.
 
-Түймрийн шалтгаан нөхцөл юунаас болж байна. Иргэдийн анхаарал, болгоомжгүй байдлаас болж гарсан түймэр хэдэн хувийг эзэлдэг вэ?
 
-Түймрийн гарсан шалтгаан, эзэн холбогдогчийг тогтооход цагдаагийн байгууллага ажиллаж байна. Ой хээрийн түймэр гарах нь хүний үйл ажиллагаанаас гадна өөр ч шалтгаан бий. Энэ нь хур бороотой үед аянга цахилгаан бууснаас үүдээд түймэр гарах магадлалтай. Мөн хэт хуурайшаад нэн аюултай зэрэглэлд байгаа ой хөвчийн мод хавиралдсанаас гал гардаг ховорхон тохиолдол бий. Ер нь гарч буй галын 90 гаруй хувь нь иргэдийн санамсар, болгоомжгүй үйлдлээс гарч байна. Тухайлбал, үнс нурмаа ил задгай асгах, татсан тамхины иш, шүдэнзний галаа унтраалгүй хаях зэргээс гал гардаг. Хуурайшилт өндөртэй байгаатай холбоотойгоор нийслэлд нэлээд гал гарлаа. Өнгөрсөн долоо хоногт ирсэн дуудлагаас харж байхад ихэвчлэн хашааныхаа өвсийг цэвэрлэх нэрийдлээр өвс, хогоо шатааснаас болж гал гарсан. Цаг агаар дулаарч байгаа учраас амралтын өдрүүдэд иргэд амралт зугаалгад ихээр явж байна. Тиймээс хуурайшилттай үед буюу гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10-ныг хүртэл Улсын хэмжээнд ногоон бүсээр аялах, аялал зугаалга зохион байгуулах, зорчихыг хатуу хориглосон гэдгийг иргэддээ дахин анхааруулъя.
 
-Хил дамнасан түймэр олон хоног үргэлжиллээ. Одоогоор ямар байдалтай байгаа вэ?
 
-Сүүлийн жилүүдэд хил дамнасан ой хээрийн түймэр өмнөх жилүүдийг бодвол буурсан. Хятадтай хиллэдэг Дорнод, Сүхбаатар аймаг ой мод ихтэй учраас хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж түймэр гарах нь элбэг байдаг. Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр / дөрөвдүгээр сарын 30-нд/ Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Лонхот хэмээх газарт хил дамнан орж ирсэн түймрийг унтраах зорилгоор 26 км цурам тавьсан ч түймэр бүрэн унтраагүй байна. Түймэр Баян-Адарга сумын нутгаас Ангирт багийн Хараатын уул орчмоор тархаж, 2800 га холимог ой, найман хашаа саравч, 10 толгой мал шатсан бол Ангирт багийн ой мод түймэрт бүрэн өртжээ. Норовлин суманд баасан гаригийн байдлаар ОХУ-аас хил дамнан орж ирсэн түймэр 14 хоногтоо үргэлжлэн асч, сумын хойд хэсэгт 44 мянган га талбай шатаад байгаа. Энэ түймэр нь Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас орж ирсэн бөгөөд Дадал сумын нутгаар дамжин Онон голыг давж голын зүүн биед тархан Норовлин сум, Дорнод аймгийн Баян-Уул сумын нутгийг хамраад байгаа юм. Түймрийг унтраахаар 32 авто машин, 290 хүн тасралтгүй ажиллаж байна.
 
-Түймрийн хор уршгийг арилгах зардлыг шийдвэрлэсэн гэсэн. Энэ талаар тодруулна уу?
 
-Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан түймрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авч байна. Түймэрт өртөн орон гэргүй болсон 44 өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэр, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай албаны болон эмнэлгийн тусламжийн УАЗ-22069, УАЗ-31512 маркийн есөн автомашиныг улсын нөөцөөс олгосон. Мөн түймэрт өртсөн малчин, мал бүхий иргэдэд Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Ховд аймгийн Булган, Төв аймгийн Бүрэн, Булган аймгийн Булган сум дахь улсын нөөцийн цэг, салбаруудад хадгалагдаж байгаа 730 тн өвсийг үнэгүй олгохоор шийдвэрлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн шийдвэрээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, галын зурвас татах зориулалтаар Зэвсэгт хүчний жанжин штабын мэдэлд байсан “БМП” маркийн байлдааны зургаан автомашиныг зэвсэглэмжгүйгээр Онцгой байдлын ерөнхий газарт шилжүүлсэн. Эдгээрийн зардалд шаардагдах 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон юм. Түүнчлэн ой, хээрийн түймрийн голомтод ажиллаж байгаа Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдад галын аюулгүй хучлага, үлээгч аппарат, үүргэвчин ус шүршигч (РЛО), хамгаалалтын нүдний шил худалдан авахад шаардагдах 600 сая төгрөгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулан шийдвэрлүүлэв. Түймрийн хор уршгийг арилгах зардалд нийт 1.8 тэрбум төгрөгийг шийдвэрлэж өгсөн.
 
-Энэ сард хур тунадас багагүй орох төлөвтэй байна. Түймрийн эрсдэлтэй бүс нутагт хур тунадас хэр байх бол?
 
-Төв аймаг болон Хэнтий, Дорнод аймагт хур тунадас ороод хуурайшилт арай багасч байх шиг байна. Сүхбаатар аймагт хур тунадас ороогүй. Цаг уурын байгууллагаас ирсэн мэдээгээр өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш төв болон зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орох төлөвтэй. Салхи ихэнх хугацаанд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Туул, Тэрэлж, Онон, Халх голын саваар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө гурван хэм хүйтнээс хоёр хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
 
-Цаг агаар дулаарч борооны улирал ирлээ. Нийслэл хотод үерийн аюултай бүсэд суурьшиж буй хэчнээн айл байдаг вэ?
 
-Улаанбаатар хот нь Богдхан, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан уулын дунд тэдгээрээс эх авсан 25 томоохон хуурай сайрууд болон Туул, Сэлбэ, Улиастай, Толгойтын голын бэлчирт байршилтай тул үер усны аюулд өртөх магадлал өндөр, уруйн үерийн эрсдэл ихтэй бүсэд багтдаг. Голын үерт 50-100 жилд нэг удаа өртөж байсан түүхтэй бөгөөд өнгөрсөн онд хур тунадас олон жилийн дунджаас их орсон усархаг жилүүд эхэлсэн. Мөн сүүлийн жилүүдэд хотын хүн ам өсч, барилгажилтын нягтрал ихсэхийн зэрэгцээ уруйн үерийн давтамж, хур борооны эрч хүч, сүйтгэл, хамрах талбайн хэмжээ улам нэмэгдэж байна. Гэтэл хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд үерт өртөх эрсдэлтэй гол, сайр, жалга судгийн дагуу суурьшсан нь үерийн аюулын эрсдэлийг нэмэгдүүлсээр юм. Нийслэлд үерт шууд өртөх аюултай бүсэд суурьшсан 3000 орчим айл өрх байгаагийн 70 хувь нь газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй айл өрхүүд гэсэн судалгаа манайд ирсэн байдаг. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдөө аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Энэ сарын дундуур дуу цахилгаантай бороо орох төлөв ажиглагдсан. Энэ үеэр хүчтэй салхи дэгдэх магадлалтай учраас айл өрхүүд өөрийнхөө гэрийн даруулга, хүндрүүлэгчээ сайжруулах шаардлагатай.
 
-Саяхан орсон борооноор танайд хэчнээн дуудлага ирэв?
 
-Зөвхөн нийслэл хотын хэмжээнд энэ сарын 30-ны өдрийн байдлаар гурван дуудлага ирсэн. Өнгөрсөн сарын эхээр орсон цасан шуурганаар нэлээд дуудлага ирж, яаралтай тусламж цаг алдалгүй үзүүлсэн. Иргэд үерийн аюултай бүсэд оршин суудгаа мэддэг хэдий ч өөр амьдрах газаргүйгээс тэр газраасаа нүүж чаддаггүй. Байгалийн үзэгдлийг хэн ч өмнөөс урьдчилан тааж, мэдэх боломжгүй. Иргэд дор бүрнээ л сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.
 
-Энэ он гарсаар усны ослоор амь насаа алдсан иргэн бий юү?
 
-Он гарсаар усны ослоор арван иргэн амь насаа алдсаны хоёр нь бага насны хүүхэд байсан. Энэ бол их тоо шүү дээ. Өчигдөр л гэхэд /өнгөрсөн пүрэв гариг/” “Автомашинтайгаа “Туул” голд ороод урсах гээд байна. Өөрсдөө автомашин дээрээ гарч зогсоод байж байна” гэсэн дуудлагын дагуу очсон. Иргэд зам товчилж хугацаа хожих нэрийдлээр гарам, гарцгүй газраар явж өөрсдийгөө аюулд оруулах тохиолдол цөөнгүй гарч байна.
 
-Сүүлийн үед газар хөдлөлтийн чичирхийлэлтийн тоо, давтамж ойртсоор байна. Энэ талд танай байгууллагаас ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
 
-Өнгөрсөн онд Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах төслийг бүрэн хэрэгжүүлж, удирдлагын төв, хөдөлгөөнт удирдлагын автомашин болон таван FМ радио, гурван телевиз, 60 дуут цамхаг, орон нутагт газар хөдлөлтийн чичирхийллийг мэдрэх, мэдээллийг дамжуулах станцууд бүхий сүлжээг ашиглалтад хүлээн авсан. Уг систем нь иргэдэд үүрэн холбоо, телевиз, радио, ФМ, дуут дохио, мэдээллийн самбараар гамшгийн талаарх мэдээллийг 3-5 секундын дотор хүргэхээс гадна улс орны онц чухал обьектуудад аюулт үзэгдэл, ослоос сэргийлэх, сэрэмжлүүлэх дохиог хүргэх бөгөөд энэ системийг ашиглан гамшгийн үед шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой юм. Болзошгүй газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр Хэнтий, Булган аймаг, Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүрэгт гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, Говь-Алтай, Сүхбаатар, Төв, аймаг, Хан-Уул дүүрэгт гамшгаас хамгаалах команд-штабын дадлага сургуулийг зохион байгуулж нийт 4.082 хүн, 214 техник хэрэгсэл оролцсон. Нийслэлд барьж буй барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэх байдал, чанарыг шалгах үзлэг шалгалтын үр дүнд үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгах, дахин төлөвлөлтөд оруулах ажлыг эхлүүлж, Хан-Уул, Баянгол дүүрэгт 20 гаруй барилгыг дахин төлөвлөж, гүйцэтгэгчийг сонгож байгаа. Мөн нийслэлд орон сууц, олон нийтийн зориулалттай 3000 гаруй барилга байгаагаас 328 барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэх байдал, чанарыг шалгах үзлэг шалгалт хийж, 856 барилгын байдалд дүгнэлт гарган паспортжуулж, мэдээллийн санд оруулсан. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байна. Газар хөдлөлтийн аюул бол Монгол орны хувьд үндэсний аюулгүй байдалд сөргөөр хүчтэй нөлөөлж болзошгүй аюул юм. Тухайлбал, нийслэлийн орчимд Эмээлтийн бүсэд энэ он гарсаар газар хөдлөлтийн чичирхийлэл 107 удаа бүртггэгджээ. Мөн Гүнтийн даваа орчимд газар хөдлөлтийн шинэ идэвхжил ажиглагдаж эхэлсэн бөгөөд он гарсаар 35 удаа газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн нь Монгол Улсад газар хөдлөлтийн чичирхийллийн тоо, давтамж ойртсоор байгааг харуулж байгаа юм.
 
Эх сурвалж: