sonin.mn
Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлыг багаас нь зөв хэвшүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2015” тэмцээнийг өнөөдөр амжилттай зохион явууллаа.
Энэ жилийн тэмцээн нь Нэгдсэн үндэстний байгууллагаас зарлан тунхагласан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үйл ажиллагааны 10 жил”-ийн ажлын хүрээнд 3 дахь жилдээ “Хүүхэд ба Замын аюулгүй байдал” сэдвийн дор дэлхий даяар явагдах гэж байгаа аянтай давхцаж байгаагаараа онцлогтой байсан бөгөөд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Dream box” телевиз, Монголын улаан загалмай нийгэмлэг, JCI Монгол, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага хамтран зохион байгуулсан юм.
Энэ удаагийн тэмцээнд нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 10 багийн багачууд мэдлэг, авъяас, хурд, хүч, авхаалж самбаагаа сорин оролцсоноос Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн “Сонор” баг 1 дүгээр байр, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэгийн “Сонор” баг 2 дугаар байр, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн “Зохицуулагч” баг 3 дугаар байрыг, Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн “Шонхор” баг тусгай байрыг тус тус эзэллээ.