sonin.mn
 
Өнгөрсөн нэгдүгээр сард хулгайн хэрэгт шалгагдаж байсан П.Батсүх гэгч этгээд мөрдөн байцаагчийнхаа өрөөний цонхоор орж, сейфийг эвдэн өөрт холбогдох 22 хавтас хэргийг хулгайлж, шатааж устгасан хэрэг гарч байсан тухай бид мэдээлж байсан. Уг этгээд 12 аймаг, есөн дүүрэг дамжин хулгай хийж, 44 үйлдлээр бусдад 300 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байхдаа хэргээс мултрах гэж өөрт холбогдох хэргийн материалыг шатааж байсан юм.
 
Тиймээс түүний залилан, хулгайн хэрэг дээр баримт шатаасан хэрэг нэмэгдсэн. Түүнд холбогдох хэрэг уржигдар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хэлэлцэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 234.2, 245.1-д заасан зүйлээр яллаж, гурван жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 
 
Мөн гэмт этгээдэд холбогдолтой хулгай, залилангийн үндсэн хэрэг нь дүүргийн хоёрдугаар прокурорын газрын хяналтад байгаа бөгөөд Дүүргийн хоёрдугаар шүүхээр хэлэлцэж ял ногдуулах юм. Өөрөөр хэлбэл, П.Батсүх дээрх гурван жилийн ял дээрээ Эрүүгийн хуулийн 145.4-д зааснаар 15 жил хорих ялаар нэмж шийтгүүлэх юм байна. 
 
Эх сурвалж: